Монгол Улсын Хүнсний тухай хууль
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ХҮНСНИЙ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хүнсний тухай хууль тогтоомж
2.1.Хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг;
3.1.2."хүнсний аюулгүй байдал" гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг;
3.1.3."хүнсний чанар" гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтын болон хэрэглээний шаардлага хангасан байдлыг;
3.1.4."хүнсний эрүүл ахуй" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.5-д заасныг;
3.1.5."органик хүнс" гэж мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг;
3.1.6."стратегийн хүнс" гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг;
3.1.7."шим тэжээллэг хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм болон ашигтай бичил биетний зохистой агууламжтай хүнсийг;
3.1.8."шинэ технологиор үйлдвэрлэсэн" гэж Монгол Улсад урьд өмнө нь үйлдвэрлэж, практикт хэрэглэж байгаагүй, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргаар үйлдвэрлэсэн, эсхүл шинэ технологийг импортлон үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нь батлагдсан, хуульд заасны дагуу эрхийн хамгаалалт хийгдсэнийг;
3.1.9."хүнсний нэмэлт" гэж дангаараа бүтээгдэхүүн, эсхүл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг;
3.1.10."бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө" гэж хүнсийг боловсруулах шатанд үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг бичил биетэн, тэдгээрийн биомасс бэлдмэлийг;
3.1.11."хүнсний сүлжээ" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.6-д заасныг;
3.1.12."хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг;
3.1.13."зохистой дадал" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.19-4.1.21–д заасныг.
4 дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангах зарчим
4.1.Хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:
4.1.1.хүнсний хангамж тогтвортой, хүртээмжтэй байх;
4.1.2.хүнс нь хүний эрүүл мэндэд шаардлагатай шим тэжээллэг найрлагатай байх;
4.1.3.хүнс нь хүний эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахааргүй байх;
4.1.4.хүнсний талаарх мэдээлэл үнэн зөв, ил тод, бодитой байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ХҮНСНИЙ ХАНГАМЖ
[edit]5 дугаар зүйл.Хүнсний хангамжийг тодорхойлох
5.1.Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний хангамжийг тодорхойлно.
5.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний хангамжийг тодорхойлно.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу тодорхойлсон хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллагын нэгж, сум, тосгонд хүнсний асуудал хариуцсан албан хаагч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1 дүгээр зүйл.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам
/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг нэр төрлөөс нь хамааруулан дараах хугацаанд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд цахимаар хүргүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.1.1.сүүний тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 06 дугаар сарын 10-ны дотор;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.1.2.малын махны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны дотор;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.1.3.гурил, тарианы үр, хүнсний улаан буудай, ундны усны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.2.Хүнсний хангамжийн тогтвортой, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх нэмэлт саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд оруулж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага стратегийн хүнсийг экспортлох зөвшөөрөл олгоход зөвшөөрөлд заасан тоо хэмжээний 10 хүртэл хувьд тухайн стратегийн хүнсийг дотоодын зах зээлд нийлүүлэх, импортлох зөвшөөрлийг олгоход зөвшөөрөлд заасан тоо хэмжээний 50 хүртэл хувьд тухайн стратегийн хүнсийг дотоодын зах зээлээс худалдан авах шаардлагыг тавьж, хуулийн этгээдтэй энэ талаар гэрээ байгуулж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.4.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулахаар хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэсэн, эсхүл энэ хуулийн 51.22-т зааснаас бусад тохиолдолд стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.5.Энэ хуулийн 51.4-т заасан сонгон шалгаруулалтыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.6.Энэ хуулийн 51.5-д заасан ажлын хэсэг стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын зар гаргах, урилга хүргэх, хариу илгээх, үр дүнг мэдээлэх ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.7.Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хуулийн этгээд дараах баримт бичгийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.7.1.экспортлох, эсхүл импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг заасан албан бичиг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.7.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.7.3.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрийн байртай болохыг нотолсон холбогдох хяналтын байцаагчийн тодорхойлолт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.7.4.экспортлогч, импортлогч улсын үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.7.5.шаардлагатай тохиолдолд импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн албаны эрх бүхий байгууллагын итгэмжлэл.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.8.Энэ хуулийн 51.7-д заасан баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацааг цахим зар гаргасан өдрөөс эхлэн тооцож, ажлын 10 өдрөөр тогтооно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.9.Ажлын хэсэг хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй бөгөөд дутуу баримт бичгийг нөхөн бүрдүүлэхгүй. Хуулийн этгээдийн тамга, тэмдэггүй, гарын үсэггүй, огноо тодорхойгүй, шаардлага хангаагүй баримт бичиг ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах бөгөөд энэ талаар хүсэлт гаргагчид ажлын хоёр өдрийн дотор мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.10.Ажлын хэсэг хуулийн этгээдээс ирүүлсэн баримт бичигтэй холбоотой асуудлаар тайлбар болон энэ хуулийн 51.7-д зааснаас бусад баримт бичгийг энэ хуулийн 51.13-т заасан хугацаанд багтаан тухайн хуулийн этгээдээс нэмэлтээр шаардаж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.11.Ажлын хэсэг стратегийн хүнсийг экспортлох, импортлох хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд үнэлгээ хийж, нэг хуулийн этгээдэд өгч болох тоо хэмжээний зөвшөөрлийн дээд хэмжээг тогтоож болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.12.Ажлын хэсэг хуулийн этгээдийн хүсэлтэд дурдсан тоо хэмжээ болон энэ хуулийн 51.7, 51.10, 51.11-д заасан баримт бичгийг магадлан шалгасны үндсэн дээр уг хуулийн этгээдэд тухайн стратегийн хүнсийг экспортлох, эсхүл импортлох зөвшөөрөл олгох тоо хэмжээг тогтооно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.13.Ажлын хэсэг баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан сонгон шалгаруулалтыг явуулж, импортлох, эсхүл экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээ бүхий зөвшөөрөл олгох тухай мэдэгдлийг хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.14.Хуулийн этгээд энэ хуулийн 51.9-д заасан мэдэгдэл болон 51.13-т заасан тоо хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.15.Энэ хуулийн 51.14-т заасан гомдлыг ажлын гурван өдөрт хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.16.Хуулийн этгээдээс энэ хуулийн 51.14-т заасан хугацаанд гомдол ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж үзвэл хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шалгарсан хуулийн этгээдэд ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.17.Зөвшөөрлийн хугацаа нь энэ хуулийн 51.16-д заасан шийдвэр гарснаас хойш 12 сараас, энэ хуулийн 51.2-т заасан нэмэлт зөвшөөрлийн хугацаа нь зургаан сараас хэтрэхгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.18.Хүн амын хүнсний хангамж, үнийн түвшинг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний хязгаар тогтоохгүй, тухайн жилийн мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй байх зохицуулалтыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хийж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.19.Хуулийн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна энэ хуулийн 51.17-д заасан хугацааны дотор стратегийн хүнсийг экспортлоогүй, импортлоогүй тохиолдолд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрлийг хүчингүй болгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.20.Энэ хуулийн 51.19-д заасны дагуу хүчингүй болгосон зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд ногдох стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг дахин сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.21.Хуулийн этгээд зөвшөөрлийг бусдад дамжуулах, шилжүүлэх, худалдахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.22.Дараах тохиолдолд стратегийн хүнсийг нэг удаагийн зөвшөөрлөөр экспортолж, импортолж болно:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.22.1.зах зээлд шинээр нэвтрэх, бүтээгдэхүүний дээж хүргүүлэх, туршилтын ачилт хийх;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.22.2.Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл энэ хуулийн 18.5.1-д заасан хугацаанд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаар зөвлөмж гаргаагүй.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.23.Стратегийн хүнсийг нэг удаагийн зөвшөөрлөөр экспортлох, импортлох хуулийн этгээд энэ хуулийн 51.7.1, 51.7.2, 51.7.3, 51.7.4, 51.7.5-д заасан баримт бичгийг бүрдүүлж, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.24.Стратегийн хүнсийг нэг удаа экспортлох, импортлох зөвшөөрлийг энэ хуулийн 51.5-д заасан ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл.Хүнсний нөөц
6.1.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлнэ.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.
6.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
6.4.Засгийн газар хүнсний эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас хамааран энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоож болно.
6.5.Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ.
6.6.Хүн амын эмзэг бүлгийг тодорхойлох аргачлал гаргаж, судалгаа хийх, тэдний хүнсний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.
6.7.Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно.
6.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.9.Энэ хуулийн 6.8-д заасан зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.
6.10.Хүнсний улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
6.11.Гадаадын зээл, тусламжаар хүнс авахтай холбогдсон харилцааг Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.12.Засгийн газар Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.9-д зааснаас бусад зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл.Хувиргасан амьд организмаас гаралтай хүнс
7.1.Удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмаас гарган авсан хүнсийг хувиргасан амьд организмаас гаралтай хүнс гэнэ.
7.2.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 14.1-д заасан журмын дагуу хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг бүртгэнэ.
7.3.Хувиргасан амьд организмаас гаралтай импортын хүнсний талаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хорио цээрийн хяналт шалгалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон биоаюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага цахим хэлбэрээр нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.4.Гадаадын зээл, тусламжаар хувиргасан амьд организмаас гаралтай хүнс авахыг хориглоно.
8 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал
8.1.Төрөөс дор дурдсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг, урамшуулал үзүүлж болно:
8.1.1.стратегийн хүнсний үйлдвэрлэл;
8.1.2.дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний хүнсний импорт;
8.1.3.хүүхдийн хоол тэжээл болон органик хүнсний үйлдвэрлэл;
8.1.4.хүний бие махбодийг бүхэлд нь, эсхүл тодорхой эрхтэний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчилгээ бүхий биологийн идэвхт бодис, баяжуулсан, ашигтай бичил биетэн агуулсан зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэл;
8.1.5.үйл ажиллагаандаа зохистой дадал, энэ хуулийн 10.2.1-д заасан хяналтыг нэвтрүүлсэн;
8.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалсан;
8.1.7.дотоодын түүхий эд ашиглан шинэ технологиор импортыг орлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.
8.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд олгох урамшуулалтай холбогдсон харилцааг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.
8.3.Мал төхөөрөх болон сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болно.
8.4.Энэ хуулийн 8.1.2-т заасан өргөн хэрэглээний хүнсний жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.5.Энэ хуулийн 8.1, 8.3-т заасан үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, урамшууллын хэлбэр, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.
9 дүгээр зүйл.Хүнсний шим тэжээлийн зохистой байдлыг хангах
9.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний шим тэжээлийн зохистой байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.хүн амын хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгааг таван жил тутамд гаргаж, дүнг холбогдох төрийн байгууллага болон нийтэд мэдээлэх;
9.1.2.энэ хуулийн 9.1.1-д заасан судалгаанд үндэслэн хүн амын зохистой хооллолт болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
9.1.3.шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний эрсдэлийг үнэлэх журам батлах.
9.2.Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай биологийн идэвхт хүчин зүйлээр баяжуулах, эсхүл илүүдэл бодисын агууламжийг багасган зохицуулж болно.
9.3.Хүнсийг баяжуулах, найрлагыг нь зохицуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА
[edit]10 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлага
10.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавина:
10.1.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах;
10.1.2.стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;
10.1.3.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгэх;
10.1.4.үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлэх;
10.1.5.боловсруулах болон нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх;
10.1.6.үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;
10.1.7.хуульд заасан бол зөвшөөрөл авсан байх.
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дараах хяналт, удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж болно:
10.2.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.3-т заасан аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт;
10.2.2.хүнсний чанарын удирдлага;
10.2.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлага.
10.3.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсноос бусад пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглоно.
11 дүгээр зүйл.Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага
11.1.Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
11.2.1.экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх;
11.2.2.импортлох хүнс нь зохистой дадал, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байх;
11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх;
11.2.4.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх.
11.3.Импортлогч энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө /цаашид "өсгөврийн хөрөнгө" гэх/, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, энэ хуулийн 7.2-т заасны дагуу бүртгүүлээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, БҮРТГЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ
[edit]12 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт
12.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журмыг Засгийн газар батална.
12.3.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
13 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт
13.1.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт дараах үйл ажиллагаагаар хэрэгжинэ:
13.1.1.зах зээл дэх хүнсний чанар, шим тэжээллэг байдалд хийх тандалт судалгаа;
13.1.2.хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих төрийн хяналт;
13.1.3.хүнс экспортлох, импортлоход тавих гаалийн болон хорио цээрийн хяналт;
13.1.4.стратегийн хүнс экспортлох, импортлох тохиолдолд энэ хуулийн 6.8-д заасан зөвшөөрөл олголт.
13.2.Энэ хуулийн 13.1.2, 13.1.3-т заасан хяналтыг холбогдох хуулиар зохицуулна.
13.3.Хуульд заасан хүрээ, хязгаарын дотор мэргэжлийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, иргэн хүнсний аюулгүй байдалд хөндлөнгийн хяналт тавьж болно.
14 дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн бус байгууллагын оролцоо
14.1.Төрийн бус байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах чиглэлээр оролцоно:
14.1.1.хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
14.1.2.хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрхийг хамгаалах асуудлаар саналаа төрийн болон нутгийн захиргааны байгууллагад уламжлах;
14.1.3.хүнсний аюулгүй байдлыг хангах, зохистой хооллолтыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
14.1.4.хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдох судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх.
15 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангахад үзүүлэх хэрэглэгчийн дэмжлэг
15.1.Хэрэглэгч дараах оролцоогоор хүнсний чанар, эрүүл ахуй, хангамж, хүртээмжийг хангах үйл ажиллагааг дэмжинэ:
15.1.1.гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах;
15.1.2.нас, хүйс, эрүүл мэнд, хөдөлмөр, байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай шим тэжээллэг бодисыг зохистой харьцаагаар агуулсан хүнс хэрэглэх талаар мэдлэг олж авах, арга барил эзэмших;
15.1.3.хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалах, бэлтгэх, боловсруулах, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадалд хэвшүүлэх.
16 дугаар зүйл.Бүртгэл
16.1.Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.3.Хүнсэн дэх цацрагийн түвшинг тодорхойлох, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна.
16.4.Органик хүнстэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
17 дугаар зүйл.Баталгаажуулалт
17.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 10.1.4, 10.2-т заасан зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллагаар баталгаажуулж болно.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллага болон баталгаажуулалт авсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, нийтэд мэдээлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ - ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
[edit]18 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл
18.1.Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл гэх"/ Засгийн газрын дэргэд ажиллах бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Монгол Улсын Ерөнхий сайд байна.
18.2.Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэг бүхий нарийн бичгийн дарга орон тооны байна.
18.3.Үндэсний зөвлөл нь мэргэжлийн салбар зөвлөл, шинжээчдийн багтай байж болно.
18.4.Засгийн газар Үндэсний зөвлөлийн дүрэм, ажиллах журмыг баталж, бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлнө.
18.5.Үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.5.1.хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
18.5.2.хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
18.5.3.хүнсний аюулгүй байдлын талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлж, чиглэл өгөх;
18.5.4.хүн амын хүнсний бодит хэрэглээ, хангамжийн болон чанар, эрүүл ахуйн төлөв байдал, хүнсний нэр төрөл, найрлага, шим тэжээлийн зохистой харьцаа, цаашид авах арга хэмжээний талаар жил бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах;
18.5.5.хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын талаарх тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулах.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
[edit]19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
20.1.Энэ хуулийг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
20.2.Энэ хуулийн 10.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |