Монгол Улсын Үнэт цаасны тухай хууль

From Wikisource
Jump to navigation Jump to search
Монгол Улсын Үнэт цаасны тухай хууль  (1994) 

Энэ хуулийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн ашиглах зорилгоор энэ хуульд заасан үнэт цаас гаргах, худалдах, арилжих, хадгалах, түүний төлбөр, тооцоог хийх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч бусад этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Үнэт цаасны тухай хууль тогтоомж

Үнэт цаасны тухай хууль тогтоомж нь энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Энэ хуульд:

1/"үнэт цаас" гэж хувьцаат компанид хөрөнгө оруулж, ногдол ашиг авах болон саналын эрхтэйг гэрчилсэн хувьцаа, эрх бүхий байгууллагаас гаргасан 1-ээс дээш жилийн хугацаатай зээллэгээ, Засгийн газрын өрийн бичиг, түүнчлэн Үнэт цаасны хороо / цаашид "Хороо" гэх/ -ноос энэ хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг;

2/"биет үнэт цаас" гэж тогтоосон журмын дагуу биет байдлаар хэвлэсэн үнэт цаасыг, "биет бус үнэт цаас" гэж тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тусгай бүртгэл /ердийн болон тооцоолох машин/-д байгаа үнэт цаасыг;

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/"үнэт цаас гаргагч" гэж үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх, тодорхой төсөл хэрэгжүүлэх болон санхүүгийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардагдах хуримтлалыг бий болгох зорилгоор үнэт цаас гаргасан болон гаргаж байгаа хуулийн этгээдийг;

4/"үнэт цаасны зах зээл" гэж үнэт цаас гаргагчаас шууд, эсхүл андеррайтераар дамжуулан үнэт цаасаа худалдах анхдагч зах зээл болон гүйлгээнд гарсан үнэт цаасыг дахин худалдах, арилжих хоёрдогч зах зээлийг;

5/"андеррайтер" гэж үнэт цаас гаргагчаас шинээр гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг буюу түүний тодорхой хэсгийг худалдан авч, ашиг олох зорилгоор бусдад худалдах, эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь бусдад худалдах, арилжих үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг ;

6/"дилер" гэж үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авч ашиг олох зорилгоор бусдад худалдах, арилжих үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг;

7/"брокер" гэж үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр үнэт цаасыг зуучлан худалдах, арилжих үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг;

8/"нийтэд санал болгох" гэж үнэт цаас гаргагчаас үнэт цаасыг нь худалдан авахыг 2О болон түүнээс дээш тооны этгээдэд хандан тогтоосон журмын дагуу санал болгож таниулахыг;

9/"тендер санал гаргах" гэж аль нэг компанийн тодорхой хувьцааны тогтоосон хувийг худалдан авах саналаа зохих журмын дагуу нийтэд зарлахыг;

10/"дотоод мэдээлэл" гэж нийтэд тараагдаагүй бөгөөд үнэт цаасны зах зээлийн ханшинд нөлөөлж болох мэдээллийг;

11/"дотоод мэдээллийг эзэмшигч" гэж үнэт цаасаа гаргаж байгаа компанийн удирдлага болон тухайн компанийн гаргасан үнэт цаасны 1О-аас доошгүй хувийг / багц/ эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, түүнчлэн дотоод мэдээллийг мэдэж байгаа бусад этгээдийг;

12/"хөрөнгийн бирж" гэж үнэт цаасны худалдаа, арилжаа, түүнтэй холбоотой үйлчилгээ явуулах зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;

/Энэ заалтад 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13/"үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа" гэж үнэт цаасны худалдаа, арилжааны төлбөр тооцоог хийх, үнэт цаас өмчлөх эрх бусдад шилжсэнийг дансны бичилтийн хэлбэрээр бүртгэх ашгийн төлөө бус үйлчилгээ эрхлэхийг;

14/"үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа" гэж үнэт цаасыг биет болон биет бус хэлбэрээр хадгалах ашгийн төлөө бус үйлчилгээ эрхлэхийг;

15/"хөрөнгө оруулалтын сан" гэж өөрийн үнэт цаасыг нийтэд гаргах замаар хөрөнгө оруулагчдын хөрөнгийг төвлөрүүлж, үнэт цаас худалдан авах, худалдах үйл ажиллагаа дагнан эрхэлдэг компанийг тус тус хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Үнэт цаас гаргах, худалдах, арилжих[edit]

4 дүгээр зүйл. Үнэт цаас гаргах этгээд

Дараахь этгээд үнэт цаас гаргаж болно:

1/Засгийн газар, түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрснөөр аймаг, нийслэлийн Засаг дарга;

2/Монгол Улсын хуулийн этгээд болох компани.

5 дугаар зүйл.Үнэт цаасны бүрдүүлбэр

Үнэт цаас нь дараахь бүрдүүлбэртэй байна:

1/үнэт цаасны нэр, төрөл;

2/үнэт цаас гаргагчийн нэр;

3/үнэт цаасны нэрлэсэн үнэ;

4/үнэт цаасаар хуримтлуулсан мөнгийг зарцуулах зориулалт;

5/үнэт цаасаар олох ашиг, хүү авах нөхцөл;

6/төлбөр хийх болзол зэрэг бусад нөхцөл.

6 дугаар зүйл.Компани үнэт цаас гаргаж нийтэд санал болгон худалдах

1.Компани нь үнэт цаасыг нийтэд, эсхүл нийтэд санал болгохгүйгээр цөөн тооны этгээдэд худалдахаар гаргана.

2.Үнэт цаасыг нийтэд санал болгож худалдахаар гаргахдаа Хорооноос зөвшөөрөл авна. Нийтэд санал болгохгүй үнэт цаас гаргахад энэ журам хамаарахгүй.

3.Үнэт цаас гаргагч зөвшөөрөл авахдаа өргөдөл, тогтоосон журамд заасан бусад баримт бичгийг хороонд ирүүлнэ.

4.Үнэт цаасыг гаргаж нийтэд санал болгох тухай өргөдөл дараахь зүйлээс бүрдэнэ:

1/үнэт цаас гаргагч болон андеррайтерийн оноосон нэр, хаяг, орших газар, тэдгээрийн эрх барих байгууллагын гишүүдийн нэрсийн жагсаалт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2/нягтлан бодох бүртгэл, хяналтын итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл, ашиг / алдагдал/ -ийн тайлан / нэгээс дээш жил ажилласан бол/ ;

3/гаргах үнэт цаасны нэр, төрөл, тоо хэмжээ, нэрлэсэн үнэ, гаргах хугацаа, загвар;

4/үнэт цаас гаргагчийн хөрөнгийн хэмжээ, санхүүгийн чадавхийн талаарх баримт, бусадтай байгуулсан томоохон гэрээ, хэлцлүүд, үнэт цаас гаргах эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо.

5.Хороонд ирүүлэх өргөдөл, баримт бичиг нь тухайн компанийн эрх барих байгууллагаар батламжлагдсан байна.

6.Хороо өргөдөл баримт бичгийг бүрэн хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор үнэт цаас гаргаж нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан шийдвэрийн аль нэгийг гаргана.

7.Үнэт цаас гаргагч нийтэд санал болгосон үнэт цаасаа анхдагч зах зээлд шууд худалдах буюу эсхүл андеррайтерт худалдаж болно.

8.Үнэт цаас гаргагч үнэт цаасны зуучлагчаа өөрөө олох үүрэгтэй.

9.Үнэт цаас худалдан авагч нь өөрийн хөрөнгөөр, эсхүл банкнаас авсан зээлийн хөрөнгөөр уг үнэт цаасыг худалдан авна. Банкны зээлээр үнэт цаас худалдан авах журмыг Хороо тогтооно.

10.Үнэт цаасыг зээлээр худалдахыг хориглоно.

11.Үнэт цаас гаргагч нэгэнт худалдсан үнэт цаасаа эргүүлэн худалдан авах үүрэг хүлээхгүй.

12.Үнэт цаас гаргагч үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг түүний зориулалтаар захиран зарцуулна.

13.Үнэт цаас гаргагчаас Хороонд ирүүлсэн өргөдөл, баримт бичгийн үнэн зөвийг тэдгээрийг гаргасан, бэлтгэсэн мэргэжлийн хүмүүс хариуцна.

14.Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 -т заасан зөрчлөөс учирсан хохирлыг тухайн үнэт цаас гаргах өргөдөлд болон бусад холбогдох баримтад гарын үсгээ зурсан этгээд гэрээнд заасны дагуу хариуцна.

7 дугаар зүйл.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга үнэт цаас гаргаж нийтэд санал болгон худалдах

1.Засгийн газар Улсын Их Хурлын зөвшөөрлөөр; аймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газрын зөвшөөрлийг үндэслэсэн Сангийн сайдын баталгаатайгаар тус тус үнэт цаас гаргаж нийтэд санал болгон худалдаж болно.

2.Засгийн газар; аймаг, нийслэлийн Засаг дарга үнэт цаас гаргаж нийтэд санал болгон худалдахдаа энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2, З дахь хэсэг, 4 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, 5, 6, 1З, 14 дэх хэсэгт зааснаас бусад заалтыг баримтална.

8 дугаар зүйл.Тендер санал

1.Тендер саналыг энэ хууль болон түүнд нийцүүлэн Хорооноос тогтоосон журмын дагуу гаргана.

2.Тендер санал гаргахыг хүссэн этгээд энэ тухайгаа тогтоосон хугацаанд Хороонд мэдэгдэнэ. Хороо уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд шийдвэр гаргах хүртэл хугацаанд тухайн компанитай холбогдсон өөр тендер санал хүлээн авахгүй.

3.Тендер саналыг нийтэд зарлах, сурталчлах, тендер саналыг өөрчлөхдөө Хорооноос тогтоосон журмыг баримтална.

4.Тендер санал нь түүнийг гаргахыг Хороо зөвшөөрснөөс хойш 45 хоногоос доошгүй хугацаанд хүчинтэй байна.

5.Тендер саналын дагуу үнэт цаасаа худалдахыг зөвшөөрсөн этгээд тендер санал хүчинтэй байх хугацаанд саналаа буцааж авах эрхтэй.

6.Тендер санал гаргах үед уг саналтай холбогд сон он үйл ажиллагааг зохицуулах журмыг Хороо тогтооно.

7.Тендер санал гаргасан үед үнэт цаас худалдах үнийг тендер зарлагчийн тухайн үнэт цаасыг сүүлийн 12 сард худалдаж авсан хамгийн дээд үнэ болон уг саналыг зарлахаас өмнөх 30 хоногийн худалдаа, арилжааны дундаж үнэ хоёрын аль өндрөөр нь тогтооно.

8.Үнэт цаас гаргагч тендер саналтай холбогдсон мэдээллийг сонирхогч бүх этгээдэд нэг адил хүргэх үүрэгтэй. Тодорхой шалтгаанаар нэг буюу хэсэг санал гаргагчдад тусгайлан өгсөн мэдээллийг бусад санал гаргагчдад нэгэн адил хүргэнэ.

9 дүгээр зүйл.Үнэт цаас өмчлөгчийн үүрэг

1.Аль нэг компанийн гаргасан нийт хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг шууд болон шууд бусаар өмчилсөн этгээд ийнхүү өмчлөх эрх үүссэн өдрөөс хойш 5 хоногийн дотор Хороонд мэдэгдэх үүрэгтэй.

2.Аль нэг компанийн гаргасан нийт хувьцааны 2О-иос илүү хувийг шууд болон шууд бусаар өмчлөхийг хүссэн этгээд энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу тендер санал гаргах үүрэгтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд, тэдгээрийн бүрэн эрх[edit]

10 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд

Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд нь андеррайтер, брокер, дилер, хөрөнгийн бирж, түүнчлэн үнэт цаасны төлбөр тооцооны болон хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, хөрөнгө оруулалтын сан байна.

11 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдэд зөвшөөрөл олгох

1.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан этгээдэд үнэт цаасны зах зээлд оролцож үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тогтоосон журмын дагуу Хороо олгоно.

2.Хөрөнгийн биржийн болон үнэт цаасны төлбөр тооцооны, мөн хадгаламжийн үйл ажиллагааг нэг байгууллага хавсран эрхэлж буюу хэд хэдэн байгууллага дагнан гүйцэтгэж болно.

3.Хөрөнгийн биржийн болон үнэт цаасны төлбөр тооцооны, мөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх, түүнчлэн брокер, дилер, андеррайтераар ажиллахыг хүссэн этгээд энэ тухай хүсэлтээ хороонд бичгээр гаргана. Хороо хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд болон үнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэг

Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд болон үнэт цаас гаргагч дараахь нийтлэг үүрэгтэй байна:

1/үнэт цаасны гүйлгээний талаарх мэдээ тайланг холбогдох аргачлал маягтын дагуу хийж, тогтоосон хугацаанд Хороонд өгч байх;

2/санхүү, аж ахуйн үйл ажиллагааны хагас жилийн тайлан тэнцлийн болон нягтлан бодох бүртгэлийн хөндлөнгийн байгууллагаар хяналт шалгалт хийлгэсэн жилийн тайлан тэнцлийн хураангуйг тус тус хэвлэн нийтэлж байх;

3/үнэт цаастай холбогдсон үнэн зөв мэдээллийг сонирхогч этгээдэд шуурхай хүргэх;

4/үнэт цаасны гүйлгээг үнэнч шударга, ил тод хийх.

13 дугаар зүйл.Хөрөнгийн биржид тавигдах шаардлага

1.Хөрөнгийн биржийн дүрмийн санг зөвхөн Хорооноос үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон брокер, дилер, андеррайтер болон Засгийн газар бүрдүүлнэ.

2.Биржийн эрх барих байгууллага болох төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-иас доошгүй хувь нь үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагч байна.

3.Хөрөнгийн бирж нь үнэт цаасны худалдааг зохион байгуулахдаа дараахь шаардлагыг баримтална:

1/үнэт цаасыг худалдахад хамгийн бага үнээс, худалдан авахад хамгийн өндөр үнээс эхлэх;

2/үнэт цаасыг худалдах, худалдан авахад саналын үнэ тэнцсэн тохиолдолд захиалгын дарааллыг чанд баримтлах.

14 дүгээр зүйл.Хөрөнгийн биржийн эрх, үүрэг

Хөрөнгийн бирж энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

1/Хорооноос хориглоогүй үнэт цаасыг худалдах, арилжих;

2/Хорооны зөвшөөрлөөр, эрх хэмжээнийхээ дотор журам гаргах;

3/өөрийн бирж дээр худалдаа, арилжаа явуулах зөвшөөрлийг брокер, дилерт олгох.

15 дугаар зүйл.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн эрх, үүрэг

Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэгч этгээд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

1/Хорооны зөвшөөрлөөр, эрх хэмжээнийхээ дотор журам гаргах;

2/үнэт цаасны төлбөр тооцоо хийх гэрээг харилцагч тус бүртэй байгуулах;

3/зөвхөн хөрөнгийн бирж дээр хийгдсэн үнэт цаасны гүйлгээний төлбөр, тооцоог хийх;

4/үнэт цаас өмчлөх эрх шилжсэнийг тооцох.

16 дугаар зүйл.Үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн эрх, үүрэг

Үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй:

1/үнэт цаас өмчлөгчийг болон өмчлөх эрх шилжсэнийг бүртгэх;

2/хадгалагдаж байгаа үнэт цаасны бүрэн бүтэн байдлыг хариуцах.

17 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сан

1.Хөрөнгө оруулалтын сан нь нээлттэй, хаалттай гэсэн хэлбэртэй байна:

1/хөрөнгө оруулалтын нээлттэй сан гэж үнэт цаасаа бусдад худалдахаар байнга санал болгож, хэрэгцээний хэмжээгээр гаргадаг болон үнэт цаасаа эргүүлэн худалдан авах үүрэг бүхий компанийг хэлнэ;

2/хөрөнгө оруулалтын хаалттай сан гэж хувь нийлүүлэгчдийн тогтоосон тоо хэмжээнд үнэт цаас гаргаж худалддаг компанийг хэлнэ.

2.Хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд дараахь зүйлийг заана:

1/нээлттэй сангийн үйл ажиллагаанаас олох цэвэр орлогыг тодорхойлох, хувьцаа өмчлөгч хувьцаагаа санд буцааж худалдахад түүнд төлөх төлбөрийн хэмжээг тогтоох журам;

2/нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хяналт шалгалт болон мэдээлэл, тайлан гаргахад тавих шаардлага;

3/хорооноос хориглоогүй үнэт цаасыг худалдах, арилжих журам.

3.Хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа өмчлөгчдийн хурлыг нийт хувьцаа өмчлөгчдийн 25 хувиас доошгүй нь оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ.

18 дугаар зүйл. Андеррайтерийн үүрэг

Андеррайтер энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна үнэт цаас гаргаж нийтэд санал болгох тухай өргөдөлд тусгагдсан болон түүнд хавсрагдсан баримт мэдээллийн үнэн зөвийг хянах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага[edit]

19 дүгээр зүйл.Хороо, түүнийг байгуулах

1.Хороо нь үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага мөн.

2.Хороо 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хорооны даргад Ерөнхий сайд, гишүүдэд Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр 1 хүнийг, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо үлдэх 2 хүнийг тус тус санал болгож, Улсын Их Хурлаас томилно. Байнгын хорооны санал болгох 2 гишүүн нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан компаниудын ашиг сонирхлыг төлөөлсөн байна.

3.Хорооны дарга орон тооны, гишүүд орон тооны бус байна.

4.Төрийн албаны тухай хуульд заасан халах, чөлөөлөх, огцруулах үндэслэл байвал Хорооны дарга, гишүүдийг анх санал болгосон байгууллага, албан тушаалтан уг асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

5.Хорооны дүрмийг Улсын Их Хурал батална.

6.Хороо ажлын албатай байх бөгөөд улсын төсвөөс санхүүжнэ.

7.Хорооны дүрэмд заасан журмаар орон тооны бус гишүүдэд урамшил олгож болно.

20 дугаар зүйл.Хорооны бүрэн эрх

Хороо нь дараахь бүрэн эрхтэй байна:

1/үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулахтай холбоотой дор дурдсан асуудлаар эрх хэмжээнийхээ дотор зохих журам гаргах:

а/нийтэд санал болгож гаргах үнэт цаасны талаар Хороонд ирүүлэх баримт бичгийн тухай;

б/тендер санал гаргах, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулах тухай;

в/хөрөнгийн биржийн, үнэт цаасны төлбөр тооцооны болон хадгаламжийн байгууллага байгуулах, тэдгээрт болон брокер, дилер, андеррайтерт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, түүнийг цуцлах тухай;

г/үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогч этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийх тухай;

д/хуульд заасан бусад асуудал.

2/үнэт цаасны зах зээл дээр худалдахаар зөвшөөрсөн бүх үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;

3/үнэт цаасны холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн тайлан мэдээний болон бусад маягтыг баталж мөрдүүлэх;

4/зохих шаардлагыг хангасан брокер, дилер, андеррайтер, хөрөнгийн бирж, үнэт цаасны төлбөр тооцооны болон хадгаламжийн байгууллагад үнэт цаасны холбогдолтой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;

5/үнэт цаасны тухай хууль тогтоомж болон өөрийн шийдвэрийн биелэлтийг хянан шалгаж, эрх хэмжээнийхээ дагуу зохих арга хэмжээ авах;

6/хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс зөрчилтэй гэж ул үндэстэйгээр сэжиглэгдсэн үнэт цаасны худалдааг түр зогсоож, шалгуулах, зөрчилтэй нь нотлогдвол түүнийг хориглох, жагсаалтаас хасах, тодорхой хугацаагаар төлбөр тооцоог нь зогсоох;

7/брокер, дилер, андеррайтер, хөрөнгийн биржээс тогтоосон үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох буюу зохих этгээдэд олгосон зөвшөөрлөө цуцлах, энэ тухайгаа нийтэд зарлах;

8/үнэт цаасны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, гомдлын дагуу зохих арга хэмжээ авах;

9/үнэт цаас гаргагчийн тайлан тэнцэл, санхүүгийн бусад баримтыг хорооноос тодорхойлсон нягтлан бодох бүртгэл, хяналтын итгэмжлэгдсэн байгууллагаар шалгуулан баталгаажуулахыг шаардах;

10/хөрөнгийн бирж, үнэт цаасны төлбөр тооцооны болон хадгаламжийн байгууллагын захирлыг сонгох / томилох/ , чөлөөлөхөд хувь нийлүүлэгчидтэй зөвшилцөх, шаардлагатай гэж үзвэл түүнийг өөрчлөх тухай асуудлыг хувь нийлүүлэгчдэд тавих;

11/хууль бус үйл ажиллагааны улмаас төрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай, түүнчлэн эрхийн чадамжгүй этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор түүний нэрийн өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах.

ТАВДУГААР БҮЛЭГ. Үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага[edit]

21 дүгээр зүйл.Үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдэд хориглох үйл ажиллагаа

Үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдэд дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/үнэт цаасны шууд буюу шууд бус худалдаа хийх, үнэт цаасыг гаргаж нийтэд худалдахаар санал болгох явцад холбогдох этгээдийг болон олон нийтийг хуурч мэхлэх, төөрөгдүүлэх;

2/үнэт цаасны ханшинд нөлөөлж болох дотоод мэдээллээс бусад мэдээллийг орхигдуулах, нуун дарагдуулах, холбогдох этгээдэд өгөхөөс татгалзах;

3/брокер, дилер, андеррайтер, арилжаа хөтлөгчөөс үнэт цаасны ханшийг тодорхой түвшинд зохиомлоор тогтоон барих, өсгөх, бууруулах оролдлоготой гүйлгээ хийх;

4/хуурамч гүйлгээ хийх;

5/давхар буюу нууц гүйлгээ хийх.

22 дугаар зүйл.Үнэт цаасны тухай дотоод мэдээллийн нууцыг хадгалах

1.Гаргахаар буюу худалдаа, арилжаа хийхээр бэлтгэж байгаа үнэт цаасны тухай дотоод мэдээлэл эзэмшигчийг түүгээр хийх худалдаа арилжаанд ямар нэг хэлбэрээр оролцохыг хориглоно.

2.Дотоод мэдээлэл эзэмшигч нь уул мэдээллийг бусдад дамжуулахыг хориглоно.

3.Хорооны дарга, гишүүн болон энэ хуулийн дагуу Хорооноос мэдээлэл авсан этгээд уг мэдээллийг хувьдаа ашиглаж буюу Хорооны ажлын шаардлагатайгаас бусад тохиолдолд задруулж болохгүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. Үнэт цаасны гүйлгээнд хийх хяналт шалгалт[edit]

23 дугаар зүйл. Үнэт цаасны гүйлгээнд хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд

1.Үнэт цаасны Хороо, Засгийн газар өөрсдийн бүрэн эрхийн дагуу үнэт цаасны гүйлгээнд хяналт шалгалт хийнэ.

2.Энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг ямар нэг этгээд зөрчихөөр завдаж байгааг Хороо баримтаар нотлон тогтоосон нөхцөлд тухайн этгээдийн үнэт цаасны төлбөр тооцоог түр буюу бүрмөсөн зогсоох; түүнчлэн зөрчлийг тогтоосон нөхцөлд банкинд харилцах дансаар хийгдэх гүйлгээг зогсоох асуудлаар шүүхэд хандах эрхтэй.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гаргасан Хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн этгээд энэ талаарх гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

4.Хорооны шийдвэр хууль тогтоомжид харшилж байвал засгийн газар уг шийдвэрийг түдгэлзүүлж, түүнийг хүчингүй болгуулах саналыг Хороонд мэдэгдэх бөгөөд Хороо үл зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй.

24 дүгээр зүйл.Үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

1.Хорооны дарга, гишүүд болон Хорооноос эрх олгогдсон түүний ажилтан үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагчийн эрх эдэлнэ:

2.Улсын байцаагч дараахь хүрээнд хяналт шалгалт хийнэ:

1/гүйлгээг үнэт цаасны зах зээл дээр эрх авсан этгээд хийж байгаа эсэх;

2/үнэт цаасны гүйлгээнд хууль, эрх зүйн холбогдох бусад актаар тогтоосон журмыг баримталж байгаа эсэх;

3/үнэт цаасны зах зээл дээр хийж байгаа гүйлгээ үнэнч шударга, ил тод хийгдэж байгаа эсэх;

4/үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг зориулалтаар нь захиран зарцуулж байгаа эсэх;

5/харилцагчдын эрх, ашиг сонирхлыг хохироосон гүйлгээ хийсэн эсэх;

6/үнэт цаасны гүйлгээний бүртгэл, тайлан мэдээ үнэн зөв эсэх.

3.Улсын байцаагч нь хяналтын үүргээ биелүүлэхдээ дараахь эрх эдэлнэ:

1/үнэт цаасны гүйлгээнд холбогдолтой баримт сэлтийг үзэх, холбогдох албан тушаалтан, иргэнээс мэдээ, тайлбар шаардлагатай баримтыг гаргуулан авах;

2/хяналт шалгалтын дүнгээр акт тогтоох, түүний гүйцэтгэлийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгч шаардлага тавих;

3/энэ хэсгийн 2-т заасан шаардлагыг биелүүлээгүй буюу үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хууль болон бусад хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэж, үйл ажиллагааг нь хязгаарлах, зогсоох, олгосон зөвшөөрлийг нэг жил хүртэл хугацаагаар хүчингүй болгох, эсхүл бүр цуцлах.

4.Улсын байцаагч хяналт шалгалтыг өөрийн санаачилгаар буюу мэдээллийн дагуу хийж болно.

ДОЛДУГААР БҮЛЭГ. Бусад зүйл[edit]

25 дугаар зүйл.Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх захиргааны хариуцлага

Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/үнэт цаас гаргаж нийтэд санал болгон худалдах, арилжих, түүний төлбөр тооцоог хийх, хадгалах явцад энэ хуулийн 6 дугаар зүйлийн 5, 9, 10, 12; 8 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг ; 9, 12, 1З дугаар зүйл; 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт; 15 дугаар зүйлийн 1, З, 4 дэх заалт, 16, 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй буюу 21 дүгээр зүйлийн заалтыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, иргэнийг 20000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-200000 төгрөгөөр торгох;

2/энэ хуулийн 22 дугаар зүйлийн 2, 7 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 2, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг авалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох.

3/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2, 7 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 2, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг авалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, иргэнийг 30000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

26 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

Үнэт цаасны гүйлгээний талаарх маргааныг шүүх шийдвэрлэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.

Public domainPublic domainfalsefalse