Монгол Улсын Дампуурлын тухай хууль
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ДАМПУУРЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь дампуурлын хэрэг үүсгэх, хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Дампуурлын тухай хууль тогтоомж
2.1.Дампуурлын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Дампуурлын хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулна.
2.З.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."нэхэмжлэгч" гэж хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийг;
3.1.2."хариуцагч" гэж тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компаниас бусад төлбөрийн чадваргүй болсон нөхөрлөл, хоршоо, компани, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хуулийн этгээдийн эрх бүхий төрийн бус байгууллагыг;
/Энэ заалтад 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.3."өөрийн хөрөнгө" гэж хариуцагчийн үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүүг;
3.1.4."хэрэг гүйцэтгэгч" гэж хариуцагчийг татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэгч, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаанд хяналт тавих, хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах эрхтэйгээр нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосноор шүүхийн томилсон этгээдийг.
4 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүйд тооцох
4.1.Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ДАМПУУРЛЫН ХЭРЭГ ҮҮСГЭХ
[edit]5 дугаар зүйл.Дампуурлын хэрэг үүсгэх
5.1.Шүүх дараахь үндэслэлээр дампуурлын хэрэг үүсгэнэ:
5.1.1.үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч тал дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл гаргасан;
5.1.2.хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан.
5.2.Нэхэмжлэл, хүсэлт нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж шүүгч үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дампуурлын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
5.3.Дампуурлын хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, 30 хоногийн дотор хариуцагчийг төлбөрийн чадвартай болох эсэхийг тогтооно.
5.4.Хариуцагч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын өр төлбөрийн асуудлыг зохих хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.
5.5.Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосноос хойш 7 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг мэдээлэлд нэхэмжлэгчдийн анхны хурал хийх он, сар, өдөр, газар, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг заана.
5.6.Дампуурлын хэрэг үүсгэхдээ шүүгч өөрийн санаачилгаар буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авч болно.
5.7.Шүүх дампуурлын хэрэг үүсгэхдээ хэрэг гүйцэтгэгчийг түр томилж болно. Түр хэрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 12.1.1, 12.1.2, 12.1.З, 12.1.4, 12.1.5, 12.1.9-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
6 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрт гомдол гаргах
6.1.Оролцогч этгээдүүд дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гарсан өдрөөс хойш 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Шүүх уг гомдлыг 15 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
6.2.Оролцогч этгээдүүд дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Шүүх уг гомдлыг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
6.3.Гомдлыг шүүх хянан шийдвэрлэх хугацаанд дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх хугацаа түр зогсох бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн түүнийг үргэлжлүүлэн тооцно.
7 дугаар зүйл.Дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл, хүсэлтэд тавих шаардлага
7.1.Дампуурлын хэрэг үүсгэх тухай хариуцагчийн хүсэлтэд төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэл, дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг тусгаж, дараахь зүйлийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.1.1.сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцэл;
7.1.2.өмчлөлдөө байгаа, эсхүл итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний талаархи санал;
7.1.3.нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ;
7.1.4.хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн хэмжээ;
7.1.5.хоршооны хувьд гишүүд, нөхөрлөлийн тухайд бүрэн хариуцлагатай гишүүдийн нэр, хаяг.
7.2.Дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэлд тухайн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцуулах, төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх үндэслэл, түүний хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тус тус тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
7.З.Шаардлагатай тохиолдолд шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нэмэлт нотлох баримтыг нэхэмжлэл, хүсэлт гаргасан этгээдээс шаардаж болно.
8 дугаар зүйл.Нэхэмжлэгчдийн хурал
8.1.Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна.
8.2.Нэхэмжлэгчдийн анхны хурлаас энэ хуулийн 11.2-т заасан шаардлага хангасан этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгоно.
8.З.Нэхэмжлэгчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
8.3.1.энэ хуулийн 27.З-т заасан хэсэг тус бүрээр дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх;
8.3.2.дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, хариуцагчийн санхүүгийн тайланг хэлэлцэх;
8.3.3.хэрэг гүйцэтгэгчийг томилуулахаар шүүхэд санал тавих, түүний цалин хөлс, үйл ажиллагааны зардлын хэмжээ, төлөх хугацаа, журмыг тогтоох;
8.3.4.шүүхээс хариуцагчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн тохиолдолд хэрэг гүйцэтгэгчээс уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөл, хэмжээ хязгаарыг тогтоох;
8.3.5.хэрэг гүйцэтгэгчийн мэдээлэл, дүгнэлттэй танилцах, тайланг хэлэлцэх;
8.3.6.хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх саналыг шүүхэд тавих;
8.3.7.хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах;
8.3.8.хариуцагчийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар шүүхэд хандах;
8.3.9.хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн оролцоогүйгээр биелүүлэх эсэхийг шийдвэрлэх.
8.4.Нэхэмжлэлийн нийт шаардлагын 10-аас доошгүй хувийг гаргасан нэхэмжлэгчдийн шаардсанаар хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна.
9 дүгээр зүйл.Нэхэмжлэгчдийн хурлаас шийдвэр гаргах журам
9.1.Нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгч бүр бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнд өөрийн нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно.
9.2.Шийдвэрийг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн нийт нэхэмжлэлийн саналын эрхийн 66.7-оос дээш хувиар баталсан бол хүчин төгөлдөрт тооцно.
10 дугаар зүйл.Нэхэмжлэгчдийн зөвлөл
10.1.Нэхэмжлэгчдийн тоо 7-оос дээш байвал нэхэмжлэгчдийн хурлаас нэхэмжлэгчдийн зөвлөлийг байгуулж болох бөгөөд зөвлөл нь З-аас доошгүй сондгой тооны нэхэмжлэгчдээс бүрдэнэ.
10.2.Нэхэмжлэгчдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн нийт нэхэмжлэлийн саналын эрхийн 66.7-оос дээш хувиар батална.
10.3.Зөвлөлийн эрх, үүргийг нэхэмжлэгчдийн хурлаас батална.
11 дүгээр зүйл.Хэрэг гүйцэтгэгчийг томилох
11.1.Шүүх энэ хуулийн 8.2-т заасны дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэнэ.
11.2.Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, хууль, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой хувь хүн, эсхүл хууль зүй, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэжлийн зөвлөлгөө, үйлчилгээ үзүүлэх эрх, үүрэг бүхий хуулийн этгээд байна.
11.З.Дор дурдсан этгээд, түүний гэр бүлийн гишүүнийг хэрэг гүйцэтгэгчээр томилохыг хориглоно:
11.3.1.хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлага, түүний гишүүн;
11.3.2.хувьцаат компаниас бусад хариуцагч хуулийн этгээдийн гишүүн;
11.3.3.нэхэмжлэгч хувь хүн.
12 дугаар зүйл.Хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг
12.1.Хэрэг гүйцэтгэгч дараахь эрх, үүрэгтэй:
12.1.1.шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх;
12.1.2.хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтанд авч, тооллого явуулах;
12.1.3.шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах;
12.1.4.нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах;
12.1.5.шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах;
12.1.6.дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, энэ хуулийн 19, 20, Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
12.1.7.тусгай данс нээж хариуцагчийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх;
12.1.8.хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах;
12.1.9.шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах;
12.1.10.хариуцагчийн талаар гаргасан өөрийн дүгнэлтийг холбогдох этгээдүүдэд танилцуулах;
12.1.11.хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх;
12.1.12.нэхэмжлэгчдийн тогтоосон цалин хөлсний хэмжээнд багтаан өөрт туслагчийг хөлсөөр ажиллуулах;
12.1.13.Иргэний хууль болон энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг худалдах;
12.1.14.хуульд заасан бусад эрх, үүрэг.
12.2.Хуурч мэхлэх, хайхрамжгүй хандах зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас хариуцагчид ямар нэгэн хохирол учруулбал хэрэг гүйцэтгэгч уг хохирлыг биечлэн хариуцна.
12.3.Дампуурлын хэргийн оролцогчид хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол гаргах, шүүх хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх эрхтэй.
13 дугаар зүйл.Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт
13.1.Хэрэг гүйцэтгэгч нь шүүхээр батлагдсанаасаа хойш 2О хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна. Дүгнэлтэд дараахь зүйлийг тусгана:
13.1.1.хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт;
13.1.2.хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог;
13.1.3.удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт;
13.1.4.нэхэмжлэгчдийн хэсэг болон нэхэмжлэл тус бүрийн дүн;
13.1.5.хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаархи санал;
13.1.6.шаардлагатай гэж үзсэн бусад мэдээ, баримт.
13.2.Дүгнэлт гаргах явцад хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж болно.
13.З.Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргах эрх бүхий этгээдүүдэд дүгнэлттэй танилцах боломжийг хэрэг гүйцэтгэгч хангана.
14 дүгээр зүйл.Хариуцагчийн аж ахуй удирдах болон эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг шилжүүлэх
14.1.Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.
15 дугаар зүйл.Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хугацаа
15.1.Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана.
16 дугаар зүйл.Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүсэлт гаргах
16.1.Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлбөрийн чадваргүй болсон төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын өр, төлбөрийг төлөх тухай баталгааг нэхэмжлэгчдийн анхны хурлаас өмнө шүүхэд гаргаж болно.
16.2.Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталгааг нэхэмжлэгчдийн хурлаас зөвшөөрсөн бол шүүх хэргийг З сарын хугацаагаар түдгэлзүүлж болно.
17 дугаар зүйл.Хуваарилагдах эд хөрөнгө
17.1.Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна.
17.2.Хариуцагчид өр төлбөртэй этгээд нь гэрээ, хэлцлийн дагуу төлбөр, тооцоогоо хийнэ.
18 дугаар зүйл.Хариуцагчийн эд хөрөнгийг худалдах
18.1.Хариуцагчийн эд хөрөнгийг худалдахдаа хамгийн өндөр үнэд хүргэх аргаар худалдана.
18.2.Хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэхдээ түүний зах зээлийн ханш, чанар, хэрэгцээ, элэгдэл болон хариуцагчийн саналыг харгалзана.
18.З.Тухайн эд хөрөнгийг үнэлэхэд хүндрэл учирсан, хэрэг гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг хариуцагч зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээний шинжээч томилж болно. Үнэлгээний шинжээчийн тогтоосон үнэ эцсийнх байна.
18.4.Эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдахдаа Иргэний хуулийн 197 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 39.5, 39.10, 39.11-д заасан журмыг баримтална.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
18.5.Эд хөрөнгийг худалдсанаас орсон орлогын зохих хувийг нэхэмжлэгчдийн хурал /зөвлөл/-ын шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид олгоно.
19 дүгээр зүйл.Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл
19.1.Хариуцагчийн хийсэн дор дурдсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна:
19.1.1.дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хариу төлбөргүйгээр хариуцагчийн удирдах байгууллагын гишүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл;
19.1.2.дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 1 жилийн дотор хариу төлбөргүйгээр энэ хуулийн 19.1.1-д зааснаас бусад этгээдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл;
19.1.3.дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 1 жилийн дотор бусдад илт давуу байдлаар эд хөрөнгө худалдах, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, хэлцэл;
19.1.4.тодорхой нэхэмжлэгчдэд давуу эрх олгох зорилгоор дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 120 хоногийн дотор хийсэн гэрээ, хэлцэл;
19.1.5.дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж хийсэн гэрээ, хэлцэл.
20 дугаар зүйл.Хариуцагчийн гэрээг өөрчлөх, цуцлах
20.1.Хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс шүүх нэхэмжлэгчдийн хурал /зөвлөл/-аас санал болгосноор хариуцагчийн биелэгдээгүй байгаа, эсхүл ихэнх хувь нь биелэгдээгүй гэрээг өөрчлөх, цуцлах эрхтэй.
21 дүгээр зүйл.Нэхэмжлэгчдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх
21.1.Дампуурлын хэрэг үүсгэснээр нэхэмжлэгчдийн тэгш эрхийг хангах үүднээс дараахь үйл ажиллагааг түдгэлзүүлнэ:
21.1.1.хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс төлбөр гаргуулах, үйлчилгээ үзүүлэх;
21.1.2.хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамаарах эд зүйлийг бусад этгээд өмчлөлдөө авах;
21.1.З.урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс эд хөрөнгө, төлбөр гаргуулах;
21.1.4.хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг барьцаалах, барьцааны хэмжээг ихэсгэх, барьцаалсан эд зүйлийг худалдах, бусад аргаар захиран зарцуулах;
21.1.5.хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх, хариуцагчтай үүргийг хооронд нь тооцох.
22 дугаар зүйл.Гэрээ, хэлцлийг цуцлахыг хориглох
22.1.Хариуцагчаас энэ хуулиар тогтоосон хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэвийн нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлэх гэрээ, хэлцлийг хариуцагч төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр цуцлах, өөрчлөхийг хориглоно.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасан гэрээ, хэлцэлтэй холбогдсон төлбөрийг шүүхийн зөвшөөрлөөр сар бүр тусгай дансанд төвлөрүүлж гүйцэтгэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ХАРИУЦАГЧИЙГ ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ
[edit]23 дугаар зүйл.Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт
23.1.Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно:
23.1.1.хариуцагч өөрөө;
23.1.2.хариуцагчаас нэхэмжилсэн нийт төлбөрийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг нэхэмжилж байгаа нэхэмжлэгчид;
23.1.З.хэрэг гүйцэтгэгч.
23.2.Дахин хөрөнгөжүүлэх хүсэлтэд хариуцагчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийн тооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийн төлөвийн талаар тусгана.
24 дүгээр зүйл.Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө
24.1.Энэ хуулийн 2З.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг /цаашид "төлөвлөгөө" гэх/ шүүхэд гаргаж өгнө.
24.2.Төлөвлөгөөнд дараахь үйл ажиллагааг тодорхой тусгана:
24.2.1.хариуцагчийг үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах эсэх, хэрэв оруулбал түүнд оруулах өөрчлөлт;
24.2.2.хариуцагчийн удирдлагад өөрчлөлт оруулах эсэх, түүнд ажиллах хүмүүсийн нэр, хаяг;
24.2.3.нэхэмжлэлийн шаардлагын оронд үнэт цаас гаргах эсэх;
24.3.4.хариуцагчийн гаргасан үнэт цаасны төлбөрийн хугацааг сунгах, түүний хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, оруулбал ямар хэмжээнд;
24.2.5.шинээр хийх гэрээ, хэлцлийн тухай;
24.2.6.хариуцагчийн эд хөрөнгөөс худалдах бол түүний хэмжээ;
24.2.7.хариуцагчаас бусдад шилжүүлэх эд хөрөнгө;
24.2.8.хариуцагчид үлдэх эд хөрөнгө;
24.2.9.энэ хуулийн З5.4-т заасан нэхэмжлэгчдийн хэсэг;
24.2.10.энэ хуулийн З5.4-т заасан дараалал тус бүрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах арга, хэлбэр, хэмжээ, хугацаа;
24.2.11.хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлснээр нэхэмжлэгчдэд хуваарилагдах төлбөрийн хэмжээний зөрүүг харьцуулсан тооцоо;
24.2.12.ажиллагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу түүнд өөрчлөлт оруулах бол тэдгээрт хууль тогтоомжийн зохих актын дагуу тэтгэмж олгох, шинээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ;
24.2.1З.төлөвлөгөөг биелүүлж дүгнэх хугацаа;
24.2.14.хэрэг гүйцэтгэгч болон холбогдох бусад этгээдэд олгох урамшуулал, ажлын хөлсний хэмжээ, түүнийг олгох журам;
24.2.15.хариуцагчийг төлбөрийн чадвартай болгох талаар энэ хуулийн дагуу явуулах бусад үйл ажиллагаа.
25 дугаар зүйл.Төлөвлөгөөг биелүүлэх хугацаа
25.1.Дахин хөрөнгөжүүлэх ажлыг 2 жилийн дотор хийж гүйцэтгэсэн байвал зохино.
26 дугаар зүйл.Төлөвлөгөөг хэлэлцэхэд бэлтгэх
26.1.Төлөвлөгөөг хэлэлцэх хурлын товыг шүүх урьдчилан товлоно. Төлөвлөгөөг хэлэлцэх хурлыг энэ хуулийн 24.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 20 хоногийн дотор зохион байгуулна.
26.2.Төлөвлөгөөг хэлэлцэх хурлын бэлтгэлийг хэрэг гүйцэтгэгч хангана.
26.З.Хэрэг гүйцэтгэгч төлөвлөгөөг хэлэлцэх тухай мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг мэдээлэлд нэхэмжлэгчдийн хурал явуулах өдөр, төлөвлөгөөтэй хэрхэн танилцаж болох тухай болон шаардлагатай бусад мэдээллийг тусгасан байвал зохино.
27 дугаар зүйл.Төлөвлөгөөг нэхэмжлэгчдийн хурлаар хэлэлцэж санал хураах
27.1.Төлөвлөгөөг хэлэлцэх нэхэмжлэгчдийн хурлыг хэрэг гүйцэтгэгч зохион байгуулна.
27.2.Нэхэмжлэгчдийн хуралд төлөвлөгөөг санал болгосон этгээд заавал оролцоно.
27.3.Төлөвлөгөөг батлах санал хураалтад зөвхөн нэхэмжлэлийг нь шүүх хүлээн авсан нэхэмжлэгчид оролцох эрхтэй бөгөөд санал хураалтыг дараахь хэсэг тус бүрээр явуулна:
27.3.1.нэхэмжилсэн үнийн дүнгийн 10 буюу түүнээс дээш хувийг эзлэх барьцаат нэхэмжлэгчид;
27.3.2.бусад барьцаат нэхэмжлэгчид;
27.3.З.хариуцагчтай хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчид;
27.3.4.бусад.
27.4.Хуралд оролцон тухайн хэсэгт хамаарах санал гаргасан нийт нэхэмжлэгчдийн саналын эрхийн олонхийн дэмжлэг авснаар тэр хэсгээс төлөвлөгөөг зөвшөөрсөнд тооцно.
27.5.Хэрэв хоёр буюу түүнээс дээш төлөвлөгөө санал болгосон бол нэхэмжлэгчдийн хурлаар бүгдийг хамтад нь хэлэлцүүлж санал хураалгана.
28 дугаар зүйл.Төлөвлөгөөг батлах
28.1.Нэхэмжлэгчдийн хурлаар төлөвлөгөөг хэлэлцсэнээс хойш 20 хоногийн дотор түүнийг батлах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
28.2.Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал төлөвлөгөөг батална:
28.2.1.төлөвлөгөөг нэхэмжлэгчдийн 2-оос доошгүй хэсэг дэмжсэн бол;
28.2.2.нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч татан буугдсанаас илүү хангаж чадахаар байвал.
28.З.Нэхэмжлэгчдийн хурлаас хэд хэдэн төлөвлөгөөг зөвшөөрч дэмжсэн бол шүүх хариуцагчийн санал болгосон төлөвлөгөөг батална.
28.4.Шүүх хариуцагчийн санал болгосон төлөвлөгөөг энэ хуулийн 28.2-т заасан үндэслэлд тохирохгүй гэж үзвэл хамгийн тохиромжгүй нөхцөлд хамаарч байгаа нэхэмжлэгчдийн хэсгийн зөвшөөрсөн төлөвлөгөөг батална. Төлөвлөгөөний дагуу тухайн нэхэмжлэгчид түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй хэмжээний хөрөнгө хуваарилагдахыг тохиромжгүй нөхцөлд хамаарагдах гэнэ.
28.5.Төлөвлөгөөг шүүх батлаагүй бол хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах тухай шийдвэр гаргана.
29 дүгээр зүйл.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх
29.1.Төлөвлөгөөний биелэлтийг шүүхийн шийдвэрийн дагуу хэрэг гүйцэтгэгчийн хяналтын дор хариуцагч өөрөө, эсхүл хэрэг гүйцэтгэгч зохион байгуулж хангана.
29.2.Хариуцагч өөрөө дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргасан болон хариуцагчийн гаргаж өгсөн төлөвлөгөөг баталсан бол төлөвлөгөөний биелэлтийг хангах үүргийг шүүх хариуцагчид даалгаж болно. Энэ тохиолдолд хариуцагч хэрэг гүйцэтгэгчийн тогтоосон нөхцөл, хязгаарлалтын хүрээнд эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй.
29.3.Хэрэг гүйцэтгэгч буюу хариуцагч төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй гэж хэрэг гүйцэтгэгч, хариуцагч, нэхэмжлэгчдийн хурал /зөвлөл/-аас үзвэл түүнийг өөрчлөх хүсэлтийг шүүхэд гаргаж болно.
29.4.Хэрэг гүйцэтгэгч төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих талаар энэ хуулийн 12.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:
29.4.1.хариуцагчийн санхүүгийн байдал, орлого, зарлагын тайлан тэнцэлд сард нэг удаа, шаардлагатай тохиолдолд тухай бүр шалгалт хийх;
29.4.2.төлөвлөгөөний биелэлтийн явцад төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орох шаардлагатай болсон, хариуцагчийг уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзвэл нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах.
29.5.Хэрэв төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзвэл хариуцагч, хэрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчдийн хурал /зөвлөл/ хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд тавих эрхтэй.
29.6.Энэ хуулийн 29.5-д заасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр гаргана.
30 дугаар зүйл.Төлөвлөгөөг биелүүлэх хугацааг сунгах
30.1.Хэрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчдийн хурал /зөвлөл/-аас төлөвлөгөөг биелүүлэх хугацааг сунгах хүсэлтийг шүүхэд тавьж болно.
30.2.Төлөвлөгөөний биелэлтийн явцад хариуцагчийн төлбөрийн чадвар сайжирч, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах боломжтой гэж үзвэл шүүх энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацааг зургаан сар хүртэл сунгаж болно.
30.З.Шүүх төлөвлөгөөг биелүүлэх хугацааг сунгахдаа зарим хязгаарлалт, нөхцөлийг төлөвлөгөөнд шинээр тусгаж болно.
30.4.Төлөвлөгөөний биелэлтийг шүүхээс сунгасан хугацаанд хариуцагч алдагдалд орсон бол нэхэмжлэгчид хугацаа сунгасан шүүхийн шийдвэрийг цуцлах хүсэлтийг шүүхэд тавих эрхтэй. Ийнхүү хүсэлт тавьсан нь төлөвлөгөөг биелүүлэх ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй.
31 дүгээр зүйл.Төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах
31.1.Төлөвлөгөөг биелүүлж байгаа хариуцагч орлого, зарлагын болон санхүүгийн бусад тайлан, мэдээг сар бүр хэрэг гүйцэтгэгчид гаргаж өгнө. Хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн санхүүгийн тайлан, мэдээг улирал тутам нэхэмжлэгчдийн хурал /зөвлөл/-д танилцуулж байна.
32 дугаар зүйл.Дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг дуусгавар болгох
32.1.Шүүх дараахь үндэслэлээр дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг дуусгавар болгоно:
32.1.1.төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон;
32.1.2.төлөвлөгөөг бүрэн биелүүлж дууссан;
32.1.З.төлөвлөгөөг биелүүлж дуусаагүй боловч нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөвлөгөөний дагуу бүрэн хангасан.
32.2.Энэ хуулийн З2.1.1-д заасан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр гаргана.
32.3.Энэ хуулийн 32.1.2, З2.1.З-т заасан тохиолдолд шүүх дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгоно.
32.4.Энэ хуулийн З2.1.2, З2.1.З-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчдийн өмнө хариуцагчийн хүлээсэн үүрэг дуусгавар болж үйл ажиллагаагаа сэргээнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ХАРИУЦАГЧИЙГ ТАТАН БУУЛГАХ
[edit]33 дугаар зүйл.Хариуцагчийг татан буулгах
33.1.Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана:
33.1.1.энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй;
33.1.2.шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй;
33.1.3.төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон.
33.2.Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
34 дүгээр зүйл.Хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх, тоолох
34.1.Хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжилж 30 хоногийн дотор тооллого явуулна. Эд хөрөнгийн тооллогын хугацааг нэхэмжлэгчдийн хурал /зөвлөл/-аас сунгаж болно.
34.2.Хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн дор дурдсанаас бусад эд хөрөнгийг битүүмжилнэ:
34.2.1.чанар болон үнийг нь бууруулахгүйн тулд яаралтай борлуулах эд хөрөнгө;
34.2.2.нягтлан бодох бүртгэлийн тайлан;
34.2.3.үнэт цаас.
34.З.Эд хөрөнгө тоолоход хариуцагч буюу түүний төлөөлөгч байлцана. Ийнхүү эд хөрөнгө тоолоход байлцахаас хариуцагч буюу түүний төлөөлөгч санаатайгаар зайлсхийсэн бол шүүхээс томилсон тооллогын комисс эд хөрөнгийн тооллого явуулна.
34.4.Тооллогын баримт бичигт хэрэг гүйцэтгэгч, хариуцагч буюу түүний төлөөлөгч, хэрэв тооллогын комисс томилсон бол комиссын гишүүд гарын үсэг зурна.
34.5.Тооллогын баримт бичигт хариуцагчийн өмчлөлийн бүх эд хөрөнгө тусгагдсан болохыг хариуцагчид урьдчилан сануулж, энэ тухай актад гарын үсэг зуруулна.
35 дугаар зүйл.Мөнгөн хөрөнгийг хуваарилах
35.1.Хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн мөнгөн хөрөнгийг татварын өрийг барагдуулсны дараа төлөвлөгөөний дагуу хуваарилна.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
35.2.Хэрэг гүйцэтгэгч мөнгөн хөрөнгийг хуваарилах төлөвлөгөөг татан буулгах тухай шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор шүүхэд өгөх ба төлөвлөгөөний хувийг бүх нэхэмжлэгчдэд гардуулна.
35.3.Уг төлөвлөгөөг нэхэмжлэгчид үл зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх гомдлыг 20 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
35.4.Хуваарилагдах хөрөнгийг худалдах бодит боломжийг харгалзан энэ хуулийн 35.2-т заасан хугацааг хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх сунгаж болно.
35.5./Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
35.6.Хариуцагчийн бүх эд хөрөнгийг борлуулсан орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хүрэхгүй тохиолдолд тухайн хэсгийн нэхэмжлэлийг бүрэн барагдуулж дууссаны дараа дараагийн хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангана. Нэг дараалалд орсон хэд хэдэн шаардлагыг нэгэн зэрэг хангаж хүрэхгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад хувь тэнцүүлэн ногдуулна.
35.7.Барьцаат нэхэмжлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг борлуулсан орлого нь түүний үүргийг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ.
35.8.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацаанаас хожимдож гаргасан нэхэмжлэлийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн бол уг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хуулийн З5.4-т заасан дарааллыг баримтлан хангана.
35.9.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хариуцагч хөрөнгө оруулагч /гишүүд/-д зохих хууль тогтоомжийн дагуу хуваарилна.
36 дугаар зүйл.Татан буулгах ажиллагааг дуусгавар болгох
36.1.Шүүхэд мөнгөн хөрөнгө хуваарилах төлөвлөгөө гаргаж өгснөөс хойш хэрэв төлөвлөгөөнд гомдол гаргаагүй бол 2О хоногийн дотор, гомдол гаргасан бол 4О хоногийн дотор хэрэг гүйцэтгэгч мөнгөн хөрөнгийг хуваарилсан тухай тайлангаа шүүхэд танилцуулна.
36.2.Шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлантай танилцаж дараахь нөхцөлд татан буулгах ажиллагааг дуусгавар болгоно:
36.2.1.нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүрэн, эсхүл хариуцагчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн хэмжээнд нь хангасан бөгөөд цаашид хуваарилагдах эд хөрөнгө үлдээгүй;
36.2.2.эд хөрөнгийг бүрэн худалдаагүй боловч худалдсан хэсгээс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
36.3.Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна.
37 дугаар зүйл.Татан буулгах ажиллагаа дуусгавар болсны үр дагавар
37.1.Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно.
37.2.Энэ хуулийн З7.1 санаатайгаар дампуурсан хариуцагчид хамаарахгүй.
38 дугаар зүйл.Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх
38.1.Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шүүхийн хяналт, оролцоогүйгээр явуулах эсэхийг нэхэмжлэгчдийн хурлаас шийдвэрлэнэ. Шийдвэрийг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн шаардлагын гуравны хоёроос доошгүй хувийг эзлэх нэхэмжлэгчдийн саналаар гаргана.
38.2.Энэ хуулийн З8.1-д заасан шийдвэр гарсан тохиолдолд хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 12.1.1-д зааснаас бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
38.З.Хэрэг гүйцэтгэгчийн шийдвэрийг хариуцагч, нэхэмжлэгч бүр заавал биелүүлэх үүрэгтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
[edit]39 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
39.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |