Монгол Улсын Ургамал хамгааллын тухай хууль

From Wikisource
Jump to navigation Jump to search
Монгол Улсын Ургамал хамгааллын тухай хууль  (2007) 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь бэлчээрийн болон таримал ургамлыг ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлаас хамгаалах, түүнтэй тэмцэх, хорио цээр тогтоох, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Ургамал хамгааллын тухай хууль тогтоомж

2.1.Ургамал хамгааллын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."бэлчээр" гэдгийг Газрын тухай хуулийн 3.1.6-д зааснаар ойлгоно;

3.1.2."таримал ургамал" гэж хүний үйл ажиллагааны оролцоотойгоор зориудаар тарьж ургуулсан ургамал, тэдгээрийн үр, суулгацыг;

3.1.3."ургамал хамгаалал" гэж бэлчээрийн болон таримал ургамал /цаашид "ургамал" гэх/-ыг ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хорио цээр тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэх цогц үйл ажиллагааг;

3.1.4."ургамлын өвчин" гэж ургамал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд өвчин үүсгэгч халдварлан түүний эд, эсийг гэмтээн цаашдын өсөлт, хөгжилт, ургацын чанарт сөргөөр нөлөөлөхийг;

3.1.5."хөнөөлт шавж" гэж ургамлаар хооллож тархан, түүнд гэмтэл учруулж буй шавжийг;

3.1.6."хөнөөлт мэрэгч амьтан" гэж ургамлаар хооллож тархан, түүнд гэмтэл учруулж буй мэрэгчийг;

3.1.7."ургамлын эрүүл ахуйн үзлэг" гэж ургамал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал, химийн бодисын үлдэгдэл зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа эсэхийг шалгахыг;

3.1.8."ургамал хамгаалах бодис" гэж ургамалд хөнөөл учруулдаг ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамалтай тэмцэхэд хэрэглэх химийн болон биологийн гаралтай бодисыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА[edit]

4 дүгээр зүйл.Ургамал хамгааллын үйл ажиллагаа

4.1.Ургамал хамгааллын үйл ажиллагаа нь урьдчилан сэргийлэх, тэмцэх, хорио цээр тогтоох, түүнийг цуцлахтай холбоотой цогц арга хэмжээнээс бүрдэнэ.

4.2.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдэгт ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал тархаж хөнөөл учруулахаас өмнө түүнийг илрүүлэн мэдээлэх, тархалт, олшролтын шалтгаан, хэмжээ, хүрээг тогтоох, тархаж болзошгүй голомтыг халдваргүйжүүлэх үйл ажиллагаа хамаарна.

4.3.Тэмцэх арга хэмжээ гэдэгт ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлыг тархах, олшрохыг таслан зогсоох, голомтыг устгах, байгалийн тэнцвэрт хэмжээнд нь байлгах зэрэг үйл ажиллагаа хамаарна.

4.4.Хорио цээр тогтоох гэдэгт ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт тархаж эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор голомтод нь хязгаарлан зогсоох, устгах, ургамал хамгаалах бодисын сөрөг нөлөөллөөс хамгаалахад чиглэсэн арга хэмжээ хамаарна.

5 дугаар зүйл.Ургамал хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага

5.1.Ургамал хамгааллын үйл ажиллагааг төв, орон нутгийн, мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллага хэрэгжүүлнэ.

5.2.Төв байгууллага нь бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ байна.

5.3.Орон нутгийн байгууллага нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, түүний харъяа байгууллага байна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.4.Эрдэм шинжилгээний байгууллага нь ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын тархалт, олшролт, хөнөөлийн талаар судалгаа, туршилт, зохион бүтээх ажил хийх, түүний үр дүнд үнэлэлт, дүгнэлт гаргах, ургамал хамгаалах арга технологи /цаашид "технологи" гэх/ боловсруулах, урьдчилан мэдээлэх үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага байна.

5.5.Мэргэжлийн байгууллага нь ургамал хамгааллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.

/Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГУРАВДУГААР БҮЛЭГ - УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХИ БҮРЭН ЭРХ[edit]

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Улсын Их Хурал ургамал хамгааллын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.ургамал хамгааллын талаархи төрийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоох.

7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

7.1.Засгийн газар ургамал хамгааллын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.ургамал хамгааллын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

7.1.2.бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн бүс нутгийн хэмжээнд ургамлын хорио цээр тогтоох, цуцлах;

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.3.гадаад орон, олон улсын холбогдох байгууллагатай ургамал хамгаалал, хорио цээрийн талаар хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах;

7.1.4.ургамлын хорио цээр тогтоосон үед баримтлах журмыг батлах.

8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Төрийн захиргааны төв байгууллага ургамал хамгааллын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.ургамал хамгаалал, хорио цээрийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг зохион байгуулж хэрэгжүүлэх;

8.1.2.ургамал хамгааллын талаархи бодлого, төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал, төсвийн төслийг боловсруулж батлуулах;

8.1.3.ургамал хамгааллын талаар мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

8.1.4.ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын жагсаалтыг батлах;

8.1.5.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгох;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.6.ургамал хамгааллын үйл ажиллагааг орон нутгийн болон эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.7.Монгол Улсад хэрэглэх ургамал хамгаалах химийн бодисоос бусад бодисыг турших, бүртгэх, түүнийг хэрэглэх журмыг батлах;

8.1.8.ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журмыг сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

8.1.9.бэлчээрийн ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтны тархалт, олшролтын тодотгох судалгааг салбарын эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгүүлж, дүгнэлт гаргуулах;

8.1.10.тариалангийн газрын ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын байдалд 3 жил тутам судалгаа хийлгүүлж, дүгнэлт гаргуулах.

9 дүгээр зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ургамал хамгааллын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.1.нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээ, зардлын төслийг хэлэлцэж батлах, биелэлтэд хяналт тавих;

9.1.2.ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын тархалт, олшролтын төлөв байдал, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгаа тухай Засаг даргын тайланг хэлэлцэх.

10 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга ургамал хамгааллын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.1.ургамал хамгааллын тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, технологийг мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

10.1.2.нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээ, зардлын төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах;

10.1.3.ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын тархалт, олшролт, хөнөөлийн тухай төрийн захиргааны төв байгууллагад жил бүр мэдээлэх;

10.1.4.ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл орон нутгийн болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн нутаг дэвсгэртээ ургамлын хорио цээр тогтоох, цуцлах;

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.5.ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал тархсан болон тархаж болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх;

10.1.6.ургамлын хорио цээр тогтоосон үед тэмцэх арга хэмжээг орон нутгийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд иргэн, хуулийн этгээдийг дайчлан оролцуулах;

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.7.ургамал хамгааллын үйл ажиллагаа эрхлэх эрдэм шинжилгээний байгууллагын ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах;

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.8.бэлчээр, тариалангийн газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд ургамал хамгааллын талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, зөрчлийг арилгуулах.

11 дүгээр зүйл.Эрдэм шинжилгээний байгууллагын бүрэн эрх

11.1.Эрдэм шинжилгээний байгууллага нь ургамал хамгааллын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын тархалт, зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоох, шинжлэх, олшролт, хөнөөлийн талаар судалгаа, туршилт, зохион бүтээх ажил хийх, түүний үр дүнд үнэлэлт, дүгнэлт гаргах;

11.1.2.ургамал хамгаалах бодисын хоруу чанар, түүний ургамал, ус, хөрсөн дэх үлдэцийг тодорхойлох;

11.1.3.ургамал хамгаалах бодисыг тyрших, тэдгээрийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, хэрэглэх талаар зөвлөмж боловсруулах;

11.1.4.ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлаас хамгаалах стандарт, технологи боловсруулах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх.

12 дугаар зүйл.Ургамал хамгааллын талаархи мэргэжлийн байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.1.Мэргэжлийн байгууллага ургамал хамгааллын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.1.ургамал хамгааллын үйл ажиллагааны талаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллах;

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.1.2.ургамал хамгааллын үйл ажиллагаанд технологийг чанд мөрдөх;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.1.3.ургамал хамгааллын үйл ажиллагааны үр дүн, гэрээний биелэлт, зарцуулсан бодисын талаар захиалагчид тайлагнах.

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.2.Ургамал хамгааллын үйл ажиллагааг зөвхөн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТАЛААРХИ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ[edit]

13 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

13.1.Иргэн, хуулийн этгээд нь ургамал хамгааллын талаар дараахь эрхтэй:

13.1.1.төв, орон нутгийн, мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагаас ургамал хамгааллын тухай мэдээлэл авах;

13.1.2.ургамал хамгааллын үйл ажиллагааг гүйцэтгүүлэх мэргэжлийн байгууллагаа сонгох;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.3.ургамал хамгааллын үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээний байгууллагаас уг үйл ажиллагаатай холбоотойгоор гаргасан дүгнэлт, арга хэмжээний талаар тайлбар шаардах, гомдол гаргах.

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.Иргэн, хуулийн этгээд ургамал хамгааллын талаар дараахь үүрэгтэй:

13.2.1.ашиглаж, эзэмшиж байгаа болон өмчийн газарт нь ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл өөр газарт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах, тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэх;

13.2.2.ургамал, түүнээс гаралтай түүхий эдийг тээвэрлэх, борлуулахдаа тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ авах.

13.3.Иргэн, хуулийн этгээд ургамал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар зохицуулна.

13.4.Ургамал хамгаалахад ашиглах бодис импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлэн ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.4.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйл ажиллагааны төрлийг тодорхой дурдсан байх/;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.4.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.4.3.татварын өргүй болохыг нотлох баримт;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.4.4.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон талаарх нотлох баримт;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.4.5.ургамал хамгаалахад ашиглах химийн гаралтай бодисын хувьд Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийлгэсэн эрсдэлийн үнэлгээний тайлан;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.4.6.ургамал хамгаалахад ашиглах химийн гаралтай бодисын хувьд тухайн химийн бодисын сав, баглаа боодлыг устгах, дахин боловсруулах үйлдвэртэй байгуулсан гэрээ.

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.5.Ургамал хамгаалахад ашиглах бодис импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 13.4-т заасан баримт бичгийг бүрдүүлэн ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТАВДУГААР БҮЛЭГ - УРГАМЛЫН ХОРИО ЦЭЭР ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА[edit]

14 дүгээр зүйл.Ургамлын хорио цээр тогтоох

14.1.Ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл орон нутгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга нутаг дэвсгэртээ ургамлын хорио цээр тогтооно.

/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

14.2.Ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал хэд, хэдэн аймгийн бэлчээр, тариалангийн талбайд илэрвэл бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар хорио цээр тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.3.Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарахад тавигдах шаардлага, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх нөхцөл, аргыг энэ хуулийн 7.1.4-т заасан журмаар зохицуулна.

14.4.Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

14.4.1.ургамал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаргах, дамжин өнгөрүүлэх;

14.4.2.ургамал, түүнээс гаралтай түүхий эдийг бэлтгэх;

14.4.3.халдвартай үр, суулгацыг борлуулах, шилжүүлэх, тариалах;

14.4.4.хөнөөлийн голомттой байр, агуулах, хашаа, талбайг ариутгал, халдваргүйжүүлэлт хийхгүйгээр ашиглах.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ[edit]

/Энэ бүлгийн гарчигт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15 дугаар зүйл.Ургамал хамгааллын үйл ажиллагаанд тавих хяналт

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.Ургамал хамгааллын үйл ажиллагаанд тавих хяналтыг ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, улсын байцаагч хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, улсын байцаагч нь ургамал хамгааллын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.1.ургамал хамгааллын үйл ажиллагааны талаархи стандарт, технологийн шаардлагыг хянаж, хэрэгжилтийг хангуулах;

15.2.2.ургамал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулах явцад ургамлын эрүүл ахуйн үзлэг хийх;

15.2.3.ургамал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан илэрвэл нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглох, шаардлагатай үед устгах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах;

15.2.4.таримал ургамлын үр, суулгац, ургамал хамгаалах бодисыг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах, хэрэглэх явцад хяналт тавих.

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ДОЛДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ[edit]

16 дугаар зүйл.Ургамал хамгааллын үйл ажиллагааны санхүүжилт

16.1.Ургамал хамгааллын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс болон иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлнэ.

16.2.Ургамал хамгааллын үйл ажиллагааны дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

16.2.1.энэ хуулийн 8.1.9, 8.1.10-т заасан судалгаа хийлгүүлж, дүгнэлт гаргуулахад шаардагдах зардал;

16.2.2.бэлчээрийн ургамалд ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан тархаж, хөнөөл учруулах үед түүнтэй тэмцэх зардал;

16.2.3.ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал тархаж, хөнөөл учруулж болзошгүй үед түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зардал.

16.3.Тариалангийн газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд нь ургамал хамгааллын үйл ажиллагааны зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

17 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

17.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

17.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.

Public domainPublic domainfalsefalse