Монгол Улсын Шуудангийн тухай хууль

From Wikisource
Jump to navigation Jump to search
Монгол Улсын Шуудангийн тухай хууль  (2003) 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ШУУДАНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шуудангийн тухай хууль тогтоомж

2.1. Шуудангийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Харилцаа холбооны тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."шуудан" гэж шуудангийн илгээмжийг хаягласан эзэнд нь хүргэх үйлдвэрлэл-технологийн иж бүрэн үйл ажиллагаа бүхий харилцаа холбооны төрлийг;

3.1.2."шуудангийн сүлжээ" гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогцыг;

3.1.3."шуудангийн илгээмж" гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг;

3.1.4."захидал" гэж тодорхой этгээдэд хаягласан, дугтуйлсан болон дугтуйлаагүй гар бичмэл, хэвлэмэл баримт бичиг агуулсан шуудангийн илгээмжийг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.5."боодол" гэж тодорхой этгээдэд хаягласан, эд зүйлс агуулсан битүүмжлэгдсэн шуудангийн илгээмжийг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.6."илгээлт" гэж боодлоос овор хэмжээгээрээ том шуудангийн илгээмжийг;

3.1.7. "үйлчлэгч" гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.8."шуудангийн хайрцаг" гэж шуудангийн илгээмжийг цуглуулах, хүргэхэд ашиглах зориулалтаар тодорхой цэгт байрлуулсан хэрэгслийг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.9."шуудангийн богц" гэж шуудангийн илгээмж хийж тээвэрлэхэд зориулсан савыг;

3.1.10."шуудангийн нэгдсэн код" гэж үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо, эсхүл тоо, үсгийн хосолсон илэрхийллийг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.11."шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч" гэж шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч байгууллагыг;

/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.12."шуудангийн үндсэн сүлжээ" гэж төрийн өмчийн оролцоотой, бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч шуудангийн сүлжээг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.13."шуудангийн үйлчилгээ" гэж үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.14."үйлчлүүлэгч" гэж шуудангийн үйлчилгээг авч байгаа иргэн, хуулийн этгээдийг.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл. Шуудангийн төрөл

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.Монгол Улсын шуудан нь нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуудангийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй бөгөөд түүнийг шуудангаар үйлчлэгч этгээд /цаашид "үйлчлэгч"гэх/ эрхлэн явуулна.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4.2.Монгол Улсын шуудан нь дараахь төрөлтэй байна:

4.2.1.үйлчлэгчээс эрхлэн үзүүлж байгаа нийтийн шуудан;

4.2.2.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэрэгцээнд ашиглагдах тусгай хэрэглээний шуудан;

4.2.3.аж ахуйн нэгж, байгууллагын дотоодод ашиглагдах дотоодын хэрэглээний шуудан.

4.3.Энэ хуулийн 4.2.2-т заасан тусгай хэрэглээний шуудангийн журмыг Засгийн газар, 4.2.3-т заасан дотоодын хэрэглээний шуудангийн журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо тус тус баталж мөрдүүлнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5 дугаар зүйл.Шуудангийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

5.1.Шуудангийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

5.1.1.хууль дээдлэх;

5.1.2.шуудангийн үйлчилгээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүртээмжтэй, шуурхай байх;

5.1.3.үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх;

5.1.4.шуудангийн илгээмжийг саадгүй, чөлөөтэй илгээх;

5.1.5.үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, хамгаалах;

5.1.6.нийтийн шуудангийн үйлчилгээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй оролцох;

5.1.7. шуудангийн сүлжээний ажиллагаа аюулгүй, тогтвортой байх;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.8.шуудангийн салбарт дагаж мөрдүүлэх стандарт, дүрэм нь харилцан уялдсан, нэгдмэл байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - ШУУДАНГИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ[edit]

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

6.1.Засгийн газар шуудангийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.шуудангийн салбарт төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.1.2.шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;

/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.1.3.шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгахтай холбогдсон журмыг тогтоох;

/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.1.4. шуудангийн нэгдсэн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журмыг батлах;

/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.5.шуудангийн үндсэн сүлжээ ашиглах эрх олгох, хяналт тавих журам батлах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7 дугаар зүйл. Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.1.бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоох;

/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.2.шуудангийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

7.1.3. үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.4.шуудангийн нэгдсэн код батлах;

7.1.5.үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.6.шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;

/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.7.шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг батлах;

/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.8.олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах, олон улсын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.9. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргын эрх хэмжээ

8.1. Шуудангийн талаар бүх шатны Засаг дарга дараахь эрх хэмжээтэй байна:

8.1.1. хүн амд шуудан, хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах, цаг үеийн болон байнгын саад бэрхшээл бүхий газарт байрладаг үйлчлүүлэгчид шуудангийн илгээмж хүргэхэд үйлчлэгчид дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.1.2.хууль тогтоомжид заасан бусад эрх хэмжээ.

9 дүгээр зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээ

9.1.Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Зохицуулах хороо дараахь эрх хэмжээтэй байна:

9.1.1.бүх нийтийн үйлчилгээний төрлийг тогтоох санал боловсруулах;

/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.1.3.шуудангийн нэгдсэн кодыг боловсруулах;

9.1.4.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, зохицуулалтын баримт бичиг болон холбогдох журам батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.5.шуудангийн харилцан холболтын журмыг баталж, хэрэгжилтийг хангуулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.6.шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.7. хууль тогтоомжид заасан бусад эрх хэмжээ.

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ГУРАВДУГААР БҮЛЭГ - НИЙТИЙН ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ[edit]

10 дугаар зүйл.Шуудангийн үйлчилгээ

10.1.Шуудангийн үйлчилгээ нь шуудангийн илгээмжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйлчлүүлэгчид хүргэх дотоодын, гадаад улс орнууд дахь үйлчлүүлэгчид хүргэх улс хоорондын гэсэн зориулалттай байх бөгөөд түүнийг энэ хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, гэрээнд заасны дагуу үзүүлнэ.

10.2.Дараахь эрх бүхий этгээдийн баталсан хуваарь, чиглэлийн дагуу шуудангийн илгээмж хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж явуулна:

10.2.1.аймаг, нийслэл, хот хооронд шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

/Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.2.үйлчлэгчийн боловсруулсан аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хот, тосгоны доторх шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга.

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.3.Улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх үйл ажиллагааг хоёр талын шуудангийн эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан Монгол Улсын олон улсын болон үйлчлэгч хоорондын гэрээгээр зохицуулна.

10.4.Илгээмжийг хүлээн авах, цуглуулах, тээвэрлэх, хаягт эзэнд хүргэх үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10-1 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10-1.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд таван жилийн хугацаатай олгож, хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10-1.2.Энэ хуулийн 101.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10-1.3.Шуудангийн сүлжээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10-1.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд Харилцаа холбооны тухай хуулийн 14.1-д зааснаас гадна шуудангийн үйлчилгээний зэрэглэлийг тусгана.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

11 дүгээр зүйл. Шуудангийн сүлжээний ашиглалт

/Энэ зүйлд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.Шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, дамжуулах, солилцох замаар хаягласан эзэнд нь хүргэх үйл ажиллагаа шуудангийн сүлжээгээр дамжин явагдана.

11.2.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үйлчилгээнд ашиглагдах шуудангийн үндсэн сүлжээ нь төрийн мэдэлд байна.

11.3.Үйлчлэгч нь өөрийн шуудангийн сүлжээ байгуулан үйлчилгээгээ үзүүлж болно.

12 дугаар зүйл.Шуудангийн бүх нийтийн үйлчилгээ

12.1. Шуудангийн бүх нийтийн үйлчилгээнд үйлчлэгч нь байршил, хүргэх боломжоос үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нийт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шуудангийн илгээмжийг энэ хуулийн 9.1.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хүргэх үйлчилгээ хамаарна.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13 дугаар зүйл. Цахим шуудангийн үйлчилгээ

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1. Үйлчлэгч нь цахим шуудангийн үйлчилгээ эрхэлж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2. Цахим шуудангийн үйлчилгээнд шуудангийн сүлжээгээр дамжуулан факс, нийтийн цахим шуудан, электрон худалдаа, электрон баримт бичиг хүргэх зэрэг үйлчилгээ хамаарна.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14 дүгээр зүйл.Санхүүгийн үйлчилгээ

14.1.Үйлчлэгч нь Зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна өөрийн сүлжээг ашиглан хадгаламж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс олгох санхүүгийн бусад үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15 дугаар зүйл.Шуудангийн хэрэгсэл

15.1.Шуудангийн хэрэгсэл нь шуудангийн илгээмж хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, хүргэхэд зориулсан тоног төхөөрөмж, шуудангийн богц, шуудангийн хайрцаг болон бусад хэрэгслээс бүрдэнэ.

15.2. Шуудангийн хэрэгсэл нь төрийн болон аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байж болно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.3.Шуудангийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйлчлэгч нь гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийг ашиглаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ҮЙЛЧЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ[edit]

16 дугаар зүйл.Үйлчлэгчийн эрх, үүрэг

16.1.Үйлчлэгч нь дараахь эрхтэй:

16.1.1.улс хоорондын шуудангийн үйлчилгээнд оролцох, гадаадын ижил төрлийн хуулийн этгээдтэй хамтран ажиллах;

16.1.2.үйлчилгээндээ захидлын дугтуй, ил захидал зэрэг өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглэх;

16.1.3.шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах;

16.1.4.шаардлагатай гэж үзвэл шуудангийн зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэж, биелэлтэд нь хяналт тавих;

16.1.5.шуудангийн илгээмжид зохих журмын дагуу хяналт тавьж, битүүмжлэхийг үйлчлүүлэгчээс шаардах, илгээхийг хориглосон зүйлийг хүлээж авахаас татгалзах;

16.1.6.өөрийн байгууллагын таних тэмдэг, тусгай хувцас хэрэглэх;

16.1.7.хууль, гэрээнд заасан бусад эрх.

16.2.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч үйлчлэгч нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

16.2.1.энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;

16.2.2.шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу түрээслүүлэх.

/Дээрх 16.2 дахь хэсгийг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.3.Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй:

16.3.1.нийтэд хүртээмжтэй, үр ашигтай шуудангийн үйлчилгээ үзүүлэх;

16.3.2.шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хэрэгсэлтэй байх;

16.3.3. шуудангийн үйлчилгээ үзүүлэхээр тогтоосон хугацаа, шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.3.4.шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;

16.3.5.өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.3.6.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.3.7. хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.4.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч үйлчлэгч нь энэ хуулийн 16.3-д зааснаас гадна дараахь үүрэгтэй:

16.4.1.үйлчилгээндээ орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;

16.4.2.энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээг эрхлэн үзүүлэх;

16.4.3.хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг үл зогсоох.

/Дээрх 16.4 дэх хэсгийг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.5. Ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ хуулийн 16.1, 171.1-д заасан үйлчлэгч байгууллагын ажилтан нь үйлчлүүлэгчийн нутаг дэвсгэрт болон бүх төрлийн тээврийн буудал, орон нутгийн замын пост, гүүр, зогсоолд аливаа төлбөр, хураамжгүйгээр саадгүй нэвтрэх эрхтэй.

/Энэ хэсэгт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

17.1.Үйлчлүүлэгч дараахь эрхтэй:

17.1.1.үйлчлэгчээс стандартад тохирсон үйлчилгээ шаардах, мэдээлэл гаргуулж авах;

17.1.2.шуудангийн илгээмжийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх;

17.1.3.хууль, гэрээнд заасан бусад эрх.

17.2.Үйлчлүүлэгч дараахь үүрэгтэй:

17.2.1.илгээж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх;

17.2.2.шуудангийн үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлөх;

17.2.3.хууль, гэрээнд заасан бусад үүрэг.

17-1 дугаар зүйл.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн эрх, үүрэг

/Дээрх 17-1 дүгээр зүйлийг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

17-1.1.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь эрхтэй:

17-1.1.1.энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;

17-1.1.2.шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу үйлчлэгчдэд ижил нөхцөлөөр түрээслүүлэх.

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17-1.2.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь үүрэгтэй:

17-1.2.1.шуудангийн үндсэн сүлжээг орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар шинэчлэх, өргөтгөх;

17-1.2.2.энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх, хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх арга хэмжээ авах.

17-1.2.3.Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийг хариуцах.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТАВДУГААР БҮЛЭГ - ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ[edit]

18 дугаар зүйл.Тарифын хэмжээ

18.1.Үйлчлэгч нь дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээний тарифын талаархи саналаа үндэслэл, тооцооны хамт Зохицуулах хороонд хүргэнэ.

18.2.Зохицуулах хороо үйлчилгээний тариф тогтоох саналыг хянан үзэж, холбогдох саналаа 14 хоногийн дотор тухайн үйлчлэгчид хүргүүлнэ.

18.3.Үйлчлэгч нь Зохицуулах хорооны саналыг харгалзан үйлчилгээний тариф тогтоох тухай шийдвэр гаргана.

18.4.Энэ хуулийн 18.3-т заасан шийдвэр гарснаас хойш энэ тухай 15 хоногийн дотор нийтэд мэдээлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙН ТӨРӨЛ, ЗЭРЭГЛЭЛ[edit]

/Энэ бүлгийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19 дүгээр зүйл. Шуудангийн илгээмжийн төрөл, зэрэглэл

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

19.1.Шуудангийн илгээмж нь дараахь онцлог бүхий энгийн, баталгаат, үнэ зарласан гэсэн төрөлтэй байна:

19.1.1.энгийн илгээмжид үйлчлүүлэгч өөрөө тарифын дагуу марк наасан энгийн захидал, баталгаат болон үнэ зарласнаас бусад боодол, илгээлт;

19.1.2.баталгаат илгээмжид үйлчлэгчээр батлуулан түүнийхээ төлөө нэмэлт хураамж төлж, хаягласан эзэнд нь гардуулах нөхцөлөөр илгээж буй захидал, боодол, илгээлт;

19.1.3.үнэ зарласан илгээмжид үйлчлүүлэгч илгээмжээ үнэлэн, нэмэгдэл төлбөр хийж илгээж байгаа захидал, боодол, илгээлт.

19.2.Шуудангийн үйлчилгээг үйлчлүүлэгчид хүргэх хамрах хүрээгээр нь улс хоорондын болон дотоодын, үйл ажиллагаагаар нь нэмэлт болон үндсэн, хугацаагаар нь ердийн болон буухиа гэсэн зэрэглэл тогтооно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

20 дугаар зүйл.Шуудангийн илгээмжийн зэрэглэл, хүргэх хугацаа

20.1.Шуудангийн илгээмжийг хүргэх хугацаагаар нь ердийн, шуурхай, буухиа гэж зэрэглэнэ.

20.2.Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна.

20.3.Шуурхай зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 1 хоног, аймаг, хотуудын хооронд 3 хоног, бусад газарт 10 хоногийн дотор хүргэсэн байна.

20.4.Буухиа зэрэглэлийн илгээмжийг хүргэх хугацаа нь гэрээнд зааснаар тодорхойлогдох бөгөөд энэ хуулийн 20.3-т заасан хугацаанаас богино байна.

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21 дүгээр зүйл.Улс хоорондын шуудангийн илгээмж

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.Улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

21.2.Улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарна.

ДОЛДУГААР БҮЛЭГ - ШУУДАНГИЙН ОНЦЛОГ ҮЙЛ АЖИЛЛАГАА[edit]

22 дугаар зүйл.Шуудангийн үйл ажиллагаанд хэрэглэх хэл

22.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шуудангаар үйлчлэгч нь албан хэргээ монгол хэлээр хөтлөн явуулна.

22.2.Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүрдүүлэлтийг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хэлээр хийнэ.

23 дугаар зүйл.Хаяг тодорхойгүй шуудангийн илгээмж

23.1.Хаяггүй буюу хаяг дутуу бичигдсэнээс хаягийг тодорхойлох, хаягт заасан этгээдийг тогтоож, зохих эзэнд нь хүргэж гардуулах боломжгүй шуудангийн илгээмжийг хаяг тодорхойгүй шуудангийн илгээмж гэнэ.

23.2.Шуудангаар үйлчлэгч байгууллагын ажилтан хаяг тодорхойгүй шуудангийн илгээмжийг энэ хуулийн 7.1.7-д зааснаар тодорхойлсон хадгалах хугацаа дуусмагц хүлээн авах буюу илгээсэн этгээдийн хаягийг тогтоох зорилгоор дараахь журмын дагуу задлана:

/Энэ хэсэгт 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.2.1.шуудангийн илгээмж задлахад үйлчлэгчийн хоёр, түүнээс дээш ажилтан оролцоно;

23.2.2.шуудангийн илгээмж задалсан үйл явцын талаар тэмдэглэл үйлдэнэ;

23.2.3.энэ хуулийн 24.1-д заасан шуудангаар илгээхийг хориглосон зүйл тухайн илгээмжид байвал түүнийг холбогдох байгууллагад шилжүүлнэ.

23.3.Шуудангийн илгээмжийг задалсны дараа хүлээн авах буюу илгээсэн этгээдийн хаяг тодорсон бол түүнд зохих шалтгаан, үндэслэлийг мэдэгдэнэ.

23.4. Энэ хуулийн 23.2 - 23.3-т заасан үйл ажиллагаа явуулсан боловч хаягт эзнийг тогтоох боломжгүй болсон тохиолдолд илгээмжийг холбогдох байгууллагад шилжүүлэх буюу энэ хуулийн 7.1.7-д заасан журмын дагуу устгана.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24 дүгээр зүйл.Шуудангийн үйл ажиллагаанд хориглох зүйл

24.1.Шуудангаар дараахь зүйл илгээхийг хориглоно:

24.1.1.Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасан галт зэвсэг, сум, байлдааны зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан химийн хорт болон аюултай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.1.2.хортон ургамал, амьтан;

24.1.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1, 3.1.4-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.1.4. хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон гадаад валют;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.5.түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;

24.1.6.садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;

24.1.7.хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл.

24.2.Шуудангийн сүлжээгээр дамжиж байгаа бүх төрлийн илгээмжийг алдаж үрэгдүүлэх, гэмтээх, зохих зөвшөөрөлгүй задлах, мэдээллийн нууцыг задруулах болон шуудангийн маркыг хуурамчаар үйлдвэрлэх, хуулбарлахыг хориглоно.

25 дугаар зүйл.Шуудангийн марк

25.1.Шуудангийн илгээмж дээр "Монгол" гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна.

25.2.Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.3.Үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркыг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

НАЙМДУГААР БҮЛЭГ - ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА[edit]

26 дугаар зүйл.Шуудангийн сүлжээний ашиглалт, үйлчилгээнд тавих хяналт

26.1.Шуудангийн сүлжээний ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд хууль тогтоомжид заасны дагуу улсын байцаагч хяналт тавина.

27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

27.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

27.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.

Public domainPublic domainfalsefalse