Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (2002)
/ЭНЭ ХУУЛИЙГ 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд үнэт цаас гаргах, бүртгэх, хадгалах, худалдах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэх, үнэт цаасны талаархи мэдээллийг хөрөнгө оруулагчид хүргэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж
2.1. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль1, Компанийн тухай хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "үнэт цаас" гэж Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсхүл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ноос энэ хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заатад 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.2. "биет үнэт цаас" гэж тогтоосон журмын дагуу биет байдлаар хэвлэсэн үнэт цаасыг;
3.1.3. "биет бус үнэт цаас" гэж тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тооцоолох машины санах байгууламжид байгаа үнэт цаасыг;
3.1.4. "үүсмэл үнэт цаас" гэж тодорхой үнэт цаастай холбоотой гаргасан, түүнээс үнэ, ханш нь хамаарч байдаг, хувьцаа худалдах, худалдан авах эрх олгосон опцион, энгийн хувьцаанаас бусад үнэт цаасыг тодорхой хугацааны дотор энгийн хувьцаанд хөрвүүлэх эрх олгодог бусад үнэт цаасыг;
3.1.5. "хувьцаа" гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг;
/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.6. "өрийн бичиг" гэж тодорхой хугацааны туршид болон дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаасыг;
/Энэ заатад 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.7. "үнэт цаасны зах зээл" гэж үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг;
3.1.8. "үнэт цаасны анхдагч зах зээл" гэж үнэт цаас гаргагч үнэт цаасаа өөрөө буюу андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компаниар дамжуулан худалдах, арилжихтай холбогдсон харилцааг;
3.1.9. "үнэт цаасны хоёрдогч зах зээл" гэж анхдагч зах зээлд гарсан үнэт цаасыг дахин худалдах, худалдан авах, арилжихтай холбогдсон харилцааг;
3.1.10. "брокерийн үйл ажиллагаа" гэж үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагааг;
3.1.11. "дилерийн үйл ажиллагаа" гэж үнэт цаасны зах зээл дээр ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах, худалдах, арилжих ажиллагааг;
3.1.12. "андеррайтерийн үйл ажиллагаа" гэж үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг буюу түүний тодорхой хэсгийг худалдан авах, худалдах, эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжих ажиллагааг;
3.1.13. "нийтэд санал болгох" гэж үнэт цаас гаргагчаас үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан Хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-иас дээш тооны этгээдэд санал болгож худалдахаа мэдэгдэхийг;
3.1.14. "тендер санал гаргах" гэж тогтоосон журмын дагуу нээлттэй хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багц буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд худалдан авах саналаа нийтэд зарлахыг;
3.1.15. "дотоод мэдээлэл" гэж үнэт цаасны ханшид нөлөөлж болох, үнэт цаасны арилжаанд оролцоход давуу тал олгох, Хорооноос дотоод мэдээлэл гэж тогтоосон нийтэд тараагдаагүй мэдээллийг;
3.1.16. "үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтнүүд" гэж үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын үндсэн чиг үүргийг гүйцэтгэх ажил эрхэлдэг, Хорооноос үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ҮНЭТ ЦААС ГАРГАХ, ХУДАЛДАХ, АРИЛЖИХ
[edit]4 дүгээр зүйл. Үнэт цаас гаргагч
4.1. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд Компанийн тухай хууль болон энэ хуулийн дагуу үнэт цаас гаргаж болно.
4.2. Засгийн газар Улсын Их Хурлын зөвшөөрлөөр, аймаг, нийслэлийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлөөр нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болно.
4.3. Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас гаргах үнэт цаасыг нийтэд санал болгон худалдахад энэ хуулийн 5-9 дүгээр зүйл хамаарахгүй.
5 дугаар зүйл. Үнэт цаас гаргах
5.1. Үнэт цаасыг нийтэд санал болгон арилжихаар, эсхүл нийтэд санал болгохгүйгээр хаалттай худалдахаар гаргаж болно.
5.2. Үнэт цаас гаргагч гадаад орны зах зээлд өөрийн үнэт цаасаа арилжаалж болно.
5.3. Нийтэд санал болгон үнэт цаас гаргах тухай шийдвэрийг үнэт цаас шинээр болон нэмж гаргах тухай бүрт гаргана. Уг шийдвэрт энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үнэт цаасны бүрдүүлбэрт заасан үзүүлэлтээс гадна дор дурдсан зүйлийг тусгах буюу хавсаргана:
5.3.1. үнэт цаас эзэмшигчийн эрх, уг эрхийг хэрэгжүүлэх талаар үнэт цаас гаргагчийн хүлээх үүрэг;
5.3.2. үнэт цаасыг биет байдлаар гаргах тохиолдолд түүний загварын хуулбар.
5.4. Энэ хуулийн 5.3-т заасан шийдвэрийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувь нь үнэт цаас гаргагчид, нөгөө хувь нь Хороонд тус тус хадгалагдана. Эдгээр нь хоорондоо зөрвөл Хороонд хадгалагдаж байгаа хувийг эх хувь гэж тооцно.
5.5. Хороонд болон үнэт цаас гаргагчид хадгалагдаж буй дээрх шийдвэртэй үнэт цаас эзэмшигч танилцах эрхтэй.
5.6. Үнэт цаас гаргах тухай шийдвэрийг үнэт цаасыг бүртгүүлсний дараа өөрчилж үл болно.
6 дугаар зүйл. Үнэт цаасны бүрдүүлбэр
6.1. Үнэт цаас нь дараахь бүрдүүлбэртэй байна:
6.1.1. үнэт цаасны нэр, төрөл;
6.1.2. үнэт цаас гаргагчийн оноосон нэр;
6.1.3. үнэт цаасны нэрлэсэн үнэ;
6.1.4. нэрийн үнэт цаасны хувьд үнэт цаас эзэмшигчийн нэр;
6.1.5. хүү төлөх нөхцөл;
6.1.6. төлбөр хийгдэх нөхцөл;
6.1.7. үнэт цаасны бүртгэлийн болон регистрийн дугаар;
6.1.8. үнэт цаас гаргагчийн тамга;
6.1.9. үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг.
6.2. Үнэт цаас эзэмшигч хүсвэл түүний үнэт цаас өмчлөх эрхийг нотолсон гэрчилгээ олгоно.
7 дугаар зүйл. Үнэт цаасыг бүртгэх
7.1. Үнэт цаасыг нийтэд санал болгон худалдахаар гаргахдаа тогтоосон журмын дагуу Хороонд бүртгүүлнэ. Үнэт цаасыг хаалттай худалдахаар гаргахад энэ журам хамаарахгүй.
7.2. Урьд нь нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг нэмж гаргахдаа хаалттай худалдахаар шийдвэрлэсэн бол Хороонд бүртгүүлнэ.
