Монгол Улсын Хүнсний тухай хууль (1999)
/ЭНЭ ХУУЛИЙГ 2012 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 10 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
ХҮНСНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдон төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хүнсний тухай хууль тогтоомж
2.1.Хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хүнс" гэж хүний бие махбодийн өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах шим тэжээл бүхий хүнсний түүхий эд, бэлдэц, хоол, идээ, ундаа, ундны усыг;
3.1.2."хүнсний аюулгүй байдал" гэж хүнсэнд чанар, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээ хангагдсан байхыг;
3.1.3."хүнсний эрүүл ахуй" гэж хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулах явцад хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг;
3.1.4."хүнсний нэмэлт" гэж хүнсийг өвөрмөц чанартай болгох зориулалтаар технологийн дагуу хэрэглэдэг бодис, хольцыг;
3.1.5."зориулалтын хүнс" гэж хүний эрхэлж байгаа хөдөлмөр, бие махбодийн онцлогт тохируулан, эсхүл эмчилгээний зориулалтаар тусгайлан бэлтгэсэн хүнсийг;
3.1.6."стратегийн хүнс" гэж монгол хүн хүнсэндээ хэрэглэж дадсан, хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай мах, буудай, тарианы үр, давс, ундны усыг;
3.1.7."хүнсийг баяжуулах" гэж хүний эрүүл мэндэд чухал шаардлагатай тухайн бүтээгдэхүүнд агуулагддаггүй, эсхүл боловсруулалтын явцад алдагддаг амин дэм, амин хүчил болон бичил бодисуудыг тусгай технологи, стандартын дагуу нэмэхийг;
3.1.8."хүнсний аюулгүйн үзүүлэлт" гэж хүнсэн дэх нян, мөөгөнцөр, тэдгээрийн хор, физик, химийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг;
3.1.9."хүнсний аюулгүйн анхан шатны үзүүлэлт" гэж мэдрэхүйгээр буюу түргэвчилсэн шинжилгээний аргаар тодорхойлогдох эрүүл ахуйн хэм хэмжээг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
[edit]4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
4.1.Улсын Их Хурал хүнсний асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд нь хяналт тавих;
4.1.2.стратегийн хүнс үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчдийг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих;
4.1.3.улсын нөөцийн хүнсний нэр төрлийг тогтоох,өөрчлөх.
5 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
5.1.Засгийн газар хүнсний асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.улсын нөөцийн хүнсийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах, нөхөн сэлбэх журмыг тогтоох, шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгаж шийдвэрлүүлэх;
5.1.2.хүн амын ундны усны хайгуул хийх, усны нөөц, уст цэгийг нэмэгдүүлэх, ус цэнгэгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
5.1.3.хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох, хүнсийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтын журам тогтоох;
5.1.4.хүн амын ундны усны эх үүсвэр, усан хангамжийн байгууламжийг хамгаалалтад байлгах, түүнд хяналт тавих журам тогтоох;
5.1.5.стратегийн хүнсний үйлдвэрлэлд улсын захиалга өгөх, хөнгөлөлттэй зээл олгох;
5.1.6.өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах үйлдвэрлэлийг дэмжих;
5.1.7.хүн амын хүнсний бодит хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, найрлага, шим тэжээлийн зохистой харьцаа болон зориулалтын хүнс хэрэглэгчийн хоолны нормын хангалтад судалгаа, дүгнэлт хийж, жил тутам Улсын Их Хуралд мэдээлэх;
5.1.8./Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.9.хүнсний аюулгүй байдалд тавих хяналтын дүрмийг батлах.
6 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
6.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.хүнсний хангамж, аюулгүй байдлыг харгалзан тухайн жилд импортлох, экспортлох мал, стратегийн хүнсний нэр төрөл, хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх;
6.1.2.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх технологи болон ургамал, амьтны гаралтай түүхий эдийн ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам, хэм хэмжээ, шаардлагыг тогтоох;
6.1.3./Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.1.4.хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх.
6.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.2.1.хүнс, түүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч этгээдээс хүнсний эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангах талаар мөрдөх нийтлэг журам, заавар, үзүүлэлтийг батлах;
6.2.2.хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрт хэрэглэж байгаа пестицид, эм, даавар, бордоо, химийн бусад бодис, хүнд металлын үлдэгдэл, цацраг идэвхт бодис, бичил биетэн, хүнсний нэмэлт, бусад хольцын эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоож, үндэсний стандартад тусгах;
6.2.3.хүнсийг баяжуулахад шаардлагатай бичил бодисын зохистой хэмжээг тогтоох.
7 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний аюулгүй байдлын талаархи бодлого, хөтөлбөрийг баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
7.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.2.1.нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний аюулгүй байдлын талаархи бодлого, хөтөлбөр боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэх;
7.2.2.нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний аюулгүй байдлын талаархи бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, хүн амын хэрэглээний бодит гүйцэтгэлийг жил бүр тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах, холбогдох асуудлыг зохих байгууллагад уламжлах;
7.2.3.иргэн, хуулийн этгээд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэх;
7.2.4.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа орчинд хүнсэнд бохирдолт үүсгэх нөлөө бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хориглох;
7.2.5.хүн амыг ундны усаар хангах ажлыг зохион байгуулж, ундны усны эх булаг, сан, ус түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад байгууламжийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих.
7.3.Аймаг, нийслэл нь хүнсний тодорхой хэмжээний нөөцтэй байж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ХҮНСНИЙ ЧАНАР, ЭРҮҮЛ АХУЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
[edit]8 дугаар зүйл.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээдийн эрх
8.1.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд дараахь эрхтэй:
8.1.1.бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийх эрх бүхий лабораторийг сонгох;
8.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдуулан гаргасан дүгнэлт, авсан арга хэмжээний талаар улсын байцаагчаас тайлбар шаардах, тайлбар өгөх, гомдол гаргах.
9 дүгээр зүйл.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээдийн үүрэг, түүнд тавигдах шаардлага, хориглох зүйл
9.1.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд дор дурдсан үүрэгтэй:
9.1.1.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу эрхлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах;
9.1.2.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө болон үйл ажиллагаа явуулах явцдаа энэ хуулийн 9.1.1-д заасан шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;
9.1.3.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь хэрэглэгчийн шаардлагаар түүнд энэ хуулийн 9.2.1; 9.2.3; 9.6-д заасан баримт бичгийг үзүүлэх.
9.2.Мал, амьтны болон ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд дор дурдсан шаардлага хангана:
9.2.1.мал, амьтны болон ургамлын гаралтай хүнсний түүхий эдийг бэлтгэхдээ тухайн нутаг дэвсгэрийн мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн эрх бүхий байгууллагаар магадлан шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулсан байх;
9.2.2.хүнсний үйлдвэрлэлийн дотоодын хяналтын лаборатори магадлан шинжилгээ хийх тохиолдолд зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх;
9.2.3.шинээр үйлдвэрлэж байгаа хүнсийг стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа борлуулах;
9.2.4.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах бичил биетэн, химийн бодис, эм, даавар, шавьж мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхт бодисыг эрүүл ахуй, халдвар судлал, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн мэргэжлийн хяналтын зохих байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулан,тогтоосон журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх;
9.2.5.хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх зориулалттай машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав, баглаа боодол, ариутгал цэвэрлэгээний бодис нь чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байх;
9.2.6.хүнсийг чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын дагуу савлаж, шошголох, түүнд тэжээллэг чанар, найрлага, хэрэглэх арга, хадгалах хугацаа, анхааруулгыг заах;
9.2.7.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагуудтай зөвшилцсөн зураг төсөл, дүгнэлтийн дагуу гүйцэтгэх.
9.3.Иргэн, хуулийн этгээд хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо дор дурдсан шаардлага хангана:
9.3.1.бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтүүд нь олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх;
9.3.2.мал, амьтан, шувууны болон түүхий мах,өөх, дотор мах, дайвар бүтээгдэхүүн, загас, бусад түүхий эд, өндөг,ургамал, үр, ургамлын гаралтай түүхий эд, зориулалтын хүнс, согтууруулах ундааг импортлохдоо холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад ажлын 20 өдөрт багтаан мэдэгдэж, тухайн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон гэрээг үндэслэн урьдчилан зөвшөөрөл авсан байх;
9.3.3.хүнсний бүтээгдэхүүний дээжид эрүүл ахуйн аюулгүй байдлын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх.
9.4.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
9.4.1.аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаас олгогдсон дүгнэлтгүйгээр хүнсийг нийтэд борлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах;
9.4.2.бохирдолтын хэмжээ эрүүл ахуй, аюулгүй байдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн хүнсийг үйлдвэрлэх, борлуулах;
9.4.3.мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн лабораториор халдваргүй болохыг нь баталгаажуулаагүй мал, амьтан, тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үр, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн борлуулах.
9.5.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний технологич нь мэргэжлийн байна.
9.6.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх иргэн нь эрүүл мэндийн үзлэгт орж, магадлагаа гаргуулсан байна.
10 дугаар зүйл.Улсын хүнсний нөөц
10.1.Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, гоц аюулт халдварт өвчин, гэнэтийн бусад аюул учирч хүнсний хангамжийн ноцтой бэрхшээл тохиолдсон нөхцөлд болон цэргийн дайчилгаанд хэрэглэх зорилгоор улсын нөөцийн хүнсийг бүрдүүлнэ.
10.2.Улсын нөөцийн хүнсэнд тураг мах, борц, нөөш, амьтны болон ургамлын гаралтай тос, буудай, тарианы үр, гурил, төрөл бүрийн будаа, ёотон, цай, хатаамал сүү, давс, этилийн спирт хамаарна.
10.3.Улсын нөөцийн хүнсний хөдөлгөөн, чанарын талаар Засгийн газар жил бүр Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлж байна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИХ ХЯНАЛТ, ТҮҮНИЙ ТОГТОЛЦОО
[edit]11 дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт
11.1.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг хүнс бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, савлах, тээвэрлэх, борлуулах болон хаягдал ашиглах шатанд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахад чиглүүлнэ.
11.2.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт дараахь хүрээг хамарна:
11.2.1.хүнсний бохирдолтын зөвшөөрөгдөх хэмжээ, заавал мөрдөх стандартын хэрэгжилт;
11.2.2.хүнсний үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, орчны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага;
11.2.3.импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлт, шаардлагын мөрдөлт;
11.2.4.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт оруулах, нядлах болон түүгээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үед тавигдах мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, түүний хэрэгжилт;
11.2.5.үр, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үед тавигдах ургамлын хорио цээрийн шаардлага түүний хэрэгжилт.
12 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдалд тавих улсын хяналтын тогтолцоо
12.1.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулна.
12.2.Хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг Төрийн хяналт, шалгалтын тухай хууль1-ийн 21 дүгээр зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.
12.3.Мэргэжлийн хяналтын байгууллага дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.3.1.хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлж, хүнсийг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл олгох;
12.3.2.аймаг, нийслэл, хилийн хяналтын албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгуулах;
12.3.3.мэргэжлийн хяналтын боловсон хүчнийг давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
12.3.4.чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс, түүний үйлдвэрлэлийн хэрэгслийг импортлох, экспортлохыг хориглох;
12.3.5.хүнсний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг судалж, дүгнэлт гарган, авах арга хэмжээний талаар санал боловсруулж, холбогдох байгууллагад оруулах;
12.3.6.хүнсний аюулгүй байдлын талаар мэдээллийн сан бүрдүүлэх.
12.4.Байнгын ажиллагаатай хилийн боомтод хүнсний аюулгүйн үзүүлэлт, бусад боомтод хүнсний аюулгүйн анхан шатны үзүүлэлтийг тодорхойлох лаборатори бүхий хяналтын алба ажиллуулна.
