Монгол Улсын Амьтны тухай хууль

From Wikisource
Jump to navigation Jump to search
Монгол Улсын Амьтны тухай хууль  (2012) 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

АМЬТНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Амьтны тухай хууль тогтоомж

2.1.Амьтны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт “хамгаалах тухай хууль” гэсний дараа “, Генетик нөөцийн тухай хууль” гэж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг;

4.1.2.“тархац нутаг” гэж тухайн амьтны нутагладаг, нүүдэллэдэг, тэдгээрийн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн газар нутгийг;

4.1.3."нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг;

4.1.4."ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг;

4.1.5."биотехникийн арга хэмжээ" гэж амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг;

4.1.6."сэргээн нутагшуулах" гэж хамгаалах, өсгөх үржүүлэх зорилгоор устах аюулд орсон, ховордсон амьтны зүйлийг урьд амьдарч байсан нутагт нь зориудаар зөөвөрлөн нутагшуулах үйл ажиллагааг;

4.1.7."агнуурын амьтан" гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй амьтныг;

4.1.8."агнуурын нөөц" гэж хэвийн өсөлт, үржилтийг нь алдагдуулахгүй агнах, барих боломжтой агнуурын амьтны тоо, хэмжээг;

4.1.9.“агнуурын бүс нутаг” гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг;

4.1.10.“агнуурын амьтны сүргийн бүтэц” гэж сүрэг дэх амьтдын нас, хүйсийн харьцааг;

4.1.11.“ан агнуурын менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг;

4.1.12.“амьтны нөөцийг хамгаалах” гэж амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, амьтны идэш тэжээлийн төлөө тэмцэл, хорогдлын шалтгааныг олж тодорхойлох, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, тэдгээрт хяналт тавих цогц үйл ажиллагааг;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.13.“амьтныг өсгөн үржүүлэх” гэж амьтныг зохих журмын дагуу эзэмшилдээ авч, батлагдсан технологи, норм, нормативын дагуу тэжээврээр үржүүлэх замаар үр төлийг бойжуулан өсгөхийг;

4.1.14.“ангийн буу” гэж хийц, үзэмж, загвараараа байлдааны зэвсгээс ялгаатай, замагтай бууны хүхээнд нэг, дайзанд дөрвөөс илүүгүй, өөрөө цэнэглэгдэгч /хагас автомат/ бууны хүхээнд нэг, дайзанд таваас илүүгүй сумны багтаамжтай галт зэвсгийг;

4.1.15.“спорт агнуур” гэж анчин ан агнах, барих хэрэгцээгээ хангах зорилгоор ан амьтны эд, эрхтэнийг үзүүлэлтийн хувьд сонголт болголгүй агнах, барихыг;

4.1.16.“олзворын ан” гэж амьтны илүү үзүүлэлт бүхий эд, эрхтэнийг авах зорилгоор тусгай төлбөр төлж агнах, барихыг;

4.1.17.“агнах, барихыг түр хориглосон ан амьтан” гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч тархац, нөөц, хэвийн өсөж үржих, амьдрах орчин нөхцөл нь хомсдсон, муудсан, доройтсоны улмаас энэ хуулийн 5.2, 5.3-т заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг;

4.1.18.“харь амьтан” гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж, нутагшиж байгаа амьтны зүйлийг;

4.1.19.“анчин” гэж аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон анчны үнэмлэхтэй иргэнийг;

4.1.20.“ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтэнийг;

4.1.21.“ан агнуур” гэж ангийн гаралтай түүхий эдийг ашиглах зорилгоор хуулиар заасан хугацаа, арга, хэрэгсэл, зөвшөөрлийн дагуу агнуурын амьтныг агнах, барих үйл ажиллагааг;

4.1.22.“агнуурын зохион байгуулалт” гэж агнуурын амьтны тархац, байршил, нөөц, төрөл, зүйл, тоо толгой, сүргийн бүтэц, өөрчлөлтийг судлан тогтоож, агнуурын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, өсгөн үржүүлэх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлох үйл ажиллагааг;

4.1.23.“ангийн аж ахуй” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30.3-т заасны дагуу агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үйл ажиллагааг ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эрхэлдэг мэргэжлийн байгууллагыг;

4.1.24.”амьтны жам ёсны эрх” гэж амьтад идэш тэжээлээ олох, амьдрах идээшил, тархац нутгаа сонгох, үржил хөөцөнд орж, үр төлөө үлдээх, бүл сүрэгтэй дасан ижилсэх, айдас цочрол, хомроглон устгагдахаас ангид байхыг;

4.1.25.”амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг.

5 дугаар зүйл.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар төрийн болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

5.1.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

5.1.2.агнуурын нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хувь, хэмжээг тогтоох;

5.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.2.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.2.1.амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

5.2.2.агнуурын нөөцийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

5.2.3.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгах;

5.2.4.энэ хуулийн 23.2-т заасан байгууллагын ажиллах журмыг батлах;

5.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.3.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1.амьтныг хамгаалах, нутагшуулах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалт, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;

5.3.2.агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

5.3.3.амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулж, Засгийн газраар батлуулах;

5.3.4.сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох;

5.3.5.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар технологи, норм, нормативыг батлах;

5.3.6.амьтны нөөцийн өөрчлөлтөд хяналт-шинжилгээ хийх, ан, амьтны мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах;

5.3.7.амьтан хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар батлах;

5.3.8.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах;

5.3.9.эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор энэ хуулийн 9.1,9.2, 9.4-9.7-д заасан хугацааг харгалзахгүйгээр амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох.

5.4.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.4.1.амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

5.4.2.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгах;

5.4.3.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор тодорхой агнуурын бүс нутгийг орон нутгийн хамгаалалтад авах;

5.4.4.харьяалах нутаг дэвсгэртээ нэн ховор, ховор амьтныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, биелэлтэд нь хяналт тавих;

5.4.5.энэ хуулийн 6.1.1-д заасан шийдвэрийн дагуу харьяалах нутаг дэвсгэртээ ашиглалтын талаар хорио, хязгаарлалт тогтоох;

5.4.6.амьтны аймгийн хамгаалалт, ашиглалтын талаар Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх;

5.4.7.энэ хуулийн 22.3-т заасан агнуурын бүс нутгийг тогтоох;

5.4.8.амьтны нөөцийн талаарх мэдээ, тайланг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

5.4.9.харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчныг хамгаалах хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;

5.4.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.5.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.5.1.амьтныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй холбогдуулан гаргасан Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

5.5.2.энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.7-6.1.9, 6.1.11-д заасан арга хэмжээг нутаг дэвсгэртээ авч хэрэгжүүлэх;

5.5.3.амьтны мэдээллийн сангийн мэдээ баримтыг харьяалагдах сум, дүүргийн хэмжээгээр нэгтгэн бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

5.5.4.нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчныг хамгаалах хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;

5.5.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.6.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.6.1.харьяалах нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө баталж, биелэлтэд нь хяналт тавих;

5.6.2.сум, дүүргийн Засаг даргын амьтан хамгаалах талаар авч хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцэх;

5.6.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.7.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.7.1.харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг байгаль орчны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;

5.7.2.амьтныг эзэмших, ашиглах зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд олгох;

5.7.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.8.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.8.1.батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;

5.8.2.амьтан болон агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.8.3.энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.8.4.харьяалах нутаг дэвсгэртээ ан амьтан болон агнуурын мэдээллийн сан бүрдүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг мэдээллээр хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - АМЬТАН ХАМГААЛАХ[edit]

6 дугаар зүйл.Амьтныг хамгаалах хэлбэр

6.1.Амьтныг дор дурдсан хэлбэрээр хамгаална:

6.1.1.амьтныг ашиглахад хорио, хязгаарлалт тогтоох;

6.1.2.нэн ховор, ховор амьтныг олон улсын болон Монгол Улсын "Улаан ном", бусад холбогдох гэрээ, конвенцийн хавсралтад бүртгэх;

6.1.3.амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах;

6.1.4.амьтны удмын санг хамгаалах, үр хөврөлийг хадгалах;

6.1.5.амьтны нөөц тогтоож, ашиглалтыг зохицуулах;

6.1.6.амьтныг сэргээн нутагшуулах;

6.1.7.үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад амьтан устахаас урьдчилан сэргийлэх;

6.1.8.биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

6.1.9.өвчилсөн, гамшигт, аюулт үзэгдэлд нэрвэгдсэн амьтанд тусламж үзүүлэх, авран хамгаалах;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.10.амьтныг хамгаалах арга хэмжээний үндэслэлийг гаргахад чиглэсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх;

6.1.11.иргэдийг амьтанд энэрэнгүй ханддаг үзлээр хүмүүжүүлэх, амьтныг хамгаалах үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах.

6.2.Энэ хуулийн 6.1.1-6.1.6, 6.1.10, 6.1.11-д заасан үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллага, 6.1.4, 6.1.6-6.1.9-д заасан үйл ажиллагааг байгаль орчны мэргэжлийн байгууллага, 6.1.7-6.1.9-д заасан үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээд тус тус хэрэгжүүлнэ.

7 дугаар зүйл.Нэн ховор, ховор амьтныг хамгаалах

7.1.Нэн ховор амьтанд Мазаалай баавгай /Ursus arctos gobiensis/, Хавтгай тэмээ /Camelus bactrianus ferus/, Тахь адуу /Equus ferus przewalskii/, Ойн буган цаа /Rangifer tarandus/, Цоохор ирвэс /Uncia uncial/, Баданга хүдэр /Moshus moshiferus/, Молцог хандгай /Alces alces/, Татаар бөхөн /Saiga tatarica/, Голын халиу /Lutra lutra/, Азийн минж /Castor fiber/, Ойн унтаахай /Dryomos nitedula/, Зүүн гарын даахай /Stylodipus sungorus/, Борцгор хотон /Pelicanus crispus/, Хургач бор /Paradoxornis heudei/, Цагаан тогоруу /Grus leucogeranus/, Хар мөрний хилим /Acipenser schrenckii/, Шаргал үхэрдэй /Tinca tinca/, Цөөвөр чоно /Cuon alpinus/, Шивэр молцог хандгай /Alces alces pfizenmayeri/, Дорнын молцог хандгай /Alces alces cameloides/, Соргог бөхөн /Saiga tatarica/, Монгол бөхөн /Saiga borealis/,Алтайн чацуулин /Talpa altaica/, Гозоорой зурам /Citellus alaschanicus/, Сухайн чичүүл /Meriones tamariscinus/, Давжаа алагдаага /Allactaga elater/, Цагаантолгойт ямаансүүл /Oxyura leucocephala/, Могойч загалай /Circaetus gallicus/, Бор бүргэд /Aguilla clanga/, Усны нөмрөгбүргэд /Aguila clanga/, Реликт цахлай /Larus relictus/ зэрэг амьтан хамаарна.

7.2.Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.

7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.

7.4.Нэн ховор амьтны амьдрах нутагт хүнд үйлдвэр, цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулах, авто болон төмөр зам тавих, уул уурхайн олборлолт явуулах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх асуудлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

7.5.Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг дараах тохиолдолд агнаж, барьж болно:

7.5.1.судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар;

7.5.2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн;

7.5.3.тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.

7.6.Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална.

8 дугаар зүйл.Амьтныг сэргээн нутагшуулах

8.1.Мэргэжлийн байгууллага нь шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу амьтныг сэргээн нутагшуулах үйл ажиллагааг эрхэлж болно.

8.2.Мэргэжлийн байгууллага амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулна.

9 дүгээр зүйл.Агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа

9.1.Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно:

9.1.1.бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.1.2.ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, шар үнэг, хярс үнэг, бараан хэрэм, ойн солонго, усны булга, өмхий хүрэн, мануул мий, хотны үен, цагаан үен, чандага туулай, бор туулайг жил бүрийн 02 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл;

9.1.3.урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.1.4.заарт хархыг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл;

9.1.5.халздай доргыг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл.

9.2.Ахуйн болон тусгай зориулалтаар дор дурдсан хугацаанд шувуу агнах, загас барихыг хориглоно:

9.2.1.шивэр хөтүү, дагуур ятуу, эрээнхавирга хахилаг, говийн ногтруу, хар хур, эгэл сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.2.2.галуу, нугас болон ус, намгийн бусад агнуурын шувууг жил бүрийн 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.2.3.дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.2.4.Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

9.2.5.омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

9.2.6.зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл;

9.2.7.алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.2.8.энэ хуулийн 9.2.3-9.2.7-д зааснаас бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

9.3.Агнуурын шувуудын зүйлийн жагсаалтыг шинжлэх ухааны холбогдох байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага батална.

9.4.Тусгай зориулалтаар агнуурын ховор амьтныг агнах, барихыг хориглох хугацааг энэ хуулийн 9.7,9.8-д заасны дагуу тогтооно.

9.5.Судалгаа, шинжилгээ, халдварт өвчнийг эрүүлжүүлэх зорилгоор агнуурын амьтныг агнах, барих тохиолдолд энэ хуулийн 9.1, 9.2, 9.4-т заасан хугацааг харгалзахгүй байж болно.

9.6.Энэ хуулийн 9.1, 9.2, 9.4, 9.5-д зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацааг эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

9.7.Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:

9.7.1.угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

9.7.2.тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;

9.7.3.хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.7.4.халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.

9.8.Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр барих ховор амьтныг дор дурдсан хугацаанд судалгаа, шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар амьдаар барихыг хориглоно:

9.8.1.аргаль хонь, янгир ямааг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.8.2.хар сүүлтийн зээрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл;

9.8.3.халиун бугыг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.8.4.идлэг шонхор шувууг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.8.5.цармын бүргэдийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

9.8.6.тул загасыг жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

10 дугаар зүйл.Агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэл

10.1.Дор дурдсан арга, зэвсэг хэрэгслээр агнуурын амьтан агнах, барихыг хориглоно:

10.1.1.химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах;

10.1.2.агнуурын амьтны жим дээр нүх ухах, буу сойх, занга, сааль тавих;

10.1.3.туурайтан амьтныг агнахад цасанд умбуулах, мөсөнд халтиргах, хясаа, эрэг, ганга руу нисгэх, хавх тавих;

10.1.4.тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи тавих, нохойгоор зориудаар бариулах;

10.1.5.агнуурын амьтныг агаарын болон авто тээврийн хэрэгслээр хөөх, гэрэлтүүлэх;

10.1.6.загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур хэрэглэх;

10.1.7.ахуйн хэрэгцээнд загас барихад тор хэрэглэх;

10.1.8.ан агнах зориулалтын бус буу, сумаар;

10.1.9.гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлах.

11 дүгээр зүйл.Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох

11.1.Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

11.1.1.шуурга, ган, зуд, үер, мөндөр, түймэр зэрэг гамшигт нэрвэгдсэн болон гол, мөрөн, намаг, шаварт орох зэрэг биеэ хамгаалах чадваргүй болсон агнуурын амьтныг агнах, барих;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.1.2.булаг, шанд, хужир мараанд ирж буй амьтныг отож агнах;

11.1.3.өөр нутагт шилжин байршиж байгаа агнуурын амьтныг агнах, барих;

11.1.4.агнуурын амьтны үүр, ичээ ухах, гэмтээх;

11.1.5.агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилго бүхий байр, саравч, тэжээл мараа, бусад байгууламжийг эвдэж гэмтээх, устгах;

11.1.6.агнуурын амьтныг сайн танилгүй буюу анир чимээнээр таамаглаж буудах;

11.1.7.агнуурын амьтны үр төлийг агнах, шувууны өндгийг түүх, гэмтээх, устгах;

11.1.8.ангийн буу, агнуурын амьтан агнах, барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлэх;

11.1.9.тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах;

11.1.10.хот, тосгоны ногоон бүсэд судалгаа шинжилгээ, халдварт өвчний голомт эрүүлжүүлэх, ан амьтны тоо толгойг зохицуулахаас бусад зорилгоор агнуурын амьтан агнах, барих;

11.1.11.үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих бүх төрлийн торны нүдний хэмжээ 50х50 мм-ээс доош байх;

11.1.12.эрх бүхий мэргэжлийн байгууллагаар агнуур зохион байгуулалтын ажлыг хуульд заасан хугацаанд нь хийлгээгүй аймаг, нийслэл, сум, дүүргийн нутагт агнуурын амьтан агнах, барих;

11.1.13.агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах.

12 дугаар зүйл.Амьтны гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох

12.1.Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - АМЬТНЫГ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, АН АГНУУР[edit]

13 дугаар зүйл Амьтан өмчлөх

13.1.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол төлбөрийг бүрэн төлж ан агнах, барих эрхийн бичиг, гэрээ, тусгай зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд багтаан бэлтгэсэн ангийн түүхий эд нь бэлтгэгч этгээдийн өмч болно.

14 дүгээр зүйл.Амьтан эзэмших

14.1.Иргэн, хуулийн этгээд нэн ховроос бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах зорилгоор тодорхой нөхцөл, болзол бүхий гэрээний үндсэн дээр эзэмшүүлж болно.

14.2.Амьтан эзэмшүүлэх журмыг Засгийн газар тогтоож, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

15 дугаар зүйл.Амьтан ашиглах хэлбэр

15.1.Гэмтээлгүйгээр хууль болон гэрээнд заасны дагуу амьтны аль нэг ашигтай шинж чанарыг ашиглах үйл ажиллагааг амьтныг ашиглах гэнэ.

15.2.Амьтныг дор дурдсан хэлбэрээр ашиглаж болно:

15.2.1.эрдэм шинжилгээний ажил, соёл урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах;

15.2.2.хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэг амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах;

15.2.3.амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг авах зорилгоор ашиглах.

15.3.Амьтныг ашиглах бусад хэлбэрийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

16 дугаар зүйл. Амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах

16.1.Судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг ашиглахдаа түүнийг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулахгүйгээр гүйцэтгэнэ.

17 дугаар зүйл.Амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах

17.1.Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэг амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэнэ.

17.2.Энэ хуулийн 16.1, 18.1-д заасан хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

18 дугаар зүйл.Амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг авах зорилгоор амьтныг ашиглах

18.1.Амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн /зөгийн бал, лав, бугын цусан эвэр, хүдрийн заар зэрэг/-ийг авах зорилгоор амьтныг ашиглахдаа эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй, тамлан зовоохгүй, тэдгээрийн амьдрах орчныг алдагдуулахгүйгээр гүйцэтгэнэ.

18.2.Ховор амьтныг тэжээврээр үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэх зориулалтаар ашиглахыг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

18.3.Амьтныг тэжээврээр үржүүлэхдээ ашиг шимийг дээшлүүлэхийн тулд үржил селекцийн ажил явуулж болно.

19 дүгээр зүйл.Амьтан ашиглах эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл

19.1.Амьтан ашиглах эрхийн зөвшөөрлийг дор дурдсан тохиолдолд хүчингүй болгоно:

19.1.1.амьтан ашиглах шаардлагагүй болсон буюу түүнийг ашиглахаас татгалзсан;

19.1.2.амьтан ашиглах гэрээний хугацаа дууссан;

19.1.3.хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг төлөөгүй;

19.1.4.амьтан ашиглах эрх олгогдсон хуулийн этгээд татан буугдсан;

19.1.5.амьтныг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомж, гэрээ зөрчсөн.

20 дугаар зүйл.Амьтны цуглуулга

20.1.Амьтны цуглуулгад эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор барьсан амьтан, тэдгээрийн чихмэл, арьс, үс, яс болон амьтны гаралтай бусад зүйлс хамаарна.

20.2.Иргэн, хуулийн этгээдэд ховор амьд амьтны цуглуулга хийх зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.

20.3.Иргэн, хуулийн этгээдийн амьтны цуглуулгыг гадаадад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу олгоно.

20.3.Иргэн, хуулийн этгээдийн амьтны цуглуулгыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Генетик нөөцийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу олгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

21 дүгээр зүйл.Иргэн, нөхөрлөл, амьтан хамгаалах чиглэлийн мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг амьтны нөөцийг хамгаалахад оролцуулах

21.1.Ан агнах зөвшөөрөл бүхий иргэн ан хийхдээ дараах шаардлагыг хангасан байна:

21.1.1.амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх;

21.1.2.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан агнуурын амьтан агнах, барих хугацааг чанд мөрдөх;

21.1.3.ан амьтан агнах, барихдаа энэ хуулийн 10 дугаар зүйлээр хориглосон арга, зэвсэг хэрэгсэл хэрэглэхгүй байх;

21.1.4.агнах амьтан нь тухайн сум, дүүргийн агнуурын бүс нутгаас тухайн жилд агнахаар зөвшөөрөгдсөн амьтдын тоо хязгаарт багтаж байх;

21.1.5.ан хийх агнуурын бүс нутгаа сум, дүүргийн байгаль хамгаалагчаар заалгасан байх;

21.1.6.агнуурын ховор загасыг зөвхөн нэг салаа сэтгүүртэй, үзүүртээ сэртэнгүй дэгээг ашиглаж, хиймэл өгөөшөөр гэмтээлгүй барьж, усанд нь буцааж тавих.

21.2.Ан хийхдээ энэ хуулийн 21.1.1-21.1.6-д заасан шаардлагыг хангаагүй иргэний анчны үнэмлэхийг энэ хуулийн 24.2-т заасан журмын дагуу хурааж, хүчингүй болгоно.

21.3.Агнуурын нөөцийг хамгаалах талаар нөхөрлөл, хуулийн этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.3.1.хариуцаж байгаа агнуурын бүс нутгийнхаа агнуурын нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу тогтвортой ашиглах, эзэмших;

21.3.2.агнуурын нөөцийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлд заасан журмыг мөрдөж ажиллах.

21.4.Агнуурын нөөцийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн байгууллага агнуурын нөөцийг хамгаалах талаар бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.4.1.агнуурын нөөц, түүний тооллого бүртгэл, агнуур зохион байгуулалтын ажлыг улс, орон нутгийн болон иргэн, хуулийн этгээдийн захиалга, хөрөнгөөр гүйцэтгэх, тэдгээрийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулах;

21.4.2.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар мэргэжлийн дүгнэлт гаргах;

21.4.3.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

21.4.4.өөрийн гүйцэтгэсэн ажлын үнэн зөвийг хариуцаж, үйл ажиллагааныхаа талаар төрийн захиргааны төв байгууллагад бичгээр тайлагнах;

21.4.5.энэ хуулийн 35.4-т заасны дагуу агнуурын байршил нутагт халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх.

21.5.Амьтны нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага агнуурын нөөцийг хамгаалах талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

21.5.1.амьтны тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, шаардлагатай тохиолдолд асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

21.5.2.амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаарх саналаа холбогдох төрийн байгууллага болон зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн болон иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргад уламжлах;

21.5.3.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулахад нөхөрлөл, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх;

21.5.4.амьтныг хайрлах ёс зүй, зан заншил, үндэсний уламжлал, хууль тогтоомжийг сурталчлах.

21.6.Төрийн захиргааны төв байгууллага амьтныг хамгаалах талаарх төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу амьтны нөөцийг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно.

22 дугаар зүйл.Агнуурын амьтны сан, түүний байршил нутгийг эзэмших, ашиглах

22.1.Агнуурын амьтны сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх унаган, нутагшсан буюу нүүдлийн агнуурын хөхтөн амьтан, шувуу, загаснаас бүрдэнэ.

22.2.Агнуурын амьтны байршил нутагт агнуурын амьтан амьдрах нөхцөл бүрдсэн газар, ой, ус хамаарна.

22.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно.

22.4.Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно.

22.5.Энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно.

22.6.Энэ хуулийн 22.4-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна.

22.7.Иргэн өөрийн өмчийн болон эзэмшлийн, хуулийн этгээд эзэмшлийн газартаа энэ хуулийн 5.3.5-д заасан технологи, норм, нормативын дагуу агнуурын амьтныг тэжээврээр үржүүлж болно.

23 дугаар зүйл.Агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох

23.1.Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт болон энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тогтоож өгсөн байна.

23.2.Агнуур зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

23.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ агнуур зохион байгуулалтыг таван жил тутамд хийлгэж, үйлдвэрлэлийн зориулалтаар агналт явуулсан тохиолдолд жил бүр тооллого хийнэ.

23.4.Агнуур зохион байгуулалтыг дараах байдлаар санхүүжүүлнэ:

23.4.1.агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасны дагуу улсын төсөв, агнуурын нөөц ашигласны төлбөрөөс;

23.4.2.иргэн, хуулийн этгээд гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа агнуурын бүс нутагтаа хийлгэх агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр.

23.5.Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

24 дүгээр зүйл.Агнуурын амьтан агнах, барих эрх, зориулалт

24.1.Агнуурын амьтны амьдрал, биологи, агнуурын уламжлалт соёлын талаар мэдлэгтэй, ан агнах, барих арга зүй эзэмшсэн, түүнтэй холбогдсон шалгуурыг хангасан иргэнд анчны үнэмлэх олгоно.

24.2.Анчны үнэмлэх олгох, хураах, хүчингүй болгохтой холбогдсон журмыг хууль зүй, байгаль орчны болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

24.3.Агнуурын амьтныг дараах зориулалтаар агнаж, барина:

24.3.1.үйлдвэрлэлийн;

24.3.2.ахуйн;

24.3.3.тусгай.

25 дугаар зүйл.Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл

25.1.Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна.

25.2.Агнуурын амьтан агнах, барих гэрээ, эрхийн бичиг, тусгай зөвшөөрлийн загварыг төрийн захиргааны төв байгууллага батална.

25.3.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно.

25.4.Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолтын загвар, олгох журам, тодорхойлолт олгогдвол зохих ан амьтан, тэдгээрийн түүхий эдийн жагсаалтыг төрийн захиргааны төв байгууллага батална.

25.5.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 26.2-т заасан агнуурын амьтны тоо хэмжээнд багтаан харьяалах нутаг дэвсгэрт агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд олгож болно.

25.6.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 25.1, 29.1-д заасан тусгай зөвшөөрөл авахын өмнө Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

26 дугаар зүйл.Агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох

26.1.Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно.

26.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 26.1-д заасан дээд хязгаарт багтаан өөрийн нутаг дэвсгэрт агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сум, дүүрэг тус бүрээр тогтооно.

26.3.Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

27 дугаар зүйл.Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих

27.1.Сумын Засаг дарга дараах болзол хангасан хуулийн этгээдтэй үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээ байгуулна:

27.1.1.сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;

27.1.2.мэргэжлийн боловсон хүчин, анчидтай байх;

27.1.3.агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтай байх.

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээнд агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээ, агнах хугацаа, газар, бэлтгэх түүхий эдийн нэр төрөл, тоо, төлбөр, хураамжийн хэмжээг тусгана.

28 дугаар зүйл.Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих

28.1.Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно.

28.2.Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийн бичигт иргэний овог, эцгийн нэр, нэр, агнах, барих агнуурын амьтны зүйл, тоо, агнах, барих хугацаа, газар, төлбөр, хураамжийн хэмжээг нарийвчлан заана.

28.3.Ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих нэг удаагийн эрхийн бичгийг Монгол Улсын иргэнд дор дурдсан хугацаагаар олгоно:

28.3.1.шувуу, тарвага агнаж, загас барихад гурав хүртэл хоног;

28.3.2.энэ хуулийн 28.3.1-д зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихад тав хүртэл хоног.

28.4.Энэ хуулийн 28.3-т заасан иргэнд нэг удаагийн эрхийн бичгээр агнах, барихыг зөвшөөрөх агнуурын амьтны тоо хэмжээ нь туурайтан амьтан нэг, тарвага тав, бусад үслэг ан нэг, хөтүү, ятуу, ногтруу шувуу тус бүр арав, ой, хээр, ус, намгийн бусад агнуурын шувуу тав, бусад агнуурын загас арван ширхгээс илүүгүй байна.

28.5.Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болно.

29 дүгээр зүйл.Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих

29.1.Тусгай төлбөр төлсөн иргэнд энэ хуулийн 24.3.3-т заасан зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.

29.2.Агнуурын амьтныг тусгай зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна:

29.2.1.агнуурын амьтныг эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар;

29.2.2.иргэн спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр;

29.2.3.нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.

30 дугаар зүйл.Ангийн буу, сумны захиалга, зарцуулалт

30.1.Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан тухайн жилд агнах агнуурын амьтны тоо, хэмжээний дээд хязгаарыг үндэслэн цагдаагийн төв байгууллага ангийн буу, сумны гадаад захиалга, хуваарилалтыг төлөвлөж хэрэгжүүлнэ.

30.2.Ангийн буу, сумыг захиалах, худалдах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага хянаж, зохион байгуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - АМЬТНЫ МЭДЭЭЛЛИЙН САН, ТӨЛБӨР, САНХҮҮЖИЛТ[edit]

31 дүгээр зүйл.Амьтны мэдээллийн сан

31.1.Амьтны мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

31.1.1.амьтны тархац нутаг, нөөц, түүний үнэлгээ;

31.1.2.амьтны судалгааны тайлан, мэдээ баримт;

31.1.3.амьтны цуглуулга, лабораторид хадгалсан үр хөврөл;

31.1.4.амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах арга хэмжээний мэдээ;

31.1.5.агнуурын амьтны тархац, нягтаршлыг аймаг, нийслэлээр харуулсан зураг.

31.2.Амьтны мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

32 дугаар зүйл.Амьтан ашигласны төлбөр, агнуурын амьтан агнах, барих төлбөр, хураамж

32.1.Иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах, барихад төлбөр, хураамж төлнө.

32.2.Амьтан агнах, барих болон ашигласны төлбөр, хураамжийн хэмжээ, түүнийг төлөх, төлбөр, хураамжаас хөнгөлөх, чөлөөлөх журмыг хуулиар тогтооно.

33 дугаар зүйл.Амьтныг хамгаалах арга хэмжээний санхүүжилт

33.1.Амьтныг хамгаалах арга хэмжээг улс, орон нутгийн төсөв, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэг, олон улсын тусламж, хандивын хөрөнгөөс санхүүжүүлнэ.

33.2.Нэн ховор, ховор амьтны нөөц, тархцыг тогтоох, хамгаалах ажлын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

33.3.Нэн ховор амьтнаас бусад амьтныг хамгаалах арга хэмжээг дор дурдсан байдлаар санхүүжүүлнэ:

33.3.1.иргэн, хуулийн этгээдийн гэрээгээр ашиглаж, эзэмшиж байгаа нутгийн амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг тухайн газар ашиглагч, эзэмшигчийн хөрөнгөөр;

33.3.2.амьтныг ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд тухайн амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр.

ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ[edit]

34 дүгээр зүйл.Амьтны жам ёсны эрхийг хүндэтгэж, энэрэнгүй хандах

34.1.Амьтныг өмчлөх, эзэмших, ашиглах, агнуур хийх үйл ажиллагааг явуулахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн энэрэнгүй ёсоор хандана.

34.2.Амьтныг агнах, барих, тавих, арчилж тордох, ачиж тээвэрлэхдээ эрүүл ахуй, осол аюулгүйн шаардлагыг хангасан арга технологи, багаж хэрэгсэл, байр сав, тохиромжтой цаг хугацаа, зориулалтын тоноглосон тээврийн хэрэгсэл ашиглаж, мэргэшсэн хүмүүсийг ажиллуулна.

34.3.Амьтныг тэжээврээр үржүүлэхдээ ашиг шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор үржил селекцид оруулж, генийн өөрчлөлттэй болгосон тохиолдолд байгальд нь буцаан тавихыг хориглоно.

35 дугаар зүйл.Амьтны тоо толгойг зохицуулах

35.1.Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно.

35.2.Амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээг бусад амьтны зүйлд гэм хор учруулахгүй, амьдрах орчин, хэвийн өсөлт, үржилтийг алдагдуулахгүйгээр хэрэгжүүлнэ.

35.3.Ховор амьтны тоо толгойг зохицуулах шаардлагаар сийрэгжүүлэх агналт явуулах зөвшөөрлийг эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага олгож, мэргэжлийн байгууллага хэрэгжүүлнэ.

35.4.Хүн, амьтны эрүүл мэндэд гоц аюултай тахал, галзуу, бусад халдварт өвчин тараадаг болон хэт олширч байгаль орчинд хөнөөл учруулдаг аюултай амьтны зүйлтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

36 дугаар зүйл.Амьтныг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах

36.1.Нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах зөвшөөрлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу Засгийн газар олгоно.

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан амьтнаас бусад амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан амьтнаас бусад амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Генетик нөөцийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.3.Амьтныг гадаад улсаас оруулах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.

36.4.Харь амьтныг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр нутагшуулах, өсгөж үржүүлэхийг хориглоно.

36.5.Харь амьтныг ашиглах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

36.6.Энэ хуулийн 36.1, 36.2-т заасны дагуу амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, сорьц дээжийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

37 дугаар зүйл.Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

37.1.Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

37.2.Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.

37.3.Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.

37.4.Ан амьтан агнах эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, түүнчлэн зөвшөөрөлгүй ан амьтан агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдуулна.

38 дугаар зүйл.Зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах

38.1.Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

39 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

39.1.Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчиж зөвшөөрөл, гэрчилгээ олгосон нь гэмт хэргийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

39.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.

Public domainPublic domainfalsefalse