7.3. Үнэт цаас гаргагч үнэт цаасаа бүртгүүлэхдээ өргөдөл, танилцуулга, үнэт цаас гаргах тухай шийдвэр, хувьцаа гаргах замаар хувьцаат компани үүсгэн байгуулж байгаа бол хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг, тухайн төрлийн үнэт цаас гаргахад эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл шаардагдах нөхцөлд уг зөвшөөрөл, Хорооноос тогтоосон бусад баримт бичгийг Хороонд ирүүлнэ.
7.4. Үнэт цаас гаргах тухай танилцуулгад дор дурдсан зүйлийг тусгана:
7.4.1. үнэт цаас гаргагч /үүсгэн байгуулагч/-ийн нэр, оршин байгаа хаяг;
7.4.2. улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
7.4.3. үнэт цаас гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 5-аас дээш хувийг эзэмшдэг этгээдийн талаархи мэдээлэл;
7.4.4. үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтан нь уг үнэт цаас гаргагчийн үнэт цаасыг эзэмшдэг бол түүний хувь, хэмжээ;
7.4.5. үнэт цаас гаргагчийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан санхүүгийн тайлан, өр, зээлийн талаархи мэдээ;
7.4.6. үнэт цаас гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, үнэт цаасны тоо ширхэг, түүний нэрлэсэн үнэ, үнэт цаасны хяналтын багцыг эзэмшиж байгаа үнэт цаас эзэмшигчийн нэрсийн жагсаалт;
7.4.7. үнэт цаасыг арилжаалахад зуучлах мэргэжлийн байгууллагын тухай мэдээлэл;
7.4.8. үнэт цаас гаргагчийн бусадтай байгуулсан их хэмжээний хэлцэл, үнэт цаас гаргах эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо;
7.4.9. Хорооноос тогтоосон бусад шаардлага.
7.5. Энэ хуулийн 7.4.3, 7.4.5, 7.4.6, 7.4.9 дэх заалт нь шинээр үүсгэн байгуулагдаж буй хувьцаат компанид хамаарахгүй. Харин зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж хувьцаат компани болон өөрчлөгдөж буй хуулийн этгээдэд хамаарна.
7.6. Хороонд ирүүлэх өргөдөл, танилцуулга, бусад баримт бичигт үнэт цаас гаргагч этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан байна.
7.7. Өргөдөл, танилцуулга, баримт бичигт хуурамч мэдээлэл тусгахыг хориглоно. Хороонд ирүүлсэн өргөдөл, танилцуулга, бусад баримт бичгийн үнэн зөвийг үнэт цаас гаргагч болон түүний эрх бүхий албан тушаалтан хариуцна.
7.8. Хороо ирүүлсэн өргөдөл, танилцуулга, бусад баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор хянан үзээд шаардлага хангасан гэж үзвэл үнэт цаасыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэрийн аль нэгийг гаргана.
7.9. Хороо нь үнэт цаасыг бүртгэж, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар олгоно.
7.10. Хороо дараахь үндэслэлээр шинээр болон нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэхээс татгалзана:
7.10.1. Хороонд ирүүлсэн баримт бичиг нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, тоон үзүүлэлт нь зөрүүтэй буюу дахин магадлах шаардлагатай;
7.10.2. баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл хуурамч мэдээ, баримт тусгасан нь илэрсэн;
7.10.3. үнэт цаас гаргагч хөрөнгийн чадваргүй нь тогтоогдсон.
7.11. Үнэт цаасыг бүртгэхээс татгалзсан тухай Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл үнэт цаас гаргагч нь шүүхэд гомдол гаргах эрхтэй.
8 дугаар зүйл. Үнэт цаас гаргах тухай танилцуулгыг нийтэд мэдээлэх
8.1. Хороо нь үнэт цаас гаргах тухай танилцуулгыг нийтэд мэдээлэх тухай журам тогтооно.
8.2. Үнэт цаас гаргагч болон тухайн үнэт цаасыг зуучлан арилжих мэргэжлийн байгууллага нь үнэт цаасыг арилжихаас өмнө сонирхогч этгээдийг шаардлагатай мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.
9 дүгээр зүйл. Үнэт цаасыг худалдах, тайлагнах
9.1. Үнэт цаасны зах зээл дээр зөвхөн Хороонд бүртгүүлсэн үнэт цаасыг арилжаална.
9.2. Үнэт цаас гаргагч үнэт цаасаа анхдагч зах зээл дээр шууд, эсхүл андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компанид худалдаж болно.
9.3. Үнэт цаасыг зээлээр худалдахыг хориглоно.
9.4. Хөрөнгө оруулалтын нээлттэй сангаас бусад үнэт цаас гаргагч нэгэнт худалдсан үнэт цаасаа хуулиар тогтоосноос бусад тохиолдолд эргүүлэн худалдан авах үүрэг хүлээхгүй.
9.5. Үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг танилцуулгад заасан зориулалтаар зарцуулна.
9.6. Үнэт цаас гаргагч нь үнэт цаасыг арилжаалж дууссанаас хойш 30 хоногийн дотор үнэт цаасны гүйлгээний тайланг Хороонд ирүүлнэ. Тайланд дор дурдсан зүйлийг тусгасан байна:
9.6.1. үнэт цаасыг арилжаалж эхэлсэн болон дууссан огноо;
9.6.2. арилжсан үнэт цаасны тоо ширхэг, арилжааны ханш;
9.6.3. үнэт цаасны арилжааны нийт орлого /төгрөг, валют, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн хэлбэр тус бүрээр/, төлбөр хийгдсэн байдал;
9.6.4. хэрвээ компанийн энгийн хувьцааг арилжаалсан бол хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг худалдан авч эзэмшсэн этгээдийн нэрс.
9.7. Хороо тайланг ажлын 10 хоногт багтаан хянаж, шаардлага хангасан гэж үзвэл бүртгэж авна.
9.8. Нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэснээс хойш 1 жилийн хугацаанд арилжаалаагүй бол бүртгэх зөвшөөрлийг хүчингүй болгоно.
10 дугаар зүйл. Үнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэг
10.1. Үнэт цаас гаргагч дараахь нийтлэг үүрэгтэй байна:
10.1.1. үнэт цаас гаргах тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагын хурлаар хэлэлцэн гаргах;
10.1.2. үнэт цаасны гүйлгээний талаархи мэдээ, тайланг холбогдох аргачлал, маягтын дагуу үнэн зөв гаргаж, тогтоосон хугацаанд Хороонд хүргэх;
10.1.3. үнэт цаас гаргагч нь хагас жилийн болон аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай1 хуульд заасан хугацаанд гаргаж, Хороо болон Хөрөнгийн биржид хүргэх;
10.1.4. Хорооноос тогтоосон журмын дагуу тайлангийн хураангуйг хэвлэлд нийтлэх;
10.1.5. үнэт цаас нь бүртгэлтэй хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг гаргасан шийдвэрийн хамт 6 дугаар сарын 1-ний дотор, ээлжит бус хурлын материалыг хурал хуралдсанаас хойш 20 хоногийн дотор Хороонд хүргэх.
/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.2. Үнэт цаасны зах зээлийн үнэ, арилжааны хэмжээ, явцад нөлөөлөх мэдээлэл, түүнийг олон нийтэд хүргэх журмыг Хороо тогтооно.
11 дүгээр зүйл. Тендер санал
11.1. Тендер саналыг энэ хууль болон түүнд нийцүүлэн Хорооноос тогтоосон журмын дагуу гаргана.
11.2. Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багц буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд бусад хувьцаа эзэмшигчээс худалдан авахыг хүсэж тендер санал гаргах бөгөөд энэ тухайгаа Хороонд мэдэгдэж, шийдвэр гаргуулна.
11.3. Тендер санал гаргагч нь компанийн хувьцааг худалдан авахыг хувьцаа эзэмшигчид санал болгохдоо Компанийн тухай хуульд заасан журмыг баримтлана.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.4. Тендер саналын талаар нийтэд хүргэх мэдээлэлд дор дурдсан зүйлийг тусгасан байна:
11.4.1. тендер санал гаргагчийн нэр;
11.4.2. тендер санал гаргагчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээ, хувь;
11.4.3. хувьцаа худалдан авах хөрөнгийн эх үүсвэр;
11.4.4. компанийг хөгжүүлэх төсөл, санал.
11.5. Тендер саналын хүчинтэй байх доод хугацаа ажлын 60 хоног, дээд хугацаа 6 сар байна.
11.6. Тендер санал гаргагчийн хувьцаа худалдан авахаар санал болгож буй үнийг тухайн хувьцааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, тендер санал гаргагч тухайн хувьцааг худалдан авсан дээд ханш хоёрын аль өндрөөс доошгүй байхаар тогтооно. Харин тендер саналын үнэ нь уг хувьцааны нэрлэсэн үнээс доогуур байж болохгүй.
11.7. Тендер санал гаргагч тендер саналтай холбогдсон мэдээллийг сонирхогч бүх этгээдэд нэгэн адил хүргэх үүрэгтэй.
11.8. Тендер санал гаргагч нь Хороонд тендер санал гаргахыг хүссэн өргөдөл ирүүлсэн үед тухайн компанийн нийт хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшиж байгаа тендер санал зарлаагүй бусад этгээд болон компанийн удирдлагад энэ тухай мэдэгдэнэ.
12 дугаар зүйл. Үнэт цаас худалдан авагчийн үүрэг
12.1. Компанийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг худалдан авсан этгээд уг үнэт цаасыг худалдан авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Хороонд мэдэгдэх үүрэгтэй.
12.2. Компанийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 12.1-д зааснаас гадна Компанийн тухай хуульд заасан шаардлагыг биелүүлнэ.
12.3. Энэ хуулийн 12.1-д заасан этгээдийн хувьцаа таван хувиар нэмэгдсэн тохиолдол бүрт энэ тухай Хороонд мэдэгдэнэ.
12.4. Компанийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны 5 буюу түүнээс дээш хувь болон хяналтын багцыг худалдан авснаа бүртгүүлэх тухай журмыг Хороо тогтооно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ
[edit]13 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад
13.1. Хөрөнгө оруулагчийн өмчлөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно.
13.2. Энэ хуулийн 13.1-д заасныг үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулдаг этгээд зөрчсөн нь уг этгээдийн үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болно.
14 дүгээр зүйл. Хөрөнгө оруулагчид үнэт цаасны гүйлгээтэй
14.1. Үнэт цаас гаргагч холбогдох хууль тогтоомжид заасан мэдээллийг нийтэд хүргэх, хөрөнгө оруулагчид өгөх үүрэгтэй.
14.2. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага хөрөнгө оруулагчийн шаардсанаар дараахь баримт бичиг болон мэдээллийг өгөх үүрэгтэй:
14.2.1. үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбогдсон баримт бичиг;
14.2.2. мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн өөрийн хөрөнгийн болон өр, зээл, санхүүгийн байдлын талаархи мэдээлэл;
14.2.3. ажилтан нь мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор арга хэмжээ авагдсан, хариуцлага хүлээсэн тухай мэдээлэл;
14.2.4. үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гаргасан сүүлийн зургаан сарын үнэт цаасны арилжааны үнэ, ханш болон арилжааны тухай мэдээ.
14.3. Энэ хуулийн 14.2-т заасныг зөрчиж, хөрөнгө оруулагчид буруу мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх нь хөрөнгө оруулагч болон мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн хооронд байгуулсан гэрээг хуульд заасан журмын дагуу өөрчлөх, цуцлах үндэслэл болно.
14.4. Хөрөнгө оруулагч нь үнэт цаасыг худалдан авах, худалдах явцад хууль тогтоомжид заасан мэдээллийг үнэт цаас гаргагч болон мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдээс шаардах эрхтэй.
15 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах талаархи
15.1. Хорооноос хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах зээлд оролцогч бүх этгээд биелүүлэх үүрэгтэй.
15.2. Хорооны шийдвэрийг биелүүлээгүй үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдэд үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгөх, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
16 дугаар зүйл. Үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч
16.1. Үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
16.1.1. үнэт цаасны арилжаа болон үнэт цаасыг нийтэд худалдахаар санал болгох явцад нийтэд хуурамч мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх;
16.1.2. дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцох, нийтэд болон хөрөнгө оруулагчид хүргэх мэдээллийг нуун дарагдуулах, холбогдох этгээдэд өгөхөөс татгалзах;
16.1.3. үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа брокер, дилер, андеррайтер үнэт цаасны ханшийг тодорхой төвшинд зохиомлоор тогтоон барих, өсгөх, бууруулах үйлдэл хийх;
16.1.4. үнэт цаасны арилжааны явцад өмчлөгч нь өөрчлөгдөөгүй буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн хооронд тухайн үнэт цаасны үнэ, ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор хуурамч гүйлгээ хийх;
16.1.5. тодорхой үнэт цаасны арилжаа идэвхтэй явагдаж байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор брокер, дилерийн болон нэгдмэл сонирхолтой бусад этгээдийн хооронд давхар гүйлгээ хийх:
16.1.6. хуулиар танилцуулгад тусгахаар заасан мэдээллийг орхигдуулах, буруу мэдээлэх, тайлагнах;
16.1.7. үнэт цаасыг бүртгэх тухай Хорооны шийдвэр гарахаас өмнө үнэт цаасыг нийтэд санал болгох, сурталчлах.
16.2. Үнэт цаасны үнэ, ханш, арилжааны хэмжээ, явц болон үнэт цаас эзэмшигчийн талаар олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэн хийгдсэн арилжааг үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Хорооноос хуурамч, эсхүл давхар гүйлгээ хийсэн гэж үзэж болно.
16.3. Үнэт цаас гаргагч, түүнтэй гэрээ байгуулсан андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх компанийн эрх бүхий албан тушаалтнаас авсан үнэт цаас гаргах, компанийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөний талаархи нийтэд тараагдаагүй мэдээллийг ашиглан ашиг олохыг хориглоно.
17 дугаар зүйл. Дотоод мэдээллийн нууцыг хадгалах
17.1. Энэ хуулийн 3.1.15-д заасан дотоод мэдээллийг эзэмшигчид үнэт цаас гаргаж байгаа компанийн удирдлага болон эрхэлж байгаа ажил, албан тушаалын дагуу үнэт цаас гаргагчийн талаар нийтэд тараагдаагүй мэдээлэл эзэмшигч, түүнчлэн Хорооноос дотоод мэдээлэл эзэмшигчээр тогтоосон этгээд хамаарна.
17.2. Дотоод мэдээлэл эзэмшигч нь түүнийг ашиглан үнэт цаасны арилжаанд оролцох, ашиг олох зорилгоор бусдад дамжуулах болон мэдээлэхийг хориглоно.
17.3. Хороо нь дотоод мэдээлэл болон дотоод мэдээлэл эзэмшигчийн үйл ажиллагааны талаар журам тогтоон мөрдүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧ ЭТГЭЭД
[edit]18 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд
18.1. Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдэд үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага болон хөрөнгө оруулагчид хамаарна.
19 дүгээр зүйл. Үнэт цаасны зах зээлд оролцогч
19.1. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага нь үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах Хөрөнгийн бирж, Дилерүүдийн арилжааны төв, үнэт цаасны төлбөр тооцооны болон хадгаламжийн байгууллага, хамтын хөрөнгө оруулалтын байгууллага, хөрөнгө оруулалтын сан, брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх компани байна.
19.2. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага дараахь нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.2.1. үнэт цаасны гүйлгээний талаархи мэдээ, тайланг холбогдох аргачлал, маягтын дагуу гаргаж тогтоосон хугацаанд Хороонд хүргэх;
19.2.2. бүртгэлийн, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны болон хадгаламжийн, гишүүний болон суудлын хураамж, бусад холбогдох үйлчилгээний хураамжийг тогтоож мөрдөх;
19.2.3. хууль тогтоомжийн хүрээнд Хорооны зөвшөөрснөөр өөрийн үйл ажиллагаанд баримтлах журам, заавар гарган мөрдөх;
19.2.4. өөрийн гишүүн болон үнэт цаас гаргагч, бусад оролцогч этгээд хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээллийг Хороонд хүргэх, тухай бүр олон нийтэд мэдээлэх;
19.2.5. хагас жилийн болон аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд гаргаж, Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргэх, жилийн эцсийн тайлангийн хураангуйг хэвлэлд нийтэлж, хөрөнгө оруулагчид мэдээлэх;
19.2.6. дотоод мэдээлэл эзэмшигчийн бүртгэл хөтөлж, тэдгээрийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих;
19.2.7. үнэт цаастай холбогдсон үнэн зөв мэдээллийг сонирхогч этгээдэд шуурхай өгөх;
19.2.8. үнэт цаасны арилжаа, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбогдсон гүйлгээг шударга, ил тод, шуурхай хийж гүйцэтгэх;
19.2.9 үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулж, Хороонд оруулах;
19.2.10. үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагчийн нийтлэг эрх ашгийг хамгаалах;
19.2.11. болзошгүй эрсдлээс хамгаалах сантай байх. Сангийн эх үүсвэр нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгө болон үйл ажиллагааны ашиг байна.
19.3. Энэ хуулийн 19.1-д заасан этгээд нь даатгуулах замаар эрсдлээс хамгаалах арга хэмжээ авч болно.
20 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн
20.1. Энэ хуулийн 19.1-д заасан этгээдэд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу Хороо олгоно.
20.2. Хорооноос Хөрөнгийн бирж, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага, Дилерүүдийн арилжааны төвд тусгай зөвшөөрөл олгохдоо тус бүр нэг байгууллага байхаар, эсхүл хавсран гүйцэтгэхээр зохицуулж болно.
20.3. Арилжааны банкинд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо Монголбанктай, тэтгэврийн санд тусгай зөвшөөрөл олгохдоо Нийгмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тус тус зөвшилцөн шийдвэрлэнэ.
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.4. Энэ хуулийн 20.1-д заасан тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай1 хуульд зааснаас гадна дараахь баримт бичгийг хавсаргасан өргөдлийг Хороонд гаргана:
20.4.1. хуулиар тогтоосон хувь нийлүүлсэн болон эргэлтийн хөрөнгийн доод хэмжээг хангасан байдал;
20.4.2. компанийн дүрмийн баталгаажуулсан хуулбар;
20.4.3. эхний 3 жилийн төлөвлөгдөж буй ашгийг тусгасан бизнес төлөвлөгөө;
20.4.4. үнэт цаасны төлбөр тооцооны болон хадгаламжийн байгууллагын тухайд Хөрөнгийн бирж, эсхүл Дилерүүдийн арилжааны төвийн арилжааны сүлжээтэй үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаархи дэлгэрэнгүй танилцуулга;
20.4.5. хувьцаа эзэмшигчийн төлбөрийн чадвар, банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй тухай тодорхойлолт;
/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.4.6. эрсдлийн менежментийн төлөвлөгөө;
20.4.7. мэргэжил, мэргэшлийн дадлага туршлагатай боловсон хүчнээр хангагдсан байдал;
20.4.8. орон байр, техник, тоног төхөөрөмжийн хангалт, цахим тоолуурын сүлжээнд холбогдсон байдал.
21 дүгээр зүйл. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага
21.1. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага нь нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэх, арилжихтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд Хөрөнгийн бирж, Дилерүүдийн арилжааны төвийн хэлбэрээр зохион байгуулагдана.
21.2. Энэ хуулийн 20.4-д зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан этгээдэд үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно:
21.2.1. Хорооноос үнэт цаасны зах зээл дээр брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 5-аас доошгүй гишүүнтэй байна. Нэг гишүүн нь Хөрөнгийн биржийн болон Дилерүүдийн арилжааны төвийн аль нэгнийх нь гишүүн байна;
21.2.2. үүсгэн байгуулагчийн баталсан дүрэмд дараахь зүйлийг тусгасан байна:
21.2.2.а. гишүүн элсүүлэх журам, гишүүдэд тавигдах хөрөнгийн доод хэмжээний шаардлага, элсэлтийн болон жилийн хураамжийн хэмжээ, мэргэжлийн ажилтанд тавигдах шаардлага;
21.2.2.б. гишүүнээс хасах, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам;
21.2.2.в. хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээ;
21.2.2.г. харилцагч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ.
21.3. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь чиг үүрэгтэй байна:
21.3.1. өөрийн гишүүн болон олон нийтэд арилжаа явагдах цаг хугацаа, бирж дээр арилжихаар зөвшөөрөгдсөн үнэт цаасны жагсаалт, код, арилжааны үр дүн, түүнчлэн энэ хуульд заасан бусад мэдээллийг хүргэх замаар үнэт цаасны арилжааг шударга, ил тод, шуурхай явуулах;
21.3.2. гишүүн нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, харилцагчийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, хуурамч гүйлгээ хийсэн нь тогтоогдвол тэдэнд хариуцлага ногдуулах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авч, энэ талаар Хороонд мэдэгдэх;
21.3.3. үнэт цаасны арилжааны болон үнэ, ханшийн тухай мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх.
21.4. Үнэт цаасны арилжааг зохион байгуулахад дараахь журмыг баримтална:
21.4.1. үнэт цаасыг худалдахад хамгийн бага үнээс, худалдан авахад хамгийн өндөр үнээс эхлэх;
21.4.2. үнэт цаасыг худалдах, худалдан авах захиалгыг хэрэгжүүлэх үед үнийн санал тэнцвэл захиалгын дарааллыг баримтлах.
21.5. Үнэт цаас худалдагч, худалдан авагч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагч, эрх бүхий бусад этгээдээс гаргасан дүгнэлтийг үндэслэн үнэт цаасны арилжааг Хороо түр зогсоох шийдвэр гаргана.
21.6. Энэ хуулийн 21.5-д заасан шийдвэр гаргасны дараа ажлын нэг өдөрт багтаан, уг шийдвэрийн үндэслэл, тайлбарын хамт үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлнэ. Энэ тухай үнэт цаас гаргагчид мэдэгдэнэ.
21.7. Хорооноос үнэт цаасны арилжааг түр зогсоох хугацаа нь нэг удаад 2 сараас илүүгүй байна. Зөрчил арилсан гэж үзвэл Хороо арилжааг сэргээх тухай шийдвэрийг тухай бүр гаргана.
22 дугаар зүйл. Хөрөнгийн бирж
22.1. Хөрөнгийн бирж нь үнэт цаасны арилжаа эрхлэн явуулах болон хуулиар хориглоогүй бусад ажил, үйлчилгээ үзүүлдэг компани байна.
22.2. Хөрөнгийн биржийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,0 тэрбум төгрөгөөс доошгүй байна.
22.3. Хөрөнгийн бирж нь энэ хуулийн 19, 21 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь чиг үүрэгтэй байна:
22.3.1. гишүүн байгууллагад суудлын эрх олгох, тэдгээрийг төлөөлөн арилжаанд оролцох ажилтнуудыг бүртгэх;
22.3.2. Хөрөнгийн биржид суудалтай гишүүдийг арилжаа явуулах нөхцөлөөр хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмж, мэдээллийн сүлжээгээр хангах;
22.3.3. Хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй үнэт цаасны үнэ, ханшийг зохиомлоор нэг хэмжээнд барих, өсгөх, бууруулахаас сэргийлэх;
22.3.4. Хөрөнгийн биржийн гишүүн болон бусад харилцагчийг мэдээллээр хангах;
22.3.5. гишүүний болон ажилтны ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэх.
22.4. Хөрөнгийн биржийн арилжаанд зөвхөн суудлын эрхтэй гишүүн оролцох бөгөөд биржийн гишүүн бус этгээд зөвхөн биржийн гишүүнээр зуучлуулан арилжаанд оролцож болно.
22.5. Хөрөнгийн биржийн гишүүн зохих журмын дагуу суудлын эрхээ худалдаж, түрээсэлж болно. Суудлын эрхийг худалдан авсан буюу түрээслэн авсан этгээд нь Хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага байна.
22.6. Хөрөнгийн биржийн ажилтан нь үнэт цаасны арилжаанд оролцохыг хориглоно.
23 дугаар зүйл. Үнэт цаасны дилерүүдийн арилжааны төв
23.1. Үнэт цаасны дилерүүдийн арилжааны төв /цаашид "Дилерүүдийн арилжааны төв" гэх/ нь үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас бүрдсэн гишүүнчлэлтэй, үнэт цаасны арилжаа эрхлэх чиг үүрэг бүхий компани байна.
23.2. Дилерүүдийн арилжааны төвийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 500.0 сая төгрөгөөс доошгүй байна.
23.3. Дилерүүдийн арилжааны төвийн гишүүдийн тоо 5-аас доошгүй байна.
23.4. Дилерүүдийн арилжааны төвд бүртгэлтэй үнэт цаасны арилжааг байршил харгалзахгүйгээр гишүүн байгууллагын эрх бүхий ажилтнууд цахим сүлжээгээр дамжуулан явуулна.
23.5. Сүлжээний найдвартай байдал, сүлжээ дэх мэдээллийн нууцлалын асуудлыг Дилерүүдийн арилжааны төвийн удирдлага хариуцна.
23.6. Дилерүүдийн арилжааны төв нь арилжаанд хяналт тавих албатай байх бөгөөд уг төвийн байранд байрлах цахим тооцооллын хэрэгслийг ашиглан сүлжээгээр явагдах арилжааг тогтмол хянана.
23.7. Дилерүүдийн арилжааны төв нь үнэт цаасны бүртгэл, арилжаа, арилжаанд хяналт тавих, арилжааны мэдээг олон нийтэд хүргэх, гишүүн байгууллагын үйл ажиллагааг зохицуулахтай холбогдох журмыг Хорооны зөвшөөрснөөр баталж мөрдөнө.
23.8. Дилерүүдийн арилжааны төвд энэ хуулийн 22.3-д заасан чиг үүрэг нэгэн адил хамаарна.
24 дүгээр зүйл. Үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага
24.1. Үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага /цаашид "Төлбөр тооцооны байгууллага" гэх/ нь үнэт цаасны арилжааны үр дүнд үүссэн төлбөрийг тодорхойлж, тооцоо хийх үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэдэг компани байна.
24.2. Төлбөр тооцооны байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийг түүний гишүүн байгууллагууд бүрдүүлэх бөгөөд түүний хэмжээ 100.0 сая төгрөгөөс доошгүй байна.
