Jump to content

Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль

From Wikisource
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль (1994)
321281Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль1994

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Ерөнхий зүйл

[edit]

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх журам болон Төрийн дууллыг хуульчлан бататгахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдэг

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг,далбаа, тамга, дуулал /цаашид "Төрийн бэлгэ тэмдэг" гэх/ мөн.

2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

З дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль тогтоомж

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Монгол Улсын Төрийн сүлд, түүнийг үйлдэх, дүрслэх, байрлуулах

[edit]

4 дүгээр зүйл. Төрийн сүлд

Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаар Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугираг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

5 дугаар зүйл. Төрийн сүлдийг үйлдэх, дүрслэх

1. Төрийн сүлдийг өнгө ялгах буюу ялгахгүйгээр үйлдэж дүрсэлж болно.

2. Төрийн сүлдийг өнгө ялган үйлдэх буюу дүрслэхэд соёмбо, эрдэнийн хүлэг, түмэн насан хээ, хүрд нь алтан шар, тэнгэр нь хөх, уулан хээ нь тодоос шингэрээж гурваар дагнасан ногоон, бадам цэцэг нь алтан шар өнгийн хүрээтэй цагаан, хадаг нь алтан шар утсаар хүрээлсэн цэнхэр, чандмань эрдэнэ нь ногоон, улаан, хөх өнгийг дөрвөөр дагнаж алтан шар өнгийн зураасаар хүрээлсэн байна. Төрийн сүлдний чандмань эрдэнэ, түмэн насан хээ, бадам цэцэг нь элгэн хүрэн дэвсгэр дээр байрлана.

З. Төрийн сүлдийг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, харьцааг чанд баримтална.

6 дугаар зүйл. Төрийн сүлдийг байрлуулах

1. Төрийн сүлдийг:

1/ Монгол Улсын Төрийн тамганд;

2/ Монгол Улсын хилийн багананд;

З/ Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хайрцаг дээр;

4/ Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны болон Төрийн ордны соёмбот танхим, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаанд;

5/ иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын хуралдааны байранд-хуралдааны хугацаанд;

6/ бүх шатны шүүхийн шүүх хуралдааны болон иргэдийн төрөлт, гэрлэлтийг бүртгэх танхимд;

7/ бүх шатны Засаг даргын албан тасалгаанд;

8/ Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч,консулын газрын хаягт;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурал, бүх шатны Засаг дарга, шүүх, прокурор, монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын хэвлэмэл хуудаст;

/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

10/ галт тэрэгний зүтгүүр, суудлын вагоны хажуу талд тус тус байрлуулна.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан танхим, өргөө, албан тасалгаанд байрлуулах Төрийн сүлдийг өнгөөр ялгасан байна.

З. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад газарт Төрийн сүлдийг байрлуулах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Монгол Улсын Төрийн туг, түүнийг үйлдэх, байрлуулах, хүндэтгэн залах

[edit]

7 дугаар зүйл. Төрийн туг

1.Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.

2.Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг мөн.

8 дугаар зүйл. Төрийн тугийг үйлдэх

1. Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ.

2. Их цагаан тугны нийт өндөр нь ишний хамт З62,0 см, титэм /сэсэм/-ийн тойргийн голч нь 55,0 см, хөл, тугны нийт өндөр нь ишний хамт 262,0 см, титмийн тойргийн голч нь 40,0 см байна.

З. Төрийн тугны оройн хэсэгт гангаар сийлсэн, жийжүүдсэн хээтэй, сэрээ хэлбэрийн гилбэр байна. Их цагаан тугны гилбэрийн үзүүрт дээшээ дүрэлзэж байгаа галын дүрс байрлуулах бөгөөд гилбэр нь тойрсон цэцгийн дэлбээ хэлбэртэй суурь /цар/-тай байна. Уг суурь болон титмийн туурга, гилбэрийн галын дүрсийг монгол дарганы аргаар алтдаж шармалдана.

4. Төрийн туг нь шаргал хээтэй цагаан хоргойгоор хийсэн 4 хэлт манжлага бүхий бүслүүртэй байна. Бүслүүр, хэлийн уулзвар бүр дээр зэс хөөмөл дугуй толь байрлуулна.

5. Их цагаан тугны гилбэрийн өндөр 58,5 см, галын дүрсний өргөн З6,0 см, гилбэр сэсмийг холбосон 4 ширхэг ган гархины өндөр 9,5 см, өргөн 7,5 см байна. Титмийн оройд тэнцүү хэмжээтэй 8 ширхэг цэцгийн дэлбээ байна. Их цагаан тугны титмийн туурганы өндөр 10,5 см, дээд, доод хажлаганы өргөн тус бүр 1,З см, товрууны тойргийн голч нь З,5 см, 4 хэлт манжлаганы урт 81,0 см, манжлаганы үзүүрийн улаан хүрэн өнгийн молцогны урт 18,0 см , манжлаганы хэл тус бүрийн дээд хэсгийн өргөн 7,5 см, үзүүр хэсгийн өргөн 10,5 см, бүслүүрийн өргөн 7,5 см, манжлага бүслүүрийн хүрэн улаан өнгөт эмжээрийн өргөн 1,0 см, хэл, бүслүүрийн уулзвар дахь зэс хөөмөл толины тойргийн голч нь 9,0 см хэмжээтэй байна.

6. Хөл тугны гилбэрийн өндөр З1,0 см, титмийн туурганы өндөр 9,0 см, дээд, доод хажлаганы өргөн тус бүр 1,0 см, товрууны тойргийн голч нь 2. 5 см, 4 хэлт манжлаганы урт 61,0 см, манжлаганы хэл тус бүрийн дээд хэсгийн өргөн 6,5 см, үзүүр хэсгийн өргөн 9,5 см, бүслүүрийн өргөн 7,0 см, манжлага, бүслүүрийн хүрэн улаан өнгөт эмжээрийн өргөн 0,5 см, хэл, бүслүүрийн уулзвар дахь зэс хөөмөл тольны тойргийн голч нь 7,0 см хэмжээтэй байна.

7. Төрийн тугны ишийг хус модыг хатааж, тосонд чанаж өнгөлж хийнэ. Их цагаан тугны ишний өндөр нь 303,5 см, голч нь 5,0 см, хөл тугны ишний өндөр нь 231,0 см, голч нь З,5 см хэмжээтэй байна.

8. Энэ хуулийн 2З дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд Төрийн тугийг дуурайлган үйлдэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9 дүгээр зүйл. Төрийн тугийг байрлуулах

1. Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна.

2. Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ.

10 дугаар зүйл. Төрийн тугийг хүндэтгэн залах

1.Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Төрийн тугийг цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална.

/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Төрийн тугийг цэнгүүлэх, хүндэтгэн залах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

/Энэ хэсэгт 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Монгол Улсын Төрийн далбаа, түүнийг үйлдэх,дүрслэх, мандуулах,байрлуулах, дурсгах

[edit]

/Энэ бүлгийн гарчигт 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

11 дүгээр зүйл. Төрийн далбаа

Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

12 дугаар зүйл. Төрийн далбааг үйлдэх

1. Төрийн далбааг улаан, хөх өнгийн хээгүй, цулгуй эдээр үйлдэнэ.

2. Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн уртын 1:2-ын харьцааг чанд баримтална.

1З дугаар зүйл. Төрийн далбааг мандуулах

1. Төрийн далбааг дараахь газар байнга мандуулна:

1/ Монгол Улсын Төрийн ордон;

2/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө;

З/ аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын албан ажлын байр;

4/ Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын байр.

2. Төрийн далбааг дараахь газар, тээврийн хэрэгсэл дээр түр хугацаагаар мандуулна:

1/ Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр-санал хураах байр;

2/ иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын хуралдааны хугацаанд-хуралдааны байр;

З/ Монгол Улсын Үндсэн хуулийн болон Монгол Улсыг Бүгд Найрамдах Улсаар тунхагласан өдөр-төрийн захиргааны төв байгууллагын байр;

4/ Монгол ардын хувьсгалын ойн баярын өдөр-баяр наадмын талбай, төрийн захиргааны төв байгууллага,зэвсэгт хүчин, бусад цэргийн нэгтгэл, анги болон хилийн салбарын байр;

/Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5/ Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон консулын хөлөглөж яваа тээврийн хэрэгсэл;

6/ хилийн асуудлаар хэлэлцээ хийхээр яваа Монгол Улсын хилийн төлөөлөгчийн хөлөглөж яваа тээврийн хэрэгсэл.

З. Төрийн далбааг Монгол Улсын бүртгэлтэй усан тээврийн хэрэгсэл дээр олон улсын нийтлэг журмыг баримтлан мандуулна.

4. Олон улсын чанартай буюу үндэсний уламжлалт биеийн тамир, спортын уралдаан, тэмцээн, наадам, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээний үед олон улсын жишиг, ард түмний уламжлалыг харгалзан Төрийн далбааг өргөн мандуулж болно.

14 дүгээр зүйл. Төрийн далбааг байрлуулах, дүрслэх

1. Төрийн далбааг дараахь газар байнга байрлуулна:

1/ Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн шүүх хуралдааны танхим;

2/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга,Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаа;

З/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, бүх шатны Засаг даргын албан тасалгаа;

/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4/ Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын албан тасалгаа;

5/ хилийн төлөөлөгч, хилийн анги, салбарын даргын албан тасалгаа.

/Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөг, усан тээврийн хэрэгсэл дээр олон улсын нийтлэг журмыг баримтлан Төрийн далбааг өнгөөр ялгаж дүрсэлнэ.

14-1 дүгээр зүйл. Төрийн далбааг дурсгах

1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд өөрийн албан тасалгаанд байрлуулсан төрийн далбааг төр, нийгмийн өмнө гавьяа байгуулсан иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулахаар хүндэтгэлтэйгээр гардуулан өгч болно.

/Дээрх 14-1 дүгээр зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл. Төрийн далбааг бөхийлгөх, буулгах

Мандаж байгаа Төрийн далбааг орон даяар гашуудал зарласан тохиолдолд 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёрт хүртэл буулгана.

ТАВДУГААР БҮЛЭГ. Монгол Улсын Төрийн тамга, түүнийг үйлдэх, барих, залах, хадгалах

[edit]

16 дугаар зүйл. Төрийн Тамга

Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Төрийн тамга нь дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна.

17 дугаар зүйл. Төрийн тамгыг үйлдэх

1. Төрийн тамгыг цул мөнгөөр, гар аргаар, ганц хувь үйлдэнэ.

2. Төрийн тамга нь 10,0 х 10,0 х 2,0 см хэмжээтэй, арслангийн дүрс бүхий бариулын өндөр нь 8,0 см байна.

З. Төрийн тамганы дөрвөн өнцөгт бат бэхийг бэлгэдсэн холбоо түмэн насан хээ байрлуулан, Монгол Улс гэсэн бичээсийг монгол үсгээр эвхэж бичсэн байна.

4. Төрийн тамгыг дуурайлган үйлдэхийг хориглоно.

18 дугаар зүйл. Төрийн тамгыг барих, байрлуулах

1. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.

2. Төрийн тамгыг:

1/ Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр;

2/ Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна.

З. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагт байрлуулна.

19 дүгээр зүйл. Төрийн тамгыг залах, хадгалах

Төрийн тамгыг залах журмыг Улсын Их Хурал, хадгалах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. Монгол Улсын Төрийн дуулал, түүнийг эгшиглүүлэх, хүндэтгэх

[edit]

20 дугаар зүйл. Төрийн дуулал

Монгол Улсын Төрийн дуулал нь энэ хуульд хавсаргасан үг, аятай байна.

21 дүгээр зүйл. Төрийн дууллыг эгшиглүүлэх

1. Төрийн дууллыг дараахь тохиолдолд эгшиглүүлнэ:

1/ Төрийн тугийг хүндэтгэн залах ёслол үйлдэхэд;

2/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн тангараг өргөсний дараа;

З/ Монголын ард түмний баяр ёслолд зориулсан баярын хурал, цуглаан, ёслолын ажиллагааг нээхэд;

4/ Монгол Улсын түүхэнд холбогдох болон эх орон, ард түмнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөө, цогцолборыг нээхэд;

5/ радио өргөн нэвтрүүлгийн үндсэн хөтөлбөр эхлэх, төгсөхөд;

6/ бүх ард түмний баяр ёслолд зориулсан телевизийн хөтөлбөрийн анхны өдрийн нэвтрүүлэг эхлэхэд;

7/ бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа эхлэхэд;

/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

8/хуульд өөрөөр заагаагүй бол тангараг өргөдөг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа төгсөхөд;

/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/ хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд.

/Энэ заалтын дугаарыг 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

2. Олон улсын чанартай биеийн тамир, спортын уралдаан, тэмцээн, наадам, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээний үед олон улсын жишгийг баримтлан Төрийн дууллыг эгшиглүүлж болно.

З. Төрийн дууллыг найрал, үлээвэр хөгжим, дуу бичлэгийн хэрэгсэл ашиглан эгшиглүүлэх буюу найрал дуу, найрал дуу-хөгжим зэрэг бусад хэлбэрээр дуулж, хөгжимдөж болно.

4. Төрийн дууллыг энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5-д заасан тохиолдолд бүрэн хэмжээгээр, бусад тохиолдолд эхний бадгийг дахилтын хамт эгшиглүүлнэ.

5. Цэргийн анги, нэгтгэлд Төрийн дууллыг эгшиглүүлэх журмыг цэргийн дүрмээр зохицуулна.

22 дугаар зүйл. Төрийн дууллыг хүндэтгэх

Төрийн дууллыг олон нийтийн өмнө эгшиглүүлэхэд оролцогч бүх иргэд босож, дуулж хүндэтгэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ДОЛДУГААР БҮЛЭГ. Бусад зүйл

[edit]

2З дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийг дүрслэх

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1. Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрслэх журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24 дүгээр зүйл. Төрийн ёслол, хүндэтгэлийн үед Төрийн бэлгэ тэмдгийг хэрэглэх

Монгол Улсын төр,засгийн тэргүүн нар гадаад оронд, гадаад орны төр, засгийн тэргүүн нар Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх, гадаад орноос Монгол Улсад суух элчин сайд итгэмжлэх жуух бичиг барих, түүнчлэн төрийн ёслол, хүндэтгэлийн бусад арга хэмжээний үед Төрийн сүлд, далбааг дээдлэн хэрэглэх, Төрийн дууллыг эгшиглүүлэх журмыг Монгол Улсын Төрийн ёслолын тухай хууль тогтоомжоор тодорхойлно.

25 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдэг хэрэглэх эрх чөлөө

Иргэд, өрх, аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн бэлгэ тэмдгээ гүнээ дээдлэн хүндэтгэж, бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед Төрийн сүлд, далбаагаа барих байрлуулах, мандуулах буюу Төрийн дууллыг эгшиглүүлж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

26 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглох

Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно.

27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

28 дугаар зүйл. Хуулийн биелэлтэд тавих хяналт

Энэ хуулийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын хил хамгаалах байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ


Төрийн бэлгэ тэмдгийн тухай

Монгол Улсын хуулийн хавсралт №1

Үгийг Ц.Дамдинсүрэн

Аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

/Дээрх 1 дүгээр хавсралтыг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.