13 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих улсын байцаагчийн бүрэн эрх
13.1.Хүнсний аюулгүй байдлын хяналтыг хүнсний үйлдвэрлэлийн техник, технологи, эрүүл ахуй, үр, ургамал, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн мэргэшсэн улсын байцаагч дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
13.1.1.эрүүл ахуй, халдвар судлалын улсын байцаагч нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн эрүүл мэнд, үйлдвэрлэл, үйлчилгээний байр, орчин, үйлдвэрлэлийн дамжлагын эгзэгтэй цэг, хэрэглэхэд бэлэн болсон хүнсний ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдал;
13.1.2.мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь зах зээлд борлогдож байгаа болон нийтийн хоолны газар, боловсруулах үйлдвэрт түүхий эдийн зориулалтаар ашиглаж байгаа мал, амьтан, түүний түүхий мах, өөх, дотор мах, дайвар бүтээгдэхүүн, загас, сүү, цагаан идээ, түүхий өндөг, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээдийн байр, орчин, үйлдвэрлэлийн дамжлагын эгзэгтэй цэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдал;
13.1.3.ургамлын хорио цээрийн улсын байцаагч нь төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, ургамлын гаралтай хүнсний бусад түүхий эд болон төмс, хүнсний ногооны зоорь, агуулах, нийтийн хоолны газруудын ногоо хадгалах байр, төхөөрөмжийн ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдал;
13.1.4.хүнсний үйлдвэр, үйлчилгээний хяналтын улсын байцаагч нь хүнс, түүний үйлдвэрлэлийн хэрэгслийг үйлдвэрлэх, тэдгээрээр үйлчлэхэд мөрдөх технологийн нийтлэг хэм хэмжээ, шаардлагын хэрэгжилт;
13.1.5./Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон./
13.2.Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.2.1.хүнсний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, гарсан зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, зөрчил гаргагчид хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх;
13.2.2.хүнсний гаралтай хордлого, хордлогот халдварын шалтгааныг тогтоох, таслан зогсоох, нийтэд шуурхай мэдээлэх;
13.2.3.энэ хуулийн 9.1.2, 9.2.4-т заасан дүгнэлтийг ажлын 5 өдөрт, нөөшилсөн хүнсний зүйлийн шинжилгээ, дүгнэлтийг ажлын 20 өдөрт тус тус багтаан гаргана.
13.3.Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих улсын байцаагч дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
13.3.1.аливаа иргэн, хуулийн этгээдийн хувийн ашиг сонирхлын үүднээс болон тэдгээрт давуу байдал олгосон шийдвэр гаргах;
13.3.2.шалгалтын явцад олж мэдсэн нууцыг задруулах;
13.3.3.бүрэн эрхээ урвуулан ашиглах, техник хэрэгслээ зориулалт бусаар ашиглах.
14 дүгээр зүйл.Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд тавих хяналт, баталгаажуулалт
14.1.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээдийн бүтээгдэхүүний дээжийн ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдалд эрүүл ахуй, халдвар судлал, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн лаборатори магадлан шинжилгээ хийнэ.
14.2.Лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэн улсын хяналтын ахлах болон ерөнхий байцаагч дүгнэлт гарган баталгаажуулна.
14.3.Хүнсний аюулгүй байдалд магадлан шинжилгээ хийх лабораторид стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохих журмын дагуу итгэмжлэл олгоно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
15 дугаар зүйл.Хүнсний ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдалд тавих хөндлөнгийн хяналт
15.1.Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдалд хөндлөнгийн хяналт тавьж болно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
15.2.Хүнсний хөндлөнгийн хяналтын байгууллагад стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага итгэмжлэл олгоно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
16 дугаар зүйл.Хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих дотоодын болон олон нийтийн хяналт
16.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд нь эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтлэг шаардлагад нийцүүлэн технологийн горим, ариун цэврийн дүрмийг баталж, түүний стандарт, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилтэд дотоодын хяналт тавина.
16.2.Иргэн, төрийн бус байгууллага хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг төрийн захиргааны болон хяналтын эрх бүхий байгуулага, албан тушаалтанд мэдээлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийг сэрэмжлүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
[edit]17 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
17.1.Хүнсний тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд улсын байцаагч буюу шүүгч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
17.1.1.энэ хуулийн 9.1.1, 9.1.3, 9.2.5, 9.2.6, 9.5, 9.6-г зөрчсөн бол иргэнийг 8000-15000, албан тушаалтныг 10000-20000, хуулийн этгээдийг 60000-150000 төгрөгөөр торгох;
17.1.2.энэ хуулийн 9.1.2, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.4-ийг зөрчсөн бол иргэнийг 15000-30000, албан тушаалтныг 20000-40000, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;
17.1.3.энэ хуулийн 9.2.7, 9.3, 9.4-ийг зөрчсөн бол иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 40000-60000, хуулийн этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгох;
17.1.4.хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон хүнсийг хураан авч устгаж, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох.
17.2.Зөрчил гаргасан этгээд энэ хуулийн 17.1.2-т заасан зөрчлийг нэг жилийн дотор давтан гаргаснаас үйлдвэрлэл, үйлчилгээг үргэлжлүүлэх нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа бол иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдийн тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрхийг шүүгч зургаан сарын хугацаагаар хасна.
18 дугаар зүйл.Гомдол гаргах
18.1. Энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан шийтгэлийг үндэслэлгүй ногдуулсан гэж үзсэн иргэн, хуулийн этгээд зохих журмаар гомдол гаргаж болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |