Jump to content

Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хууль

From Wikisource
Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хууль (2002)
327000Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хууль2002

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 5 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.Бага, суурь, бүрэн дунд боловсролын зорилго

2.1.Бага боловсролын зорилго нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх, суурь боловсролын зорилго нь амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, бие даан бүтээлчээр суралцах чадамжтай иргэн төлөвшүүлэх, бүрэн дунд боловсролын зорилго нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд тус тус оршино.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХОЁРДУГААР БҮЛЭГ - БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН АГУУЛГА

[edit]

3 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4 дүгээр зүйл.Бага боловсролын агуулга

4.1.Бага боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

4.1.1.эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах;

4.1.2.тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах;

4.1.3.хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх;

4.1.4.гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт, ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх;

4.1.6.өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэл төлөвшүүлэх;

4.1.7.бие дааж сурах арга барил эзэмшүүлэх.

4.1.8.зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.2.Бага боловсролын агуулгын хүрээнд гадаад хэл, мэдээлэл зүйн анхны мэдлэг олгож болно.

5 дугаар зүйл.Суурь боловсролын агуулга

5.1.Суурь боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

5.1.1.эх хэл болон гадаад хэл, математик, мэдээлэл зүй, шинжлэх ухаан, эрх зүйн зохих шатны мэдлэг, өөрийн авьяас, чадварт тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал эзэмшүүлэх;

5.1.2.гоо зүй, ёс суртахууны соёлтой, эрүүл чийрэг, иргэний үүргээ ухамсарласан, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болон хүн төрөлхтний дэвшилт ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрладаг болгон төлөвшүүлэх;

5.1.3.эрүүл аж төрөх ёс, гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, соёлын төсөөлөл эзэмшүүлэх;

5.1.4.бие даан бүтээлчээр суралцах арга барил төлөвшүүлэх.

5.1.5.хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл.Бүрэн дунд боловсролын агуулга

6.1.Бүрэн дунд боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

6.1.1.эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшүүлэх;

6.1.2.байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;

6.1.3.мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх;

6.1.4.бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэх.

/Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7 дугаар зүйл.Бага, дунд боловсрол эзэмшүүлэх хугацаа

7.1./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.2.Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.3.Ерөнхий боловсролын сургуульд мөрдөх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, батална.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол дараагийн ангид дэвшүүлэх буюу анги алгасуулан суралцуулж болно.

7.5.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ эзэмшүүлэх хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, батална.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл.Бага, дунд боловсролын сурах бичиг

8.1.Бага, дунд боловсролын сурах бичиг нь боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан стандарт, шаардлагад нийцсэн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу зохион байгуулна.

/Дээрх 8 дугаар зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын стандартын хэрэгжилт

9.1.Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэнэ.

9.2.Боловсролын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургуулийн шалгалтын болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлно.

9.3.Боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.4.Суурь, бүрэн дунд, мэргэжлийн боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх олгоно.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ - БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА

[edit]

10 дугаар зүйл.Бага, дунд боловсролын байгууллагын тогтолцоо

10.1.Бага, дунд боловсролын байгууллага нь ерөнхий боловсролын сургууль, боловсролын арга зүйн байгууллагаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

10.2./Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургууль

12.1.Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.2.Эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно.

12.3.Ерөнхий боловсролын сургууль нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэв шинжтэй байна.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.4.Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.5.Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан, эсхүл сургуульд сурч байгаагүй хүүхэд, насанд хүрэгчдэд орой, эчнээ, бусад хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол болон энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан мэдлэгийг эзэмшүүлж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

12.6.Ерөнхий боловсролын сургуульд захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, багш, нийгмийн ажилтан, бусад ажилтан ажиллана.

12.7./Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.8.Төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоо, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

12.9.Ерөнхий боловсролын сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүний насны зөрүүг боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.10.Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багтаамж буюу хүүхдийн тоо, хэв шинж, ангиллыг харгалзан багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

13 дугаар зүйл.Ерөнхий боловсролын тусгай сургууль

13.1.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, бие даалгах үйлчилгээ үзүүлж, бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

13.2.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн хамран сургах тойрог тогтоох, аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар бүлэг ажиллуулах, элсэлтийг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

13.3.Ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.3.Тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.4.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь ерөнхий боловсролын бусад сургууль, багш, иргэн, гэр бүл, олон нийтэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.5.Тусгай сургуульд орон тооны арга зүйч, нийгмийн болон эрдэм шинжилгээний ажилтан тус тус ажиллаж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.6.Ерөнхий боловсролын тусгай сургуульд энэ хуулийн 12.6-д заасан ажилтнаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, туслах багш, сэргээн засалч, сэтгэл зүйч ажиллана.

/Энэ хэсэгт 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.7.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сургалт-үйлдвэрлэлийн дадлагын газартай байж болно.

13.8.Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.9.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.10.Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, сэтгэл зүйч, сувилагч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.11.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сэргээн засалтын кабинет, танхимтай байна.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.12.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга эзэмшсэн байна.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

14 дүгээр зүйл.Төрөлжсөн, олон улсын хөтөлбөрийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль

/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.Урлаг, спорт, зохион бүтээх зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг багаас нь хөгжүүлэх зорилгоор байгуулсан ерөнхий боловсролын сургуульд тусгай хөтөлбөрийн дагуу явуулж буй сургалтыг төрөлжсөн сургалт гэнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2./Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан цөм хөтөлбөрийн дагуу явуулж байгаа бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулга бүхий сургалтыг гүнзгийрүүлсэн сургалт гэнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.4.Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь суралцагчид бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын агуулгыг заавал эзэмшүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.5.Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

14.6.олон улсын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.7./Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.8.Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.9.Гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар явуулсан сургалтын нэмэгдэл зардлын хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан жишгийг үндэслэн сургуулийн зөвлөл тогтооно. Сургалтын нэмэгдэл зардлыг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулж болно.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.10./Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.11.Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

[edit]

15 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.3.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

15.4.Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно.

16 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын ажлын зохион байгуулалт

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.2.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг анги, бүлгээр зохион байгуулна. Гадаад хэл, мэргэжлийн сургалтын дадлага, төрөлжсөн сургалтыг дэд бүлэг, хэсгээр зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.3.Ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт байх хүүхдийн болон долоо хоногт хичээллэх цагийн тоо, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа, завсарлагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн дэг

17.1.Ерөнхий боловсролын сургууль нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн дотоод журамтай байна.

17.2.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч эрмэлзэл, үлгэрчилсэн дүрэмтэй байх бөгөөд тэдгээрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна.

18 дугаар зүйл.Хичээлээс гадуурх сургалтын ажил

18.1.Хичээлээс гадуурх сургалтын ажил нь суралцагчийн танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, баяжуулах, тэдний авъяас, сонирхлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэнэ.

18.2.Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтооно.

18.3.Сургуулийн захиргаа нь хичээлээс гадуурх сургалтын ажлыг дугуйлан, түр сургалт, соёл, урлаг, спортын арга хэмжээ зэрэг хэлбэрээр үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийн дагуу холбогдох байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулна.

18.4.Сургууль хүндэтгэлийн танхим, булантай байж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ - БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА

[edit]

19 дүгээр зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.1.Ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага нь сургуулийн зөвлөл байна. Сургуулийн зөвлөл Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулна.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.2.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулагчийн томилсон захирал удирдана.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

19.3.Гадаад улстай хамтарсан хэлбэрээр байгуулсан ерөнхий боловсролын сургууль нь удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар зохицуулна.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.4.Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл /тэнхим/ эрхэлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.5.Сургуулийн зөвлөлийн болон багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.6.Заах аргын нэгдэл /тэнхим/-ийн ажиллах журмыг багш нарын зөвлөлийн саналыг үндэслэн захирал баталж, мөрдүүлнэ.

19.7.Сургуульд эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчдын байгууллага ажиллаж болно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.1.Захирал нь дараахь эрхтэй:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.1.1.холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;

20.1.2.багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх;

20.1.3.багш нарын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн суралцагчийг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, чөлөөлөх;

20.1.4.сургалтын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх;

20.1.5.дотоод, гадаадын сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж, хамтран ажиллах;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.1.6.сургалтын үйл ажиллагааны дэвшилтэт арга, хэлбэрийг турших, нэвтрүүлэх.

20.1.7.сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг нийтийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар зориулалтын дагуу түрээслүүлэх.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

20.2.Захирал нь дараахь үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.2.1.боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах;

20.2.2.сургууль хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад багш, сурагч, эцэг, эх, олон нийтийн оролцоо, түншлэлийг ханган ажиллах

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.2.3.сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.2.4.сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.2.5.сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.2.6.суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;

20.2.7.багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох;

20.2.8.хамран сургах тойргийн хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх, иргэдэд нийтийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах;

20.2.9.багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх.

20.2.10.сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

20.2.11.шийдвэр гаргахад багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл, багш, суралцагч, эцэг, эх, олон нийтийн оролцоог хангах, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын явц, үр дүнгийн талаар нээлттэй мэдээлэх;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

20.2.12.сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

20.2.13.сургуулийн орчин дахь хоол, хүнс, ундны цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

20.2.14.суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

20.2.15.сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих.

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ

[edit]

21 дүгээр зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн багшийг бэлтгэх, давтан бэлтгэх

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.1.Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.2.Багш нь багшлах эрхтэй байна.

21.3.Багш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна.

21.4.Ерөнхий боловсролын сургуулийн багшид заах аргач багш, тэргүүлэх багш, зөвлөх багш гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.5.Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.6.Ерөнхий боловсролын сургуулийн багшийн заах арга, мэргэжлийн ур чадвар, мэргэшил дээшлүүлэх сургалтыг төвлөрсөн, бүсчилсэн болон зайны хэлбэрээр зохион байгуулахад Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22 дугаар зүйл.Багшийн эрх, үүрэг

22.1.Багш нь Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

22.1.1.багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлэх;

22.1.2.холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, сургуулийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах, суралцагчаа хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг болгох;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.1.3.бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;

22.1.4.сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, үргэлжлэх хугацааг мөрдөх;

22.1.5.хичээлийг багш, суралцагчийн хамтын бүтээлч үйл ажиллагаа болгон зохион байгуулах, суралцагчийг сэтгэн бодох, бие даан ажиллах чадвар, дадалд сургах, сурах явцад тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөх, туслах, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг зөв үнэлэх;

22.1.6.хүүхдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж, чиг зорилготой хөгжүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;

22.1.7.сургалтын ажлын эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах;

22.1.8.бага насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн асуудлаар сургуулийн эмч болон эцэг, эх, асран хамгаалагчид шаардлагатай мэдээлэл өгөх.

22.1.9.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

22.2.Багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна сургууль болон багш, суралцагчийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох эрх эдэлнэ.

22.3.Багш нь анги удирдаж, заах аргын нэгдэл хариуцан ажиллаж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ДОЛДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ

[edit]

23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.