Хуучин хүү

From Wikisource
Jump to navigation Jump to search
Хуучин хүү  (1930) 
by Дашдоржийн Нацагдорж

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана.

Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина.

Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.

Гавж Жамбал хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.

Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорж, дэлхийн боловсролоос гээгдэнэ.

Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэж тэнгэрт мөргөсөөр нэг нас барна.

Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуу алчуураар толгойгоо ороожээ. Ширэлдсэн хар гэзгийн сэрвийсэн хэдэн үс шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохой гаргажээ.

Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд гэрт оров.

“Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байгаа.

Дамба морь эрэхээр явсан. Гомбо Хангай ороод ирсэн” гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай гэж доогуур харан, зайсан гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна.

Авгай хүүхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирын унага татаж өгч айраг олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ.

Дэндэв тайжийнд хонь гаргаж өгч, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана.

Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зүүн хушууны захад хүрсэнгүй, баруун мөрний тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.

Нас хэдийгээр залуу боловч үгээгүй ядуу, өнчин балчир тул нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.

өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ.

өтгөс, хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.

Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ.

Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ.

Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ.

Хайран, хайран, хөөрхий, хөөрхий.

Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.

Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.

Хөх монгол улаан монгол болов

Хуучин хүү шинж хүү болов

Юутай завшаан, юутай баяр.

1930 он


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are copyrighted for:

  • 50 years after the death of the creator (§§ 13, 2),
  • 75 years after publication for anonymous and pseudonymous works (§§ 13, 4),

and then enter the public domain.