Jump to content

Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хууль

From Wikisource
Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хууль (2000)
321616Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хууль2000

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл

[edit]

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх, жуулчны үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж

2.1. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Газрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар бол түүнтэй холбогдсон харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1 "аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг;

3.1.2. "аялал жуулчлалын байгууллага" гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээдийг;

3.1.3. "аялал жуулчлалын бүс нутаг" гэж Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын нөөц бүхий газар нутгийг;

3.1.4. "аялал жуулчлалын бүтээгдэхүүн" гэж аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээг;

3.1.5. "жуулчин" гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

3.1.6. "жуулчны үйлчилгээний байгууллага" гэж зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээг жуулчинд үзүүлж байгаа байгууллагыг;

3.1.7. "хөтөч-тайлбарлагч" гэж аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүнийг;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.1.8. “дээд зэрэглэлийн зочид буудал” гэж зочид буудлын цогц үйлчилгээний жишиг шаардлагын 3 ба түүнээс дээш од бүхий зэрэглэлийг хангасан үйлчилгээний байгууллагыг.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Аялал жуулчлалын байгууллага

[edit]

4 дүгээр зүйл. Аялал жуулчлалын байгууллага, түүний ангилал

4.1. Аялал жуулчлалын байгууллага нь дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

4.1.1. аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, бөөнөөр болон жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах;

4.1.2. виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх;

4.1.3. онгоц, төмөр зам болон тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, худалдан авах;

4.1.4. зочид буудал, жуулчны бааз, байр, үзвэрийн захиалга хийх;

4.1.5. жуулчныг угтан авах, үйлчлэх, үдэн гаргах ажлыг зохион байгуулах.

4.2. Аялал жуулчлалын байгууллагыг туроператор, турагент гэж ангилна:

4.2.1. туроператор нь энэ хуулийн 4.1.1-4.1.5-д заасан үйл ажиллагаа эрхэлнэ;

4.2.2. турагент нь энэ хуулийн 4.1.2-4.1.5-д заасан үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл түүний тодорхой хэсгийг, түүнчлэн туроператорын бүтээгдэхүүнийг зуучлан худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлнэ.

5 дугаар зүйл./Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6 дугаар зүйл./Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8 дугаар зүйл. Аялал жуулчлалын байгууллагын бүрэн эрх

8.1. Аялал жуулчлалын байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1. аялал жуулчлалын байгууллага нь энэ хуулийн 4.2-т заасан ангилалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;

8.1.2. аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн өмнөөс сурталчлах, худалдах, худалдан авах;

8.1.3. тухайн жилд үйлчлүүлсэн жуулчдын талаархи судалгааг тогтоосон журмын дагуу аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.1.4. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалт, түүх соёл, ёс заншил, зан үйлийн талаар жуулчдад үнэн бодит мэдээлэл өгөх;

8.1.5. байгаль, түүх, соёлын нэн ховор зүйлсийг хайрлан хамгаалахад өөрийн зүгээс шаардагдах арга хэмжээ авах, гарсан зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;

8.1.6. аялал жуулчлалын үйлчилгээний ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дамжаанд хамруулж байх;

8.1.7. аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ үнэ тарифыг тогтоох;

8.1.8. аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай гэрээ байгуулах.

8.1.9. жуулчдад мэргэжлийн хөтөч-тайлбарлагчаар үйлчлэх;

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.1.10. эрх бүхий байгууллагаар зэрэглэлээ тогтоолгох.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.2. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн амын эрүүл мэнд, уламжлалт зан заншилд харшлахгүй аялал жуулчлалын хэлбэрийг хөгжүүлнэ.

9 дүгээр зүйл. Аялал жуулчлалын гэрээ

9.1. Туроператор буюу турагент нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулна.

9.2.Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 370-379 дүгээр зүйл, энэ хууль, аялал жуулчлалын байгууллага жуулчинтай байгуулсан гэрээгээр зохицуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:

/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.1. гэрээний талуудын албан ёсны нэр, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, банкны дансны дугаар;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9.2.2. жуулчдын бүрэлдэхүүн, аяллын хөтөлбөр, тэдгээртэй холбогдсон мэдээлэл;

9.2.3. аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанар, үнэ, түүнийг төлөх журам;

9.2.4. аяллын хугацаа, жуулчдыг угтах, үдэх журам, талуудын эрх, үүрэг;

9.2.5. жуулчдаас үйлчилгээний талаар гомдол гаргах, маргааныг хянан шийдвэрлэх журам.

9.3. Аялал жуулчлалын гэрээний үүргийг гүйцэтгэх, гэрээг цуцлах, өөрчлөх, хүчин төгөлдөр бус гэж тооцоход Иргэний хуулийн холбогдох заалтыг мөрдөнө.

10 дугаар зүйл. Жуулчны үйлчилгээний байгууллага

10.1. Жуулчны үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана:

10.1.1. тухайн үйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах;

10.1.2. үйлчилгээнийхээ үнэ тарифыг олгогдсон зэрэглэлийн дагуу тогтоох, ил тод байрлуулах;

10.1.3. нийтийн гэрээний нөхцөлөө дараагийн хуанлийн жил эхлэхээс З-аас доошгүй сарын өмнө зарлах;

10.1.4. байгууллагынхаа оноосон нэр, зэрэглэл, жуулчин хүлээн авах эрхийг тодорхойлсон гэрчилгээг ил байрлуулах;

10.1.5. аялал жуулчлалын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу жуулчдад үйлчлэх, тэднээс үйлчилгээний хөлсийг давхардуулж авахгүй байх;

10.2. Дээд зэрэглэлийн зочид буудал болон жуулчны баазын зэрэглэл тогтоох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.3. Жуулчны үйлчилгээний байгууллага энэ хуулийн 4.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

11 дүгээр зүйл. Аялал жуулчлалыг төрөөс хөхүүлэн дэмжих

11.1. Төрөөс экспортын үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтөд аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын гадаадын жуулчдад үзүүлсэн үйлчилгээ нэг адил хамаарна.

11.2. Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийсэн иргэн, хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг татварын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

11.3. Энэ хуулийн 14.1.1-д заасны дагуу байгуулсан аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор зарласан уралдаанд төсөл нь шалгарсан этгээдэд төслөө хэрэгжүүлэхэд зориулж төрөөс зохих санхүүжилтийг гэрээний үндсэн дээр олгож болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Хөтөч-тайлбарлагч

[edit]

12 дугаар зүйл. Хөтөч-тайлбарлагчид тавих шаардлага

12.1. Дараахь шаардлагыг хангасан хувь хүн хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлж болно:

12.1.1. Монгол Улсын иргэн байх;

12.1.2. нэг буюу түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн, хөтөч-тайлбарлагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.3. хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх.

12.2./Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.3./Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.4./Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.5./Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

13 дугаар зүйл. Хөтөч-тайлбарлагчийн эрх, үүрэг

13.1. Хөтөч-тайлбарлагч нь дараах эрх, үүрэгтэй.

13.1.1. аялал жуулчлалын тухайн байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдад үйлчлэх, тэдний аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж, хангуулах;

13.1.2. жуулчдад үйлчилж байх хугацаандаа аялал жуулчлалын тухайн байгууллага болон өөрийн нэр бүхий хөтөч-тайлбарлагчийн тэмдгийг ил зүүх;

13.1.3. Монгол Улсын нийгэм эдийн засаг, төрийн байгуулал, байгаль, түүх, соёл, ард түмний зан заншлын талаар жуулчдад бодит мэдээлэл өгөх, улс, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн нууцыг задруулахгүй байх;

13.1.4. үйлчилгээнийхээ явцад өөрийн буруугаас жуулчинд болон аялал жуулчлалын тухайн байгууллагад учруулсан хохирлыг арилгах.

13.2. Хөтөч-тайлбарлагч нь жуулчдаас шан харамж шаардах, аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Аялал жуулчлалын талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

[edit]

14 дүгээр зүйл. Аялал жуулчлалын талаархи Засгийн газрын бүрэн эрх

14.1. Засгийн газар аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1. Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутгийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан тогтоох;

14.1.2. аялал жуулчлалын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

14.1.3. аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах;

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

14.1.4./Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.1.5. аялал жуулчлалын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, зохистой харьцааг бий болгох;

14.1.6. /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.1.7. аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын улсын хяналтын дүрмийг батлах.

15 дугаар зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо

15.1. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайдын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөл болон орон нутгийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгж /ажилтан/-ээс тус тус бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.2. Аялал жуулчлалын зөвлөл нь /цаашид "Зөвлөл" гэх/ аялал жуулчлалын талаархи төрийн нэгдсэн бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх асуудлаар Ерөнхий сайдад зөвлөгөө өгөх, санал дүгнэлт гаргах үүрэгтэй.

15.3. Зөвлөл нь дарга, улсын төсөв, санхүү, аялал жуулчлал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон тус бүр нэг, аялал жуулчлал эрхэлсэн төрийн бус байгууллагаас санал болгосон аялал жуулчлалын байгууллагын гурван гишүүнээс тус тус бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.4. Зөвлөлийн дарга, гишүүдийг Ерөнхий сайд томилно.

15.5. Зөвлөлийн дарга нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.6. Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.

15.7. Бүх шатны Засаг дарга аялал жуулчлал хөгжүүлэх эрэлт хэрэгцээг харгалзан аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгж /ажилтан/-ийг ажиллуулж болно.

16 дугаар зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

16.1. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1. аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;

16.1.2./Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.1.3. аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах;

16.1.4. улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

16.1.5. аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, сургалтын бүтэц, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагатай хамтран батлах;

16.1.6. аялал жуулчлалын байгууллага, дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох журмыг батлах;

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.7. аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны бааз, зочид буудал, амралт, рашаан сувиллын газрын тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бүртгэл хөтлөх;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

16.1.8. аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

16.1.9. Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

16.1.10./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.1.11. аялал жуулчлалын статистик мэдээллийг нэгтгэж, судалгаа, дүн шинжилгээ хийх;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

16.1.12. аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан байгуулах;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.1.13. аялал жуулчлалын бүсэд хүлээн авах жуулчдын тоог тогтоох;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

16.1.14. аялал жуулчлалын зам чиглэлийг тогтоох;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

16.1.15. аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглох.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

16.2.Энэ хуулийн 16.1.8-д заасан үйл ажиллагааг гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

18 дугаар зүйл. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

18.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1. нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл энэ талаар Засаг даргын тайланг хэлэлцэх;

18.1.2. аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;

18.1.3. нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг аялал жуулчлалын нөөц бүсэд хамруулах талаар аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал оруулах;

18.1.4. нутаг дэвсгэртээ аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр батлах.

18.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.2.1. аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж, аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, зохион байгуулах;

18.2.2. эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн газар нутагт байгуулах жуулчны үйлчилгээний байгууллагад газар эзэмших зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон тоо, байршлыг баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу олгож гэрээ байгуулах;

18.2.3. нутаг дэвсгэртээ аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлоготой уялдуулан хөтөлбөр, төсөл боловсруулж, зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулах, батлагдсан хөтөлбөрийн дагуу аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

18.2.4. нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрч яваа жуулчдаас хуульд зааснаас бусад тохиолдолд татвар, төлбөр, хураамж авахгүй байх.

ТАВДУГААР БҮЛЭГ

[edit]

/Энэ бүлгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага

[edit]

22 дугаар зүйл. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт

22.1. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд төрийн болон мэргэжлийн хяналт тавина.

22.2. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг төрийн захиргааны төв байгууллагууд, бүх шатны Засаг дарга нар эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

22.3. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих мэргэжлийн хяналтыг улсын хяналтын алба хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

22.4. Аялал жуулчлалын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх асуудлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23 дугаар зүйл. Аялал жуулчлалын улсын байцаагчийн эрх, үүрэг

23.1. Аялал жуулчлалын улсын байцаагч дараахь эрх эдэлнэ:

23.1.1. аялал жуулчлалын байгууллага, жуулчны үйлчилгээний байгууллага, хөтөч-тайлбарлагч аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг өмчийн харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;

23.1.2. хяналт шалгалт явуулахад шаардагдах мэдээ, баримтыг холбогдох иргэн, албан тушаалтан, байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулж авах;

23.1.3./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23.1.4. хяналт шалгалт хийхээр холбогдох байгууллагад нэвтрэн орох;

23.1.5. аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хураах;

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

23.1.6. аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах;

23.1.7. тухайн зэрэглэлийн шаардлага хангахгүй байгаа зочид буудлын зэрэглэлийг бууруулах тухай саналыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах.

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

23.2. Аялал жуулчлалын улсын байцаагч дараахь үүрэг хүлээнэ:

23.2.1. аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихдаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах;

23.2.2. илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нууцыг хадгалах;

23.2.3. аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай жуулчны гаргасан гомдол, саналыг хянан шийдвэрлэх;

23.2.4. аялал жуулчлалын байгууллага, хөтөч-тайлбарлагч нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалт, түүх, соёл, ард түмний зан заншлын талаар жуулчдад бодитой мэдээлэл өгч байгаа эсэхэд хяналт тавих.

24 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.