Монгол Улсын хилийн тухай хууль (1993)

From Wikisource
Jump to navigation Jump to search
Монгол Улсын хилийн тухай хууль  (1993) 

/Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ[edit]

1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн зорилт

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хил хамгаалах байгууллагын тогтолцоо, бүрэн эрхийг тодорхойлох, хил хамгаалалтад иргэн, байгууллагыг оролцуулах, хилийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын хилийн тухай хуультогтоомж, олон улсын гэрээ

1.Монгол Улсын хилийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын хилийн тухай хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоосон нь Үндсэн хуульд харшлаагүй бол олон улсын гэрээний заалтыг баримтална.

3.Хилийн боомт, түүнд мөрдөх журамтай холбогдсон харилцааг Хилийн боомтын тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл.Монгол Улсын хил

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил /цаашид "улсын хил" гэх/ гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

Улсын хил халдашгүй дархан байна.

4 дүгээр зүйл.Хилийн ус

Улсын хилийн шугам дайран өнгөрч байгаа нуур,гол, мөрөн, горхи болон гадаргын бусад усыг хилийн ус гэнэ. Улсын хилийн шугамаас дотогш орших хилийн ус нь Монгол Улсын усны нэгдмэл сангийн бүрдэл хэсэг байна.

5 дугаар зүйл.Улсын хилийн шугамын асуудлыг шийдвэрлэх

Улсын хилийг тодорхойлох, тогтоох, өөрчлөх асуудлыг Монгол Улсын Их Хурал, улсын хилийг хамтран шалгах асуудлыг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэнэ.

6 дугаар зүйл.Улсын хилийг тодорхойлох

Улсын хилийг газар дээр нь тогтоохын тулд хил залгаа улстай хилийн шугамыг тодорхойлж, хилийн гэрээ байгуулна. Уг гэрээг Улсын Их Хурал соёрхон батална.

7 дугаар зүйл.Улсын хилийг тогтоох

1.Улсын хилийг газар дээр нь дараахь зарчим баримтлан тогтооно:

1/хуурай газарт тодорхой тэмдэгт, тогтвортой юмсыг хооронд нь холбосон шулуун шугамаар, эсхүл уул, нурууны усны хагалбараар;

2/гол, мөрөн, горхинд үндсэн урсгалын дундуур, нууранд нуурын эрэгт тулж ирсэн улсын хилийн шугамын хоёр үзүүрийг холбосон шулуун шугамаар;

3/төмөр зам, авто зам, гүүр, далан, бусад барилга байгууламжид улсын хилийн шугам бодит байдлаараа хаагуур өнгөрч байгаагаар тогтоогдоно.

Дээр дурдсанаас өөр зарчмаар улсын хил тогтоохыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

2.Улсын хилийн шугам, хилийн тэмдгийн байршлыг газар дээр нь тогтоох ажлыг хил залгаа улстай хамтран гүйцэтгэнэ.

3.Улсын хил тогтоох Монголын талын бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал томилно.

8 дугаар зүйл.Улсын хилийг тэмдэглэх

Улсын хилийг хил залгаа улстай байгуулсан гэрээний дагуу газар дээр нь геодезийн аргаар тодорхойлж, тод харагдах, бат бэх хилийн тэмдгээр тэмдэглэнэ.

9 дүгээр зүйл.Улсын хилийг хамтран шалгах

1.Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, протоколд /цаашид "гэрээ" гэх/ заасны дагуу тогтоосон улсын хилийн шугам, хилийн тэмдгийн байршлыг хил залгаа улстай хамтран шалгана.

2.Улсын хилийг хамтран шалгах Монголын талын бүрэлдэхүүнийг Засгийн газар томилно. Тус бүрэлдэхүүнд төрөл мэргэжлийн хүмүүсээс гадна тухайн орон нутгийн төлөөлөгч оролцоно.

3.Улсын хилийг хамтран шалгах явцад улсын хилийн шугамыг өөрчилбөл энэ тухай гэрээний заалтыг үндэслэн Улсын Их Хурал хууль баталснаар хүчин төгөлдөр болно.

10 дугаар зүйл.Улсын хилээр нэвтрүүлэх журмыг тогтоох зарчим

Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх журмыг тогтоох, өөрчлөхдөө дараахь зарчим баримтална:

1/үндэсний аюулгүй байдлыг хангах;

2/гадаад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх;

3/Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах.

11 дүгээр зүйл.Хилийн тухай гэрээ, хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналт шалгалт

Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, улсын хилийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон Улсын хил хамгаалах байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - УЛСЫН ХИЛИЙН ДЭГЛЭМ[edit]

12 дугаар зүйл.Улсын хилийн дэглэмийн зорилго

Улсын хилийн дэглэмийн зорилго нь хил залгаа улстай байгуулсан гэрээг үндэслэн улсын хилийг тодорхой байлгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад оршино.

13 дугаар зүйл.Улсын хилийн дэглэмийн агуулга

Улсын хилийн дэглэмийн агуулга нь улсын хилийг арчлан хамгаалах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хилийн ус, улсын хилийн шугам дээрх зам, холбооны байгууламжийг ашиглах, хил дээр ан агнуур, ажил үйлдвэрлэл явуулах, байгаль орчин, ан амьтныг хамгаалах зэрэг журмаас бүрдэнэ.

14 дүгээр зүйл.Улсын хилийн дэглэмийг тогтоох

Улсын хилийн дэглэмийн эрх зүйн үндсийг хуулиар тодорхойлж Улсын Их Хурал эрх олгосны дагуу Засгийн газар хил залгаа улстай байгуулсан гэрээгээр улсын хилийн дэглэмийг тогтооно.

15 дугаар зүйл.Улсын хилийг арчлан хамгаалах

1.Улсын хилийн шугам, тэмдэг, тэдгээрийн холбоосыг хил залгаа улстай байгуулсан гэрээний дагуу газар дээр нь бүрэн бүтэн байлгана.

2.Улсын хилийн шугам дайран гарсан ойг улсын хил тод харагдахаар зурваслан огтолж, цэвэрлэж байна.

3.Улсын хилийн тэмдгийг арчлан хамгаалах, сэргээх, засварлах, улсын хилийн шугамыг тодотгох, шалгах ажлыг хил залгаа улстай байгуулсан гэрээний дагуу хийнэ.

16 дугаар зүйл.Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх

1.Улсын хилийг газар, ус, агаараар нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хилийн боомтоор нэвтрүүлнэ.

2.Хилийн боомтыг нээх, хаах, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлах, зогсоохыг хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ.

Хилийн хяналтыг явуулахад шаардлагатай барилга, байгууламж, талбай, тэдгээрийн тоног төхөөрөмжийг орон нутгийн болон зам харилцааны байгууллага барьж байгуулсны дараа Улсын хил хамгаалах байгууллага нь хилийн хяналтын бусад байгууллагатай хамтарч тухайн боомтыг нээж ажиллуулна.

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.Агаарын хөлөг нь улсын хилийн тогтоосон агаарын хаалгаар нэвтэрч, зөвшөөрсөн агаарын замаар нисч, зөвхөн хилийн боомт бүхий нисэх буудалд бууж, хөөрнө. Өөр газраар улсын хил нэвтрэх, буух, хөөрөхийг Засгийн газар шийдвэрлэнэ.

Цэргийн зорилгоор агаарын хөлөг улсын хил нэвтрэх, тус улсын нутаг дэвсгэрт буух, хөөрөхийг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

4.Улсын хилийг усаар нэвтрэх журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор тогтооно.

5.Зорчигчийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу эрхийн хүчин төгөлдөр баримт бичгийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлнэ.

6.Тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын болон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу улсын хилээр нэвтрүүлнэ.

7.Байгалийн гамшиг, хүн, мал, амьтан, ургамлын халдварт өвчин, осол сүйрлийн улмаас үүссэн хор хөнөөлийг арилгахад туслах гадаадын хүчнийг Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр нэвтрүүлнэ.

8.Тухайлсан хуульгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

17 дугаар зүйл.Улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт

1.Зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх зорилгоор хилийн боомтод хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх алба, хилийн эрүүл ахуй, халдвар судлал, гааль зэрэг хяналтын байгууллага /цаашид "хяналтын байгууллага" гэх/ ажиллана.

Хилийн хяналтын бусад байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Хилийн хяналтын байгууллагын шалгалтыг тухайн тээврийн хэрэгслийн хуваарьт хугацаанд багтаан дуусгана. Зайлшгүй тохиолдолд уг хугацааг холбогдох байгууллагатай тохиролцон сунгаж болно.

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.Улсын хилийн шугамаас хилийн боомт хүртэлх хэсэг нь хилийн цэргийн, агаарын зай нь агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хяналтанд байна.

4.Хилийн хяналтын байгууллага нь улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийг шалгалтын зориулалт бүхий талбайд зогсоон үзлэг хийнэ.

18 дугаар зүйл.Хилийн ус ашиглах

1.Хилийн усны Монголын талын хэсэгт улсын хил хамгаалалтад ашиглаж байгаагаас бусад хөвөх хэрэгсэл зөвхөн гэгээтэй цагт явна. Аргагүй тохиолдлоос бусад үед улсын хилийн шугам дээр хөвөх хэрэгсэл зогсохыг хориглоно. Хөвөх хэрэгсэл хоёр хажуудаа таних тэмдэг, дугаартай байна.

2.Хилийн усыг цэвэр байлгах, усны түвшин, үндсэн урсгалыг өөрчлөхгүй байх, гол, мөрөн, нуурын эргийг хамгаалах арга хэмжээ авна.

3.Хилийн ус ашиглах журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор тогтооно.

19 дүгээр зүйл.Улсын хилийн шугам дээрх зам, холбооны байгууламжийг ашиглах

Улсын хилийн шугам дээрх төмөр зам, авто зам, холбооны болон бусад барилга байгууламжийг ашиглах журмыг Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна.

20 дугаар зүйл.Улсын хил дээр ан агнах, ажил, үйлдвэрлэл явуулах

Улсын хил дээр ан агнах, загас барих, байгалийн баялаг олборлох, мал аж ахуй эрхлэх, эрэл хайгуул, бусад үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа явуулах журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор тогтооно.

21 дүгээр зүйл.Улсын хил орчмын байгаль орчин, ан амьтныг хамгаалах

1.Улсын хил орчмын байгалийн унаган төрхийг хадгалах, амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний газар нутгийг хил залгаа улстай тохиролцсоны үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газрын ангилалд хамруулж болно.

2.Улсын хил орчмын байгаль орчин, ан амьтныг хамгаалах үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон Улсын хил хамгаалах байгууллагын удирдлага хамтран гүйцэтгэнэ.

3.Хүн, мал, амьтан, ургамлын халдварт өвчин манай улсын болон хил залгаа улсын нутагт тархах аюулыг хязгаарлах зорилгоор улсын хил дээр өвчин гарсан голомтын хэсэгт иргэний хөдөлгөөнийг түр зогсоох, хязгаарлах, зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох арга хэмжээ Засгийн газраас авна.

4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, иргэн нь ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, гарсан түймрийг унтраах арга хэмжээ авна.

22 дугаар зүйл.Хилийн зөрчил, хил зөрчсөнд тооцох

1.Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт, тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчсөн үйлдлийг хилийн зөрчилд тооцно.

2.Улсын хил нэвтрэх журмыг дараахь үйлдлээр зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ:

1/хилийн боомтоос өөр газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;

2/хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;

3/улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрсэн.

23 дугаар зүйл.Монгол Улсын хилийн төлөөлөгч

1.Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг улсын хилийн тодорхой хэсэгт хэрэгжүүлэх, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг шийдвэрлэх зорилготой хилийн төлөөлөгч, орлогчийг Засгийн газар томилно.

2.Хилийн төлөөлөгч нь туслагч, нарийн бичгийн дарга, орчуулагч, мэргэжилтэнг томилох эрхтэй.

3.Хилийн төлөөлөгч, орлогч, туслагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийг удирдлага болгоно.

4.Хилийн зөрчил, түүнтэй холбогдсон асуудлаар хилийн төлөөлөгч, орлогч, туслагч нь хэрэг бүртгэх эрх эдэлнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.Хилийн төлөөлөгч, орлогч, туслагч нь хил зөрчсөн гадаадын иргэн болон харьяалалгүй хүнийг хил залгаа улсын хилийн байгууллагад хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд саатуулна.

6.Хилийн төлөөлөгч нь хил залгаа улсын хилийн төлөөлөгчтэй хэлэлцээ хийх журмаар ажлаа явуулна. Хилийн төлөөлөгч хэлэлцээ хийж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн асуудлыг хилийн төлөөлөгчийн орлогч, туслагчийн уулзалтаар шийдвэрлэнэ.

7.Хилийн төлөөлөгч, дагалдан яваа ажилтан нь хил нэвтрэхдээ улсын хил нэвтрэх эрхийн үнэмлэхийг биедээ авч явах бөгөөд Монгол Улсын төрийн далбааг автомашиндаа мандуулна.

8.Хилийн төлөөлөгч албан үүргээ гүйцэтгэхэд нь иргэн, байгууллага, аж ахуйн нэгж туслалцаа үзүүлнэ. Хилийн төлөөлөгчийн зохицуулж чадаагүй асуудлыг дипломат шугамаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - УЛСЫН ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМ[edit]

24 дүгээр зүйл.Улсын хил орчмын дэглэмийн зорилго

Улсын хил орчмын нутаг дэвсгэрт улсын хилийн дэглэмийг сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хил хамгаалах үйл ажиллагаа явуулахад улсын хил орчмын дэглэмийн зорилго оршино.

25 дугаар зүйл.Улсын хил орчмын дэглэмийн агуулга

Улсын хил орчмын дэглэмийн агуулга нь хилийн бүс, зурвас, боомтод мөрдөх журмаас бүрдэнэ.

26 дугаар зүйл.Улсын хилийн бүс, түүнд мөрдөх журам

1.Улсын хил хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг хилийн бүс гэнэ. Түүний өргөнийг хил хамгаалах байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр улсын хилийн шугамаас 100 км-ээс илүүгүйгээр тогтооно

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Улсын хилийн бүсэд дараахь журмыг мөрдөнө:

1/хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугч нь иргэний паспортаа хаягийн тэмдэглэлтэй байна;

2/оршин суугч нь улсын хилийн зурвас хүртэл чөлөөтэй зорчиж, нутаглаж, ажил, үйлдвэрлэл эрхэлнэ;

3/улсын хилийн бүсэд оршин суудаггүй иргэн нь хилийн бүсэд нэвтрэхдээ иргэний паспорттай байна;

4/хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна.

5/хуульд өөрөөр заагаагүй бол улсын хилийн бүсэд гадаадын иргэн, харьяалалгүй хүн байнга оршин суухыг хориглоно.

6/хил орчмын нутаг дэвсгэрт зорчих эрхийн хүчин төгөлдөр баримт бичгээр Улсын хилийг нэвтэрсэн гадаадын иргэн тухайн сумын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглоно.

3.Улсын хилийн бүсийн журмын биелэлтэд нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага Улсын хил хамгаалах байгууллагатай хамтран хяналт тавьж шалгалт хийнэ. Улсын хилийн бүсэд оршин суугчийн ёс заншлыг хүндэтгэн хуулиар олгогдсон эрхийг хөндөхгүй.

27 дугаар зүйл.Улсын хилийн зурвас, түүнд мөрдөх журам, хориглох зүйл

1.Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр Улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийн улсын хилийн зурвас гэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Иргэн нь улсын хилийн зурваст Улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгээр нэвтэрч энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар хориглосноос өөр ажил, үйлдвэрлэл явуулж болно.

3.Улсын хилийн зурваст иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

1/улсын хилийн тэмдэг, холбоосыг эвдэх, гэмтээх, хөдөлгөх, шилжүүлэх;

2/хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр газар хагалах, суваг шуудуу татах, барилга байгууламж барих;

3/Улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр хилийн инженер, техникийн байгууламжийн цаана гарах, улсын хилийн шугам, тэмдэг дээр очих;

4/Монгол Улсын эрх ашигт хохирол учруулсан ажил, үйлдвэрлэл явуулах, Улсын хил хамгаалах байгууллагад урьдчилан мэдээлэхгүйгээр тэсэлгээ хийх;

5/цацраг идэвхт, химийн хорт бодис байрлуулах, тараах;

6/улсын хилийн шугамаас 2000 метрийн дотор ан агнах, ан амьтныг хөөж хил давуулах;

7/хариулгагүй мал байлгах, зөвшөөрөлгүй айл нутаглуулах;

8/улсын хилийн шугамын дагуу урсаж байгаа гол, мөрний усыг боох, суваг шуудуу татаж усны урсгалын гольдрол, түвшин, чиглэлийг өөрчлөх;

9/Монгол Улсын хуулиар хориглосон арга, хэрэгслээр ан агнах, загас барих.

28 дугаар зүйл.Хилийн боомт, түүнд мөрдөх журам

1.Улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар тусгайлан тогтоож, төхөөрөмжилсөн газрыг хилийн боомт гэнэ.

2.Улсын хил хамгаалах байгууллага нь хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт явуулах бололцоог бүрдүүлэх зорилгоор тухайн боомтод мөрдөх журмыг тогтооно.

Уг журам нь зорчигч, тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад оруулах, гаргах, тээврийн хэрэгслэлийг зогсоолд зогсоох, журам сахиулах зэрэг арга хэмжээнээс бүрдэнэ.

3.Зорчигч, тээврийн хэрэгсэл эзэмшигч нь тухайн боомтод тогтоосон замаар орж, гарна.

Үйлчлэх бүрэлдэхүүн нь хилийн хяналтын байгууллагын ажилтанд тээврийн хэрэгслийг шалгуулах үүрэгтэй.

4.Хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалт явагдаж байгаа үед гадны хүн тээврийн хэрэгсэлд нэвтрэхийг хориглоно.

5.Улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл, байрлалыг өөрчлөх, зорчигчийг суулгах, буулгах, ачаа тээш, шууданг ачиж буулгахыг Улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

6.Шаардлагатай үед Улсын хил хамгаалах байгууллага боомтод мөрдөх журамтай холбогдсон нэмэлт арга хэмжээ авч болно.

/Энэ зүйлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

29 дүгээр зүйл.Хил орчмын нутаг дэвсгэр

Хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТ, УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ТОГТОЛЦОО, ЧИГ ҮҮРЭГ БҮРЭН ЭРХ[edit]

30 дугаар зүйл.Улсын хил хамгаалалт

1.Улсын хил хамгаалалт нь үндэсний аюулгүй байдал, улсын батлан хамгаалах арга хэмжээний салшгүй хэсэг мөн.

Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хилийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хилийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор улсын хилийн бүс, зурваст Улсын хил хамгаалах байгууллагаас улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, цэргийн, инженер-техникийн, улс төр, дипломатын, эдийн засгийн зэрэг арга хэмжээг хослуулан явуулж байгаа үйл ажиллагааг улсын хил хамгаалалт гэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Газар, усан дээрхи улсын хилийг хил хамгаалах байгууллага, агаарын хилийг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг хамгаална.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.Шаардлагатай үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр ерөнхий зориулалтын цэргийн зарим анги салбарыг улсын хил хамгаалах зорилгоор ашиглаж болно.

31 дүгээр зүйл.Улсын хил хамгаалах байгууллага, түүний үйл ажиллагаа

1.Улсын хил хамгаалалтыг улс орны хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны байгууллага, түүний харъяа тусгай анги, салбарыг хил хамгаалах байгууллага гэнэ.

Улсын хил хамгаалах байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай штаб, зэвсэглэл, инженер техник, ар тал, хэрэг бүртгэлт, эмнэлэг, хангалт үйлчилгээ, соёл урлаг, спорт, боловсрол, эрдэм шинжилгээний болон шаардлагатай бусад нэгжтэй байна.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.хил хамгаалах байгууллагын улсын хил хамгаалах салбарын тоо, байршлыг тогтоохдоо хил залгаа улстай тэгш эрхтэй харилцан ажиллаж, улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах эрх ашигт нийцүүлэн тэдгээрийн хилийн салбартай харьцангуй ижил хэмжээнд байх зарчим баримтална.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.Улсын хил хамгаалах байгууллагын дэргэд Тагнуулын ерөнхий газрын хилийн тагнуулын газар ажиллана.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

31-1 дүгээр зүйл.Хил хамгаалах байгууллагын бэлгэ тэмдэг

Хил хамгаалах байгууллага нь бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

32 дугаар зүйл.Улсын хил хамгаалах байгууллагын чиг үүрэг

Улсын хил хамгаалах байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1/Улсын хил хамгаалалтын талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, улсын хил хамгаалалтыг зохион байгуулах;

2/Монгол Улсын олон улсын гэрээнд хилийн асуудлаар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх;

3/Улсын хилийн шугам, тэмдэг, холбоосны байршлыг хууль бусаар өөрчлөх явдал гаргуулахгүй байж, хилийн асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлэх;

4/Улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулж, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

5/улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу нэвтрүүлэх;

/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6/шүүн таслах ажиллагаа болон хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлж улсын хил нэвтрэхийг завдсан, эсхүл нэвтэрсэн яллагдагч, ялтны талаарх мэдээлэл, лавлагааг тахарын албанд гаргаж өгөх, хамтран ажиллах;

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

7/хилийн бүс орчимд эрэн сурвалжлагдаж байгаа яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд оролцох, хүн хүч, автомашин, техник хэрэгслээр туслах.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

33 дугаар зүйл.Улсын хил хамгаалах байгууллагын бүрэн эрх

1.Улсын хил хамгаалах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/улсын хилийн шугам, тэмдэг, холбоосны байршил, тэдгээрийг арчлан хамгаалах, хилийн тэмдгийг засварлах, сэргээх, босгох, улсын хил дээр үүссэн зөрчлийг зохицуулах;

2/улсын хил хамгаалалтын эрх ашгийн үүднээс улсын хилийн бүсэд хүч хэрэгслээ байрлуулах, инженер, техникийн болон зам харилцааны байгууламж барьж байгуулах, албан үүргээ гүйцэтгэхдээ уг бүсийн аль ч хэсгээр явах, шаардлагатай үед иргэний баримт бичгийг шалгах, хил зөрчигч, завдагчийг илрүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэл, тээвэрлэж байгаа бараанд үзлэг хийх, манаагаар дагалдуулах;

3/хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ баримт бичгийг шалгах, тэмдэглэл хийх, зөрчилтэй баримт бичгийг хураан авч холбогдох газарт шилжүүлэх Монгол Улсад орсон, гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэний бүртгэлийг нарийвчлан хөтөлж, мэдээг тухай бүр гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлж байх;

/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4/улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, бараанд хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор үзлэг хийх явцад илэрсэн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйлийг хураан авч холбогдох байгууллагад мэдээлэх;

5/хил зөрчигчийг саатуулах зорилгоор хилийн эрэл явуулах;

6/хилийн эрлийн үед иргэн, байгууллагын байр, орон сууцанд нэвтрэх, үзлэг хийх, эрэл явагдаж байгаа зурвас дахь төмөр замын өртөө, зөрлөг, нисэх буудал, тээврийн товчоо, хилийн боомтод гарах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зайлшгүй гэж үзвэл зогсоох, шалгах;

7/хил зөрчлийг эрэх, саатуулах үед зайлшгүй тохиолдолд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг дайчлах, холбооны хэрэгслийг дараалал харгалзахгүйгээр ашиглаж зохих хөлс, зардлыг олгох;

8/хилийн зөрчил түүнтэй холбогдсон асуудлыг шуурхай шалгаж шалган шийдвэрлэх, хойшлуулшгүй ажиллагаа явуулах;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хууль, 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9/хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор гурван цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд буюу эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, түр саатуулагдсан этгээдийн эд зүйл, биед үзлэг хийсэн, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тохиолдол бүрд хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэх;

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10/хилийн зөрчилтэй холбогдуулан түүний шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагад мэдэгдэл өгөх;

11/улсын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтоор нэвтрүүлэх журмыг сахиулахад хяналт тавихын тулд зайлшгүй шаардлагатай бүртгэл хөтөлж энэ зорилгоор Үндсэн хуульд харшлахгүй мэдээллийн тогтолцоог ашиглах;

12/Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмөрсөн зэвсэгт халдлагыг няцаах улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох;

13/улсын хилийн боомтгүй буюу зөвшөөрөгдөөгүй газраар бараа, тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлсэн, эсхүл хил нэвтрүүлэхийг завдсан бол уул бараа, тээврийн хэрэгслийг хураан авах;

/Энэ заалтыг 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

14/хилийн тагнуулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Шаардлагатай үед дээр дурдсан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж болно.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

34 дүгээр зүйл.Хил хамгаалах байгууллагыг удирдах байгууллагын даргын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1.Хил хамгаалах байгууллагыг удирдах байгууллагын дарга нь Засгийн газрын гишүүний удирдлаганд ажиллана.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Хил хамгаалах байгууллагыг удирдах байгууллагын дарга нь дараахь бүрэн эрхийг эдэлнэ:

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1/хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд улсын хил хамгаалалтын бодлогыг хэрэгжүүлэх;

2/улсын хил хамгаалах удирдамж, улсын хил хамгаалалтын үйл ажиллагааны талаар тушаал гаргаж, Хил хамгаалах байгууллагыг тусгай анги салбарууд хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, үйл ажиллагааг нь удирдах;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3/улсын хил хамгаалалтын дүрэм, зааврыг батлуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих;

4/хил хамгаалах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, томилох, төлөөлөх;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5/төсөв хөрөнгийг захиран зарцуулах;

6/улсын хил хамгаалалттай холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, аймгийн Засаг даргатай хамтран шийдвэр гаргаж хэрэгжүүлэх.

35 дугаар зүйл.Улсын хил хамгаалалтад агаарын довтолгооноос хамгаалах цэргийн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх

1.Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг нь улсын хил хамгаалах талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1/хилийн дэглэмийг холбогдох байгууллагатай хамтран сахиулах;

2/агаарын хөлгөөр агаарын хилийг хууль бусаар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх;

3/агаарын хөлөг агаарын хилийг хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд нислэгийг таслан зогсоох арга хэмжээ авах.

2.Агаараас хөлөг улсын хилийг зөрчсөн тохиолдолд агаарын довтолгооноос хамгаалах цэргийн анги, салбар дараахь арга хэмжээ авна:

1/буух газрыг зааж шаардах, анхааруулж дохио өгөх;

2/зөрчил үргэлжилбэл уг агаарын хөлгийг албадан буулгаж, нисэх багийг холбогдох байгууллагад шилжүүлж, зорчигчийн аюулгүй байдлыг хангах;

3/агаарын хөлгийг албадан буулгах талаар авсан арга хэмжээ, үр дүнгүй болсон тохиолдолд зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, түүний эзгүйд орлож байгаа хүний тушаалаар байлдааны зэвсэг хэрэглэх.

/Энэ заалтад 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

36 дугаар зүйл.Улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, иргэний эрх зүйн баталгаа

1.Цэргийн албан хаагч, иргэн нь Улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа үедээ төрийн төлөөлөгч байж, улсын эрх ашгийн үүднээс иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах эрхтэй.

2.Улсын хилд хил хамгаалах албан үүргээ биечлэн гүйцэтгэж байгаа иргэн гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.

/Энэ хэсгийг 1994 оны хуулиар хүчингүй болсонд тооцсон ба 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Албан үүрэг гүйцэтгэж байгаад гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг тус тус улсаас олгоно.

4.Улсын хил дээр алба хааж байгаа офицер, ахлагчийн гэр бүлийг тэргүүн ээлжинд ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно.

Хилийн суман, харуулд алба хааж байгаа офицер, ахлагч хүнсний хангамж үнэгүй эдэлнэ. Энэхүү хүнсний хангамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ өгүүлбэрийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.Хилийн тусгай анги, салбарт алба хааж байгаа офицер, ахлагч тэдний гэр бүлийг ээлжийн амралтаараа /нөхөр, эхнэрийн/ нутагтаа амарвал 2 жилд 1 удаа ирэх, очих унааны зардлыг улсаас олгоно.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6.Улсын хилд таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн суманд 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн хороонд 35 хувь, нийслэл, аймгийн төв, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн хороо, агаарын довтолгооноос хамгаалах салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгоно.

7.Энэ зүйлийн 2, 3 дугаар заалтанд хамаарагдах иргэн, хугацаат цэргийн албан хаагчийн сарын үндсэн цалинг хил хамгаалах байгууллагын ахлагчийн цалинтай адилтган тооцно.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.Энэ зүйлийн 2, З, 4, 5 дугаар заалтад заасан хөнгөлөлтийг бусад хууль тогтоомжид заасан хөнгөлөлттэй давхардуулж хэрэглэхгүй.

37 дугаар зүйл.Улсын хилийг хамгаалахад зэвсэг хэрэглэх

1.Хил хамгаалах байгууллагын тусгай анги, салбар, хилийн манаа урьдчилан анхааруулахгүйгээр дараахь тохиолдолд байлдааны зэвсэг, техник хэрэглэнэ:

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1/Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмөрсөн зэвсэгт халдлагыг няцаах;

2/улсын хил дээр үүссэн зэвсэгт өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох;

3/хил зөрчигчийн зэвсэгт эсэргүүцлийг таслан зогсоох.

2.Хилийн манаа нь урьдчилан анхааруулах дохио өгсний дараа уг халдлага, довтолгоон үргэлжилбэл дараахь тохиолдолд байлдааны зэвсэг хэрэглэнэ:

1/хилчин, иргэний амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн нь зэвсэг хэрэглэхгүйгээр зогсоох бололцоогүй бол;

2/иргэний өмчийг зэвсэгт халдлагаас хамгаалах арга хэмжээ авсан боловч таслан зогсоогдохгүй бол;

3/улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хил зөрчигчийн үйлдлийг өөр арга, хэрэгслээр зогсоох боломжгүй бол.

3.Хилийн манаа нь зэрлэг амьтнаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж болно.

4.Хилийн манаа ан хийх, хил давуулан буудахыг хориглоно.

5.Улсын хил хамгаалалтад албан үүрэг гүйцэтгэж байгаа хилчин нь тусгай техник, хэрэгсэл, албаны нохой, бие хамгаалах аргыг хэрэглэж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ - УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОХ[edit]

38 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын үүрэг

1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь:

1/төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг үндэслэн хилийн асуудлаар байгуулах олон улсын гэрээ, хэлэлцээрийг бэлтгэх, байгуулах;

2/улсын хил хамгаалалтын гадаад улс төрийн болон олон улсын эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх;

3/хилийн төлөөлөгчийн шугамаар шийдвэрлэж чадаагүй асуудлыг зохицуулах.

2.Тагнуулын байгууллага нь:

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1/улсын хилд гарч болзошгүй зөрчлийн тухай Улсын хил хамгаалах байгууллагад цаг тухайд нь мэдээлж, бичгээр баталгаажуулах;

2/гадаадын тусгай алба, бусад байгууллага улсын хилийн орчим болон улсын хилийг ашиглан явуулж болох тагнан турших ажиллагаа, хилийн гадаад, дотоод нөхцөл байдлыг судалж улсын хил хамгаалалтад ач холбогдол бүхий асуудлаар Улсын хил хамгаалах байгууллагатай мэдээлэл солилцож харилцан ажиллах;

3/хил орчмын нутаг дэвсгэрт явагдах олон үндэсний болон улсын чанартай нийтийг хамарсан арга хэмжээний үед улсын аюулгүй байдлыг хангах ажил зохиох;

/Энэ заалтад 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/улсын хилийг гүйцэтгэх ажлын шугамаар хамгаалах, бусад үйл ажиллагаа явуулах.

3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь:

1/улсын агаарын хил хамгаалалтыг удирдах;

2/улсын хил дээр гарсан зэвсэгт халдлага, түрэмгийллийг таслан зогсоох ажиллагааг удирдах.

4.Нийгмийн хэв журам хангах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь:

1/улсын хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар Улсын хил хамгаалах байгууллагатай харилцан ажиллах;

2/цагдаагийн орон нутгийн байгууллагыг улсын хил орчмын дэглэмийн биелэлтэд хяналт тавихад Улсын хил хамгаалах байгууллагад туслалцуулах;

3/хил орчмын нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах;

4/улсын хил дээр зохиогдох нийтийг хамарсан арга хэмжээний үед журам сахиулах;

5/улсын хил дээр болон хилийн боомтод гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах;

6/улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын зорчигчийн тухай мэдээллийг Улсын хил хамгаалах байгууллагаас авч хяналт тавих.

5.Төрийн захиргааны бусад төв байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, Улсын хил хамгаалах байгууллагад дэмжлэг, туслалцаа үзүүлж, Улсын хил хамгаалалтад шаардагдах бүтээгдэхүүнээр тэргүүн ээлжинд хангана.

39 дүгээр зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын бүрэн эрх

1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг эдэлнэ:

1/өөрийн нутаг дэвсгэрт байгаа Улсын хил хамгаалах байгууллагын хангалт үйлчилгээнд туслалцаа үзүүлж улсын хилийн тухай хууль тогтоомжийг иргэн, албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжээс сахин биелүүлж байгаад хяналт тавих;

2/улсын хил орчмын дэглэмийн биелэлтэд хяналт тавьж, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

3/иргэнийг сайн дурын нь үндсэн дээр улсын хил хамгаалалтад татан оролцуулах;

4/улсын хил хамгаалахад туслах хүчнийг ажил үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн байрлалаар нь байнгын болон түр хугацаагаар зохион байгуулж улсын хил хамгаалалтад оролцуулах;

5/хилийн сумын төсөвт улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгах.

2.Дээрхи бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн дэргэд орон тооны бус зөвлөл ажиллуулна.

40 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний үүрэг

Монгол улсын иргэн дараахь үүргийг хүлээнэ:

1/улсын хилийн болон хил орчмын дэглэмийн шаардлагыг биелүүлэх;

2/улсын хил хамгаалахад туслах;

3/улсын хилийн бүс, зурваст байнга болон түр оршин суудаг бол ажил, үйлдвэрлэл явуулж байгаа байрлалаараа улсын хил хамгаалалтад оролцох;

4/улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн үйлдлийн талаар Улсын хил хамгаалах байгууллагад мэдээлэх.

41 дүгээр зүйл.Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа иргэний эрх

Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа иргэн дараахь эрхийг эдэлнэ:

1/хил зөрчигчийг саатуулж, нэн даруй мэдээлэх;

2/улсын хилийн бүс, зурваст зорчин явагчийн баримт бичгийг шалгах;

3/улсын хилийн зурваст чөлөөтэй зорчих;

4/зэвсэгт хэрэгсэл, уналга, хүнсээр хангагдах;

5/улсын хил хамгаалалтад идэвхтэй оролцсоны шагнал, мөнгөн урамшуулал авах;

6/улсын хил хамгаалалттай холбогдсон санал, хүсэлтээ Улсын хил хамгаалах байгууллагын удирдлагад уламжлах.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА[edit]

42 дугаар зүйл.Хариуцлага хүлээлгэх үндэслэл

1.Улсын хилийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлын хэмжээг харгалзан хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Дараахь үйлдлийг хилийн тухай хууль тогтоомж зөрчсөнд тооцож хариуцлага хүлээлгэх үндэслэл болгоно:

1/энэ хуулийн 22 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үйлдвэл;

2/энэ хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлд заасан журам зөрчсөн;

3/улсын хилээр нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр баримт бичгийг тогтоосон журмын дагуу үзүүлээгүй, хуурамч бичиг баримт үзүүлсэн;

4/хил зөрчихөд тусалсан, дэмжлэг үзүүлсэн;

5/улсын хил давж ирсэн мал, хууль бусаар улсын хил давуулж ирсэн бусад зүйлийг нуун дарагдуулсан;

6/ улсын хилийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн бусад үйлдэл.

42 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

43 дугаар зүйл.Улсын хилийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Улсын хилийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол "Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хууль"-д зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ

This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.

Public domainPublic domainfalsefalse