24.3. Төлбөр тооцооны байгууллага нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.3.1. үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны холбогдох компаниас ирүүлсэн мэдээ, баримтыг тулган хянаж, харилцагч хоорондын төлбөрийн үүргийг тодорхойлж, тооцоог хийж гүйцэтгэх, холбогдох баримтыг бүрдүүлэх;
24.3.2. үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдох баримтыг хадгаламжийн байгууллагад шилжүүлэх;
24.3.3. эрсдэлийн сан байгуулах замаар болзошгүй эрсдэлээс хамгаалах, харилцагчийн төлбөрийн үүргийн биелэлтийг шуурхай хангах;
24.3.4. үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаастай холбогдолтой төлбөрийг зуучлан гүйцэтгэх.
25 дугаар зүйл. Үнэт цаасны хадгаламжийн байгууллага
25.1. Үнэт цаасны хадгаламжийн байгууллага /цаашид "Хадгаламжийн байгууллага" гэх/ нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх болон уг эрх бусдад шилжсэнийг бүртгэх, үнэт цаас хадгалах үйлчилгээ үзүүлдэг компани байна.
25.2. Хадгаламжийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийг түүний гишүүн байгууллагууд бүрдүүлэх бөгөөд түүний хэмжээ 100.0 сая төгрөгөөс доошгүй байна.
25.3. Хадгалагдаж буй хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс учирсан хохирлыг хадгаламжийн байгууллага хариуцна.
25.4. Хадгаламжийн байгууллага энэ хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
25.4.1. үнэт цаас шинээр гаргах болон үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхэд гарсан өөрчлөлтийг эрх бүхий этгээдээс ирүүлсэн хүсэлт, бусад баримтыг үндэслэн бүртгэх;
25.4.2. Төлбөр тооцооны байгууллага болон үйлчлүүлэгчээс хүлээн авсан баримтыг үндэслэн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх шилжсэнийг бүртгэх;
25.4.3. Хороо, Хөрөнгийн бирж бусад эрх бүхий этгээд болон үнэт цаас гаргагчийн хүсэлтээр үнэт цаас эзэмшигчийн бүртгэлийн мэдээг үнэн зөв гаргаж өгөх;
25.5. Хадгаламжийн байгууллага нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр төлбөр тооцооны үйлчилгээг хавсран эрхлэхээс бусад үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
26 дугаар зүйл. Үнэт цаасны хамтын хөрөнгө оруулалтын байгууллага
26.1. Үнэт цаасны хамтын хөрөнгө оруулалтын байгууллага /цаашид "Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага" гэх/ нь үнэт цаасны зах зээлд даатгалын болон тэтгэврийн сангаас тусгай зориулалтаар төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хэсгээр, хөрөнгө оруулалтын сан /цаашид "Сан" гэх/ нь хувьцаа эзэмшигчээс төвлөрүүлсэн хөрөнгөөр Хөрөнгө оруулалтын менежментийн компани, Төлбөр тооцооны болон Хадгаламжийн байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр үнэт цаас худалдан авах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг компани байна.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2. Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага болон Сан нь үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахдаа Хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулан, эсхүл өөрөө шууд эрхлэн гүйцэтгэж болно.
26.3. Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага болон Сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 100.0 сая төгрөгөөс доошгүй байна.
26.4. Сан үнэт цаасаа бусдад худалдахаар байнга санал болгож, эрэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд үнэт цаасаа эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг буюу нээлттэй, үүсгэн байгуулагчаас тогтоосон хөрөнгийн хэмжээнд багтаан нийтэд санал болгох хэлбэрээр үнэт цаас гаргаж, зах зээлийн үнээр худалддаг, өөрийн гаргасан үнэт цаасыг эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй буюу хаалттай гэсэн хэлбэртэй байна.
26.5. Сан зөвхөн Хорооны зөвшөөрлийн үндсэн дээр үнэт цаасаа нийтэд санал болгож худалдана.
26.6. Сан нь тогтоосон журмын дагуу нийтэд санал болгон гаргах үнэт цаасны тухай танилцуулгыг Хороонд ирүүлнэ. Танилцуулгад Сангийн хөрөнгө оруулалтын бодлого, шимтгэл тооцох аргачлал, Сангийн удирдлага, ажилтнууд, үнэт цаасны хяналтын багцыг эзэмшигч болон гэрээт Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн талаархи мэдээллийг тусгасан байна.
26.7. Сангийн дүрэмд дараахь зүйлийг тусгасан байна:
26.7.1. нээлттэй сангийн цэвэр хөрөнгийн доод хэмжээ, өөрийн үнэт цаасыг буцааж худалдан авах үнийг тогтоох журам;
26.7.2. Сангийн хувьцаа эзэмшигчид хүргэх танилцуулгад заавал тусгагдах мэдээлэл;
26.7.3. нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хяналт шалгалт болон мэдээ, тайлан гаргахад тавих шаардлага;
26.7.4. нийтэд санал болгосон үнэт цаасаа арилжих, эргүүлэн худалдан авах журам.
26.8. Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага болон Сан нь сангийн цэвэр хөрөнгө, нэгж хувьцааны үнэлгээ, үйлчилгээний хураамжийн хэмжээ, төлбөр тооцооны журам, сангийн итгэмжлэгдсэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани болон сангийн гаргасан үнэт цаасны 5-аас дээш хувийг эзэмшигчийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийн талаар Хорооноос тогтоосон журмын дагуу сангийн хувьцаа эзэмшигчид хагас жил тутам мэдээлэл хүргэх үүрэгтэй байна.
26.9. Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага болон Санд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
26.9.1. үнэт цаасны зах зээлд энэ хуулиар зөвшөөрснөөс бусад төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх;
26.9.2. өрийн бичиг болон давуу эрхийн хувьцаа гаргаж нийтэд санал болгох;
26.9.3. Сангийн хөрөнгө оруулагчид ашиг олох баталгаа гаргах, сурталчлах;
26.9.4. хувьцаагаа тодорхой үнэ, ханшаар эргүүлэн авах амлалт, баталгаа гаргах;
26.9.5. Сангаас баталгаа гарган зээл авах, гуравдагч этгээдэд зээлийн баталгаа гаргаж өгөх, бусдад зээл олгох;
26.9.6. Сангийн удирдлага нь хувийн ашиг сонирхлын үүднээс сангийн хөрөнгийг зарцуулах, удирдлагын зардлыг үндэслэлгүй хэтрүүлэх;
26.9.7. нэг компанийн үнэт цаасыг худалдан авах хэмжээ нь Сангийн өөрийн эргэлтийн хөрөнгийн 5 хувиас хэтрэх;
26.9.8. нэг компанийн гаргасан нийт хувьцааны 20 хувиас, өрийн бичгийн 25 хувиас илүүг худалдан авах.
26.10. Нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны тухай танилцуулга, мэдээллийг олон нийтэд хүргэх, зардлыг тооцох, зар сурталчилгаа явуулах, Сангийн хувьцааны үнэлгээ, хадгаламж, бүртгэл, санхүүгийн хяналт болон тэдгээрийг тайлагнах журмыг Хороо тогтооно.
27 дугаар зүйл. Брокер, дилерийн компани
27.1. Брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх компани /цаашид "Брокер, дилерийн компани" гэх/-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50.0 сая төгрөгөөс доошгүй байна. Брокер, дилерийн компани нь үнэт цаасны зах зээлд хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг хавсран эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан бол хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь тухайн үйл ажиллагааг эрхлэх этгээдэд энэ хуулиар тогтоосон хөрөнгийн хэмжээгээр нэмэгдэнэ.
27.2. Брокер, дилерийн компани нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын гишүүн байна.
27.3. Брокер, дилерийн компани энэ хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.3.1. харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;
27.3.2. харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг зөвхөн тэдний захиалга, зөвшөөрлөөр арилжаанд оруулах;
27.3.3. үнэт цаасыг худалдах, худалдан авахдаа харилцагчийн захиалгыг бүрэн биелүүлсний дараа өөрийн болон нэгдмэл сонирхолтой этгээдийн захиалгыг биелүүлэх;
27.3.4. захиалгыг биелүүлэх явцад харилцагч болон брокер, дилер, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн хооронд сонирхлын зөрчил үүссэн бол энэ тухай харилцагчид нэн даруй мэдэгдэх.
27.4. Хороо брокер, дилерүүдийн мэргэжил, мэргэшлийн түвшин тогтоох болон аттестатчилах журам батлан мөрдүүлнэ.
28 дугаар зүйл. Андеррайтерийн компани
28.1. Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компани /цаашид "Андеррайтерийн компани" гэх/-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 200.0 сая төгрөг, үүнээс мөнгөн болон түргэн борлогдох эргэлтийн хөрөнгө нь 100.0 сая төгрөгөөс доошгүй байна.
28.2. Андеррайтерийн компани нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан чиг үүргээс гадна үнэт цаас гаргаж нийтэд санал болгох тухай танилцуулгад тусгасан болон түүнд хавсаргасан баримт, мэдээллийн үнэн зөв эсэхийг хянаж, мэдээлэл буруу байсныг илрүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй.
29 дүгээр зүйл. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын
29.1. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын менежментийн компани /цаашид "Хөрөнгө оруулалтын менежментийн компани" гэх/ нь таваас дээшгүй Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага болон Сантай гэрээ байгуулан хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлдэг компани байна.
29.2. Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага болон Сан нь хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулсан гэрээнд заасны дагуу үйлчилгээний хураамж төлнө.
29.3. Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь үнэт цаасны зах зээлд энэ хуульд зааснаас өөр төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх, Сангийн хөрөнгийг ашиглан менежментийн гэрээнд заасан үйлчилгээний хураамж, шимтгэлээс бусад орлого олохыг хориглоно.
30 дугаар зүйл. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх компани
30.1. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх компани /цаашид "Хөрөнгө оруулалтын компани" гэх/ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн дагуу үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас нийтийн хүртээл болгохоор заасан мэдээллийг цуглуулж, судалгаа, дүгнэлт хийх, хөрөнгө оруулагчид зөвлөлгөө өгөх үйл ажиллагаа эрхэлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА
[edit]31 дүгээр зүйл. Үнэт цаасны хороо
31.1. Хороо нь үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, үнэт цаасны зах зээлийн талаархи хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалж, тэдгээрийг мэдээллээр хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.
31.2. Хороо 5 гишүүнээс бүрдэнэ.
31.3. Хороо нь өөрийн гишүүдэд туслалцаа үзүүлэх, Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, хөрөнгө оруулагчийг мэдээллээр хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байна. Ажлын албаны үйл ажиллагааг Хорооны дүрмээр зохицуулна.
31.4. Хороо нь улсын төсвөөс санхүүжинэ.
31.5. Хорооны ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаалд хамаарна.
31.6. Хороо жил бүр Улсын Их Хуралд ажлаа тайлагнана.
31.7. Хороо нь өөрийн билэгдэлтэй байж болох бөгөөд тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
31.8. Хороо нь үйл ажиллагаандаа үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах болон хамтын удирдлагын зарчмыг удирдлага болгоно.
/Энэ зүйлийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
32 дугаар зүйл. Хорооны гишүүн
32.1. Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч тус бүр 1 хүнийг, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо үлдэх 2 хүнийг нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас 5 жилийн хугацаагаар томилно. Байнгын хорооноос санал болгох нэр дэвшигч нь үнэт цаас гаргагчдыг төлөөлсөн байна.
32.2. Хорооны гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн болон Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүгч, прокурорыг томилж болохгүй.
32.3. Хорооны гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилоогүй бол энэ хуулийн 32.1-д заасан эрх бүхий этгээд ажлын 14 хоногийн дотор өөр хүний нэрийг дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна.
32.4. Хорооны гишүүнийг дараахь үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлнө:
32.4.1. бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;
32.4.2. эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон;
32.4.3. Хорооны гишүүнээс чөлөөлж өгөхийг өөрөө хүсэж өргөдөл гаргасан.
32.5. Энэ хуулийн 32.4-т заасан үндэслэлээр Хорооны гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлүүлэх тухай саналыг түүнийг анх томилуулахаар санал болгосон этгээд Улсын Их Хуралд оруулна.
32.6. Хорооны гишүүн нь үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл хууль тогтоомж зөрчсөн бол түүнийг томилуулахаар санал болгосон этгээдийн саналыг үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэн Улсын Их Хурал огцруулна.
32.7. Хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол энэ хуулийн 32.1-д заасан эрх бүхий этгээд өөр хүнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна.
32.8. Хорооны гишүүнийг зөвхөн нэг удаа улируулан томилж болно.
32.9. Хорооны дарга орон тооны, гишүүд орон тооны бус байна.
32.10. Хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно. Гишүүдэд урамшил олгох журмыг Хорооны дүрмээр зохицуулна.
/Энэ зүйлийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
33 дугаар зүйл. Хорооны гишүүнд тавигдах шалгуур, хориглох зүйл
33.1. Хорооны гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:
33.1.1. эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл болон хууль зүйн салбарын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх;
33.1.2. мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
33.2. Хорооны гишүүнд энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад дараахь зүйлийг хориглоно:
33.2.1. дотоод мэдээллийг Хорооны зөвшөөрөлгүйгээр бусдад мэдээлэх, дамжуулах;
33.2.2. дотоод мэдээлэл ашиглан үнэт цаасны арилжаанд оролцох;
33.2.3. үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын хувь нийлүүлэгч болох, удирдлагад нь сонгогдох, томилогдох;
33.2.4. хэлэлцэж буй асуудалд хувийн сонирхлын үүднээс хандах.
/Энэ зүйлийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
34 дүгээр зүйл. Хорооны эрх хэмжээ
34.1. Хороо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараахь эрх хэмжээтэй байна:
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
34.1.1. үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
34.1.2. үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх төрийн бодлогыг боловсруулж, эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;
34.1.3. эрх хэмжээнийхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх;
34.1.4. үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагад үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
34.1.5. үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтэнд ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах, эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
34.1.6. хөрөнгө оруулагчийн эрх ашигт хохиролтой гэж үзсэн нөхцөлд үнэт цаасны арилжааг түр зогсоох;
34.1.7. Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх, бүртгэлгүй үнэт цаасны арилжааг зогсоох, хориглох;
34.1.8. хувьцаат компанийн хувьцааны хяналтын багц буюу түүнээс дээш хувийг дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээд худалдан авахаар гаргасан тендер саналыг энэ хуульд заасан журмын дагуу зөвшөөрөх, бүртгэх, хянах;
34.1.9. үнэт цаас гаргагч, үнэт цаас эзэмшигч болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага хууль тогтоомж, Хорооноос тогтоосон журамд заасан мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа эсэхэд хяналт тавих;
34.1.10. үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын санхүүгийн тайлан, мэдээ, түүний тайлбар тодруулгад зайлшгүй тусгагдах үзүүлэлт, тайлан, мэдээний маягт хэрэглэх талаар журам тогтоож мөрдүүлэх;
34.1.11. хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг үндэстэй гэж үзвэл тухайн үнэт цаасны арилжааг түр зогсоон шалгах, зөрчилтэй нь нотлогдвол түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгох;
34.1.12. үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас тогтоосон үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх;
34.1.13. үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, бусад баримтыг аудитын болон үнэлгээний байгууллагаар шалгуулан баталгаажуулахыг шаардах;
34.1.14. Хорооны гишүүн, ажлын албаны болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдэнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа үнэт цаасны талаар мэдээлэл гаргуулах;
34.1.15. үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагчийн эрх олгох, хүчингүй болгох;
34.1.16. олон нийтэд мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, тогтоосон журмын дагуу үнэт цаасны зах зээлд оролцогчид мэргэжлийн зөвлөлгөө өгөх ажлыг зохион байгуулах.
35 дугаар зүйл. Хорооны хуралдаан
35.1. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
35.2. Хорооны гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
35.3. Хуралдаанаар баримтлах дэгээ Хороо тогтооно.
35.4. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, тэмдэглэл гаргана. Тогтоол, тэмдэглэлд Хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
/Энэ зүйлийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
36 дугаар зүйл. Хорооны гишүүний эрх хэмжээ
36.1. Хорооны дарга нь Хорооны гишүүн, үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнээс гадна дараахь эрх хэмжээтэй байна:
36.1.1. Хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
36.1.2. Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, удирдах;
36.1.3. Хорооны гишүүн, ажилтны ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
36.1.4. эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах.
36.2. Хорооны даргын эзгүйд түүнийг Хорооны шийдвэрээр аль нэг гишүүн орлон ажиллана.
36.3. Хорооны гишүүн нь үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнээс гадна Хорооны хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах, Хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох, хууль тогтоомжид заасан бусад эрх хэмжээтэй байна.
/Энэ зүйлийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
37 дугаар зүйл. Үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагчийн
37.1. Хорооноос эрх олгосон ажлын албаны ажилтан үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/-ийн эрхтэй байна. Улсын байцаагч нь үнэмлэхтэй байх бөгөөд хувийн тэмдэг, торгуулийн хуудас хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
37.2. Улсын байцаагч дараахь эрх хэмжээтэй байна:
37.2.1. үнэт цаасны зах зээлийн талаархи хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шаардлагатай асуудлыг Хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулах;
37.2.2. хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
37.2.3. үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн буюу зөрчсөн нь тогтоогдсон бол үнэт цаасны арилжааг түр зогсоох, үнэт цаасыг тусгаарлах;
37.2.4. хяналт шалгалтын дүнг үндэслэн акт тогтоох, түүний гүйцэтгэлийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгч шаардлага тавих;
37.2.5. энэ хуулийн 37.2.4-д заасан шаардлагыг биелүүлээгүй үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, үйл ажиллагааг нь түр зогсоох, шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгох саналыг Хороонд оруулж шийдвэрлүүлэх;
37.2.6. үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг ямар нэгэн этгээд зөрчихөөр завдаж байгааг баримтаар нотолсон, түүнчлэн зөрчлийг тогтоосон нөхцөлд төвлөрсөн хадгаламж дахь дансаар хийгдэх гүйлгээг түр зогсоох.
37.3. Хороо дараахь тохиолдолд улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгоно:
37.3.1. хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон буюу гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон;
37.3.2. үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.
37.4. Улсын байцаагч нь Төрийн албаны тухай1 хуульд зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:
37.4.1. хяналт шалгалт хийх эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчин хувиас гаргасан зардлыг Хорооны төсвөөс тогтоосон журмын дагуу нөхөн олгоно;
37.4.2. хяналт шалгалт хийх эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны турш тус тус авна;
37.4.3. хяналт шалгалт хийх эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний албан тушаалын гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн ар гэрт олгоно;
37.4.4. энэ хуулийн 37.4.2, 37.4.3-т заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
[edit]38 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж
38.1. Үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагч үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
38.1.1. энэ хуулийн 7.2, 9.5, 9.6, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5, 11.7, 11.8, 14.1, 14.2, 15.1, 19.2.1, 19.2.4, 19.2.5, 19.2.6, 19.2.7, 19.2.8, 19.2.11, 21.3.1, 21.3.3, 21.4, 26.8, 27.3, 12 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол иргэнийг 20000-40000, албан тушаалтныг 30000-50000, хуулийн этгээдийг 100000-200000 төгрөгөөр торгох;
38.1.2. энэ хуулийн 5.6, 7.7, 9.3, 13.1, 17.2, 22.6, 25.5, 26.9, 29.3, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол албан тушаалтныг 40000-60000, хуулийн этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгох.
39 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
39.1. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
39.2. Энэ хуулийн Хөрөнгө оруулалтын сан болон Брокер, дилерийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг заасан 26.3, 27.1 дэх хэсгийг 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |