Монгол Улсын Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль (1993)

From Wikisource
Jump to navigation Jump to search
Монгол Улсын Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль  (1993) 

/Энэ хуулийг 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨНИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь зах зээл дэх аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнд төрөөс хяналт тавих, ноёрхох болон шударга өрсөлдөөнд харш бусад үйл ажиллагааг хориглох, хязгаарлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Давамгайлах байдал, дангаар ноёрхогч, ноёрхох үйл ажиллагаа

1.Аж ахуйн нэгж дангаараа, эсхүл хэд хэдэн аж ахуйн нэгж хамтдаа тухайн зах зээлд нийлүүлж байгаа нэг буюу ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ /цаашид "бараа" гэх/-ний 50-иас дээш хувийг тогтвортой эзэлж байгааг давамгайлах байдалд тооцно.

2.Тухайн зах зээлд нэг буюу ижил төрлийн барааг ганцаараа нийлүүлж байгаа аж ахуйн нэгжийг дангаар ноёрхогчид тооцно.

Хэрэв дангаар ноёрхогч аж ахуйн нэгж хамгийн бага зардлаар, хэрэглэгчдэд ашигтай хувилбараар нэг буюу ижил төрлийн бараагаар тухайн зах зээлийг хангаж байвал түүнийг зүй ёсны дангаар ноёрхогчид тооцно.

3.Давамгайлах байдлаа хууль бусаар ашиглаж өрсөлдөгчөө зах зээлд гарч ирэхэд саад учруулах, өрсөлдөөнийг болон хэрэглэгчдийг хясан боогдуулахыг ноёрхох үйл ажиллагаанд тооцно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Зах зээлд ноёрхох үйл ажиллагааг хориглох[edit]

4 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж давамгайлах байдлаа хууль бусаар ашиглахыг хориглох

Давамгайлах байдалтай аж ахуйн нэгж тухайн зах зээлд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/зохиомлоор барааны хомсдол бий болгож үнийг өсгөх зорилгоор барааны үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах;

2/ижил нөхцөлд ажиллаж байгаа бусад аж ахуйн нэгжтэй харьцуулахад тухайн аж ахуйн нэгжийг тэгш бус байдалд хүргэж болзошгүй нөхцөлийг хэлцэлд тусгахыг шаардах;

3/бусад аж ахуйн нэгж зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан зайлуулах зорилгоор бараагаа өөрийн зардлаас доогуур үнээр борлуулах;

4/бусад аж ахуйн нэгжийг зах зээлээс шахан зайлуулах зорилгоор тэдгээртэй аж ахуйн харилцаа тогтоохоос үндэслэлгүйгээр татгалзах;

5/бараагаа борлуулахдаа тухайн худалдан авагчид хэрэгцээгүй, эсхүл иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах;

6/худалдан авагчдаа тухайн барааг цааш борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх;

7/бараагаа борлуулахдаа өрсөлдөгчийнхөө барааг худалдан авахгүй байх болзол тулгах;

8/тухайн барааны үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох бага үнээр уг барааг өөртөө худалдахыг бусдаас шаардах;

9/өрсөлдөгчөө задрах, тарахыг шаардах.

5 дугаар зүйл.Өрсөлдөөнд саад учруулсан хэлцэл хийхийг хориглох

Хамтдаа давамгайлах байдалтай, өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнд саад учруулахын тулд хуйвалдаж дараахь зорилгод чиглэсэн хэлцлийг аливаа хэлбэрээр хийхийг хориглоно:

1/барааны үнэ тогтоох, өөрчлөх, үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах;

2/зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваан авах;

3/аж ахуйгаа ашигтай эрхлэх зорилгоор аль нэг байгууллагад гишүүнээр элсэхэд нь өрсөлдөгчдөө саад тавих;

4/бусад аж ахуйн нэгжийг зах зээлээс шахан зайлуулах зорилгоор тэдгээртэй аж ахуйн харилцаа тогтоохоос үндэслэлгүйгээр татгалзах;

5/бараа худалдах болон худалдан авахад үнээр өрсөлдөхөөс татгалзах.

6 дугаар зүйл.Өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллахыг хориглох

Давамгайлах байдалтай аж ахуйн нэгжийн удирдлага өрсөлдөгч бусад аж ахуйн нэгжийн удирдлагад хавсарч ажиллахыг хориглоно.

7 дугаар зүйл.Өрсөлдөгчөө эрхшээлдээ авахыг хориглох

1.Давамгайлах байдалтай аж ахуйн нэгж зах зээлд ноёрхох үйл ажиллагаа явуулах зорилгоор өрсөлдөгчийнхөө хөрөнгө, хувьцааг авч түүний эрх, үүргийг өөртөө шилжүүлэх, эсхүл түүнтэй хөрөнгөө нийлүүлж аж ахуйн шинэ нэгж болохыг хориглоно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэг улсын эдийн засагт тэргүүлэх чиглэлийн болон хүн амд нэн шаардлагатай барааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд тухайн барааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх тохиолдолд хамаарахгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Шударга өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хориглох[edit]

8 дугаар зүйл.Аж ахуйн нэгжид хориглох үйл ажиллагаа

Аж ахуйн нэгж шударга өрсөлдөөнд харш дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/өрсөлдөгчийнхөө болон түүний барааны нэр хүндийг бууруулах, эсхүл түүнийг алдагдалд оруулах зорилгоор худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах;

2/өөрийн болон өрсөлдөгчийн үйлдвэрийн газар, түүний байршил, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж, чанарын гол үзүүлэлт, хэрэглэх аргын талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх;

3/өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчлах;

4/бусдын барааны тэмдэг, шошго, үйлдвэрийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, түүнчлэн барааны нь оноосон нэр, баглаа, боодлыг хуулбарлах;

5/эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах.Энэ нь Монгол Улсын патентийн болон зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдаагүй, зах зээлд чөлөөтэй худалдагдаж байгаа барааг дууриалган дахин угсран бүтээхэд хамаарахгүй;

6/барааны чанарын доголдол, аюултай шинж чанарыг нуун дарагдуулах.

9 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн шийдвэр гаргахыг хориглох

1.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд дараахь шийдвэр гаргахыг хориглоно:

1/аж ахуйн нэгж тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;

2/аж ахуйн нэгж бараагаа нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;

3/аж ахуйн нэгжид бусдаас илүү нөхцөл бүрдүүлсэн, эсхүл түүнийг ялгаварлан гадуурхсан;

4/аж ахуйн үйл ажиллагааны аливаа чиглэлээр тухайн зах зээлд аж ахуйн шинэ нэгж гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан.

2.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөр хоорондоо болон аль нэг аж ахуйн нэгжтэй урьдчилан тохирч дараахь шийдвэр гаргахыг хориглоно.

1/барааны үнийг өсгөсөн, бууруулсан, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн;

2/зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилан өгөхөд чиглэсэн;

3/аж ахуйн нэгж тухайн зах зээлд гарч ирэхийг хязгаарласан, эсхүл түүний зах зээлээс шахан зайлуулахад чиглэсэн.

3.Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас учирсан хохирлыг нөхөхөд зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас бүх төрлийн зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Шударга бус өрсөлдөөнийг хориглох талаарх үйл ажиллагааг хянаж, зохицуулах[edit]

10 дугаар зүйл.Улсын Их Хурлаас явуулах үйл ажиллагаа

Улсын Их Хурал шударга бус өрсөлдөөнийг хориглох талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/шударга өрсөлдөөнийг дэмжих төрийн бодлогын үндсийг тодорхойлох;

2/аж ахуйн нэгжүүд зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх талаар Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаад хяналт тавих.

Засгийн газрын шийдвэр шударга өрсөлдөөнийг хориглосон буюу хязгаарласан гэж үзвэл түүнийг Улсын Их Хурал хүчингүй болгоно.

11 дүгээр зүйл.Засгийн газраас явуулах үйл ажиллагаа

1.Засгийн газар дараахь асуудлаар шийдвэр гаргахдаа Улсын Их Хуралтай зөвшилцөнө:

1/зүй ёсны дангаар ноёрхогч аж ахуйн нэгж үндэслэлгүй хэт өндөр ашиг олохоор байвал төрийн хяналт тогтоож үнийн зохицуулалт хийх;

2/зах зээлд зүй ёсны дангаар ноёрхогчтой өрсөлдөгч орж ирэх нөхцөлийг тогтоох;

3/экспорт, импортын үйл ажиллагааг хязгаарлах буюу зогсоох.

2.Шударга бус өрсөлдөөнийг хориглох, хязгаарлах, хянах, зохицуулах талаар Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга эрхлэх асуудлынхаа хүрээнд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1/шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, түүнийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх журмын талаархи санал боловсруулж, Засгийн газарт оруулах;

2/аймаг, нийслэлийн Засаг дарга шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай санал Ерөнхий сайдад гаргах;

3/аж ахуйн нэгжийг дангаар болон зүй ёсны дангаар ноёрхогч, эсхүл давамгайлах байдалтай гэдгийг, эсхүл энэ байдлаа алдсаныг тогтоолгохын тулд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжээс шаардлагатай мэдээ, баримт гаргуулан авах;

4/дангаар ноёрхогч болон давамгайлах байдлаа хууль бусаар ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг задлахыг тухайн аж ахуйн нэгжийн удирдлагаас шаардах;

5/шударга бус өрсөлдөөнийг хориглох, хязгаарлах, хянах, зохицуулах талаар гаргасан шийдвэрийнхээ тухай нийтэд мэдээлэх.

12 дугаар зүйл.Шүүхээс явуулах үйл ажиллагаа

1.Шүүх шударга бус өрсөлдөөнийг хориглохтой холбоотой дараахь асуудлаар шийдвэр гаргана:

1/Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас гаргаж өгсөн баримт бичгийг үндэслэн аж ахуйн нэгж дангаар болон зүй ёсны дангаар ноёрхогч, давамгайлах байдалтай гэдгийг, эсхүл энэ байдлаа алдсаныг тогтоох, шүүх энэ шийдвэрээ нийтэд зарлан мэдээлнэ;

2/шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагааг таслан зогсоох, гэрээгээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлэхийг шаардах, эсхүл түүнийг цуцалж, зөрчил гарахаас өмнөх байдлыг сэргээх.

2.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн талаарх маргааныг шүүх шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ. Бусад зүйл[edit]

13 дугаар зүйл.Шударга бус өрсөлдөөний талаар гомдол гаргах

Аж ахуйн нэгж, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн болон бусад байгууллага, иргэн шударга бус өрсөлдөөний талаарх дараахь гомдлоо дор дурдсан байгууллагад бичгээр гаргана:

1/энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг Засгийн газар зөрчсөн тухай гомдлоо Улсын Их Хуралд;

2/энэ хуулийн бусад зүйлд хориглосон үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх гомдлоо Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагад.

14 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсэн эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээр хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.

2.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн дараахь тохиолдолд шүүх дор дурдсан шийтгэл ногдуулна:

1/энэ хуулийн 4,5,7,8 дугаар зүйлийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол аж ахуйн нэгжийн эзэн буюу эрх баригч этгээдийг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох;

2/энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад шийдвэр гарснаас хойш шүүхээс тогтоосон хугацаанд уг шийдвэрийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу биелүүлэхэд саад учруулсан бол шүүгч гэм буруутай албан тушаалтныг 20000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 хүртэл төгрөгөөр торгох;

3/энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн З-т заасан мэдээ, баримтыг зохих албан тушаалтанд гаргаж өгөөгүй, санаатайгаар гуйвуулсан, худал, зөрүүтэй гаргаж өгсөн аж ахуйн нэгжийн эзэн буюу эрх баригч этгээдийг 20000 хүртэл төгрөгөөр торгох.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ

This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.

Public domainPublic domainfalsefalse