Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хууль (1940)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙГМИЙН БАЙГУУЛАЛТ
[edit]Нэгдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол эзэрхэг түрэмгийг ба феодалын дарлалыг устгасан цаашид нийгэм журамд давшин орохын учир улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин /малчин, ажилчин, оюутан/ ардын тусгаар тогтносон улс мөн болно.
Хоёрдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын улс төрийн үндэс бол феодалын байгууллыг унагааж, ард түмнээс улсын засгийн эрхийг байлдан олж, феодалууд /хан, ван, гүн, тайж, хутагт, хувилгаад/-аас өргөн олон ард түмэнд учруулж байсан улс төр, эдийн засгийн дарлал мөлжил, эрх ямба болон дураар эзэрхэх явдлыг устгасны үрээр үүссэн хөдөлмөрчин /малчин, ажилчин, оюутан/ ардын хурлууд болно.
Гуравдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн бүх эрх нь хөдөлмөрчдийн хурлаар уламжлагдан хот, хөдөөгийн хөдөлмөрчдийн мэдэлд байна.
Дөрөвдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хөрөнгөтний бус замаар хөгжиж, цаашид нийгэм журамд шилжин орох явдал бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аж ахуй, соёл, боловсрол болон улс нийтийн аж байдлыг өөрчлөн зохиох төлөвлөгөөг биелүүлэх явдлаар хангагдах үүнд: хөдөлмөрчин ардын аж ахуйг бүхий л аргаар хөгжүүлэн сайжруулахад улсаас тэтгэх, хөдөлмөрчин ардуудын сайн дурын хамтарсан нэгдлүүдэд улсаас туслах хийгээд машинаар өвс хадах, морин станцуудыг хөгжүүлэх, тус улсын дотор мал аж ахуй, аж үйлдвэр, харилцаа холбоо, тээврийг хөгжүүлэх явдлаар хангагдана.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын аж ахуйн хөгжилтийг нийгмийн баялгийг нэмэгдүүлэх, хөдөлмөрчдийн аж байдал, соёл боловсролыг ухралтгүйгээр өрнүүлэх, үндэсний тусгаар тогтносон байдал ба улс орныг батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэх явдлын тусад тохируулан биелүүлнэ.
Тавдугаар зүйл
Бүх газар шороо ба түүний хөрсөн дорхи зүйлүүд, ой мод, ус ба тэдгээрийн баялаг, фабрик, завод, төмөрлөгийн уурхай, алт боловсруулах явдал, төмөр, авто тээврийн зам, усан ба агаарын тээвэр, холбоо харилцааны хэрэгсэл, банк, машинаар өвс хадах станц, улсын аж ахуйнууд нь улсын өмч буюу нийт ардын хөрөнгө мөн болно. Эдгээрийг өмчийн хөрөнгө болгож үл болно.
Зургадугаар зүйл
Ард иргэнээс мал ба хөдөө аж ахуйн багаж зэвсэг хийгээд үйлдвэрлэлийн бусад багаж зэвсэг, түүхий эд, мөн боловсруулсан үйлдэхүүн, орон сууц, хашаа, барилга, гэр хогшил, орлого зэргийг өмчлөх эрх ба түүнчлэн хувийн өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална.
Долдугаар зүйл
Хоршооллын байгууллагууд ба ардын нэгдлүүдийн нийгмийн газрууд нь бүх тоноглол, багаж хэрэгслэл, тэдгээрийн үйлдэж байгаа үйлдэхүүн, түүнчлэн сайн дураар нэгдсэн хөрөнгө хогшил, мал, хөдөө аж ахуйн багаж зэвсэг, нийтийн барилгуудын хамтаар эдгээр хоршоолсон байгууллагууд ба ардын нэгдлүүдийн нийгмийн өмч болно.
Наймдугаар зүйл
Газар бол улсын өмч буюу нийт ардын хөрөнгө болох тул ард иргэн ба хөдөлмөрчдийн сайн дурын нэгдлүүдэд бэлчээр буюу тариалангийн газрыг үнэ төлбөргүйгээр олгоно.
Есдүгээр зүйл
Шударга бөгөөд үнэнчээр хөдөлмөрлөх хөдөлмөр бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын аж ахуйг хөгжүүлэн, хөдөлмөрчин олны аж байдлыг бэхжүүлэх явдлын үндэс бөгөөд хөдөлмөрийн чадвар бүхий ард нэг бүрийн хүндэт үүрэг мөн болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - УЛСЫН БАЙГУУЛАЛТ
[edit]Аравдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмнөөс засгийн дээд эрх барих ба улсын захиргааны дээд газруудын эрхлэх хэрэг нь:
1.Олон улсын харилцах явдалд харьяат улсаа төлөөлөх ба бусад улсуудтай гэрээ байгуулах хийгээд батлах;
2.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотоод бодлого ба түүний аж ахуй, соёл, боловсролын ажил хэргийг хөгжүүлэх явдлыг ерөнхийлөн удирдах;
3.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын батлан хамгаалах явдлыг байгуулж, зэвсэгт хүчнийг удирдах хийгээд тусгаар тогтнолыг хангахад;
4.Улсын хилийг тогтоох ба өөрчлөх;
5.Байлдах ба найрамдах асуудлыг эрхлэх;
6.Үндсэн хуулийн биелэлтийг хянах;
7.Улсын засаг захиргааны хуваарийг тогтоох;
8.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын доторх яс үндэстнүүдийн улс төр, аж ахуй, соёл, боловсролын хөгжилтийг, тэдгээрийн үндэстний онцлог байдалд тохируулан хангах;
9.Гадаадын худалдааг улсын онц эрх /монополи/ болгон явуулах; ба дотоодын худалдааны явдлыг удирдах;
10.Улсыг аюулгүй байлгах явдал ба ард иргэний эрх ёс журмыг хамгаалах;
11.Улс ардын аж ахуйн төлөвлөгөөг батлах;
12.Мөнгө ба зээллэгийн явдлыг удирдах, улсын орлого, зарлагын төсвийг батлах, албан татвар хийгээд орлогыг тогтоох;
13.Улсын банк, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааны газар, албан байгууллагуудыг захирах;
14.Улсын ба түүнчлэн нийгмийн аюулаас хамгаалах ажлыг байгуулах;
15.Гадаадтай байгуулах зээллэгээг батлах ба дотоодын зээллэгээг гаргах;
16.Тээвэр ба холбоо харилцааны газруудыг удирдах;
17.Тус улсын байгалийн баялгийг хамгаалах ба ашиглах, газар шороо, ой мод, ус билчээр ба түүний баялгийг ашиглах журмыг тогтоох;
18.Мал аж ахуй ба газар тариаланг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж удирдах;
19.Жин хэмжүүрийн журмыг тогтоох;
20.Улсын тоо бүртгэл тайланг зохион байгуулах;
21.Улсын орон сууц ба нийлсэн аж ахуй болон барилга хийгээд хотын байдлыг сайжруулах зам барилгыг удирдах;
22.Улс ардын соёл, боловсрол, эрүүл мэндийг хамгаалах хэрэг ба шинжлэх ухаан, биеийн тамирын байгууллагуудыг удирдах;
23.Шүүх, прокурорын байгууллагуудыг байгуулах;
24.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын одон тэмдэг, хүндэт үнэмлэх, цол шагнах;
25.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэний тухай хууль гаргах;
26.Өршөөл, уучлал үзүүлэх тухай тогтоол гаргах.
Арван нэгдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Завхан, Ховд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Увс аймгууд, Улаанбаатар хотоор бүрдэл болж тогтоно.
Арван хоёрдугаар зүйл
Аймгууд нь сумдад хуваагдах ба сумууд нь багуудад хуваагдана. Улаанбаатар хот нь хороодод, хороод нь хорьдод хуваагдана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - УЛСЫН ИХ ХУРАЛ
[edit]Арван гуравдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн дээд эрхийг барих газар нь Улсын Их Хурал болно.
Арван дөрөвдүгээр зүйл
Улсын Их Хурал бол хот ба аймгийн хурлуудаар хүн амын 1500 хүн тутмаас нэг төлөөлөгчөөр сонгогдсон хот, аймгийн хөдөлмөрчин ард олон ба ардын хувьсгалт цэргийн албан хаагчдын төлөөлөгчдөөс байгуулагдана.
Арван тавдугаар зүйл
Улсын Их Хурлыг Улсын Бага Хурлаас гурван жилд нэгэн удаа зарлан хуралдуулна. Улсын онц их хурлыг Бага Хурлын үзэмжээр буюу бүх хүн амын гуравны нэг хувиас доош бусыг төлөөлөн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын шаардсанаар зарлан хуралдуулна.
Арван зургадугаар зүйл
Улсын Их Хурлаас дангаар эрхлэх хэргүүд нь:
1.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг батлах ба өөрчлөх;
2.Гадаад, дотоодын улс төрийн бодлогын талаар үндсэн зарчим ба арга хэмжээнүүдийг тогтоох;
3.Бага Хурлын гишүүдийг сонгох.
Арван долдугаар зүйл
Улсын Их Хурлын чөлөө завсар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн дээд эрхийг Улсын Бага Хурал барина.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - БАГА ХУРАЛ БА БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД
[edit]Арван наймдугаар зүйл
Бага Хурлыг Их Хурлаас хүн амын 10000 хүн тутмаас нэг гишүүнээр хэмжээ тогтоон 3 жилийн хугацаагаар сонгоно.
Арван есдүгээр зүйл
Бага Хурлын эрхлэх хэргүүд нь:
1.Улсын Их Хурлыг зарлан хуралдуулах;
2.Сайд нарын Зөвлөлийг байгуулах, шинээр байгуулагдсан яамд ба улсын төвийн байгууллагуудыг батлах, өөрчлөх хэргийг эрхэлнэ.
3.Шалтгаан тохиолдвол Сайд нарын Зөвлөлийн тогтоол ба тушаалыг хүчингүй болгоно;
4.Бага Хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан хууль, дүрмүүдийг батлах;
5.Улсын орлого, зарлагыг хянах ба батлах;
6.Бага Хурлын Тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн илтгэлүүдийг сонсох ба улс төр, аж ахуй, соёл боловсролын байгууллын асуудлуудыг хянан хэлэлцэх;
7.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийг сонгох;
8.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурорыг томилох.
Хорьдугаар зүйл
Бага Хурлын тогтмол хурлыг жилд нэг удаа зарлан хуралдуулна. Тогтмол бус онц Бага Хурлыг Бага Хурлын Тэргүүлэгчдийн хувийн санаачилгаар ба түүнчлэн Бага Хурлын гишүүдийн гуравны нэг хувиас доошгүйгийн шаардлагаар зарлан хуралдуулна.
Хорин нэгдүгээр зүйл
Бага Хурал нь өдөр тутмын байнгын ажлыг эрхлүүлэхээр өөрийн гишүүд дотроос долоон Тэргүүлэгчийг сонгох, үүнд дарга, даргын орлогч, нарийн бичгийн дарга ба дөрвөн гишүүн байна.
Хорин хоёрдугаар зүйл
Бага Хурлын Тэргүүлэгчид болбоос Бага Хурлын чөлөө цагт улсын засгийн дээд байгууллага мөн болно.
Хорин гуравдугаар зүйл
Бага хурлын Тэргүүлэгчид нь:
1.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг ажил хэрэг дээр биелүүлэх ба Улсын Их ба Бага Хурлын тогтоолуудын гүйцэтгэлд хяналтыг тавих;
2.Бага Хурлыг зарлан хуралдуулах;
3.Бага Хурлаас батлах хүртэл шинэ хуулийг гаргах ба дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад тайлбар өгөх;
4.Шалтгаан тохиолдвол Сайд нарын Зөвлөлийн тогтоолыг зогсоох ба тэдгээрийг өөрчлөх тухай саналыг Бага Хуралд оруулан тогтоолгох;
5.Дараагийн Бага Хуралд оруулан батлуулах хүртэл Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаас оруулан ирүүлснээр зарим яамдын сайдыг ажлаас нь чөлөөлөх ба томилох;
6.Ялыг өршөөл үзүүлэх тухай тогтоол гаргах ба уучлах эрхийг биелүүлэх;
7.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын одон тэмдэг ба хүндэт үнэмлэх хийгээд алдар цолоор шагнах;
8.Гадаад Улсаас тус улсад суухаар томилогдсон дипломат төлөөлөгчдийн итгэмжлэх бичиг ба татагдсан бичгийг тус тус хүлээн авах;
9.Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас гадаад улсуудад суух бүрэн эрх барих төлөөлөгчдийг томилох ба татах;
10.Бусад улсуудтай байгуулсан гэрээ бичиг ба хэлэлцээг батлах;
11.Бага Хурлын чөлөө цагт хэрэв Бүгд Найрамдах Монгол Ард Улсад дайнаар довтлох буюу эсвэл харилцан туслалцаж дайран довтлогчдоос хамгаалалцахаар олон улсын хооронд тогтоосон гэрээний үүргийг гүйцэтгэх учир тохиолдвол Бага Хурал нь дайн бүхий байдлыг зарлах;
12.Цэргийг нийтээр буюу заримыг дайчлах явдлыг зарлах;
13.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат болгон авах явдлыг биелүүлэх;
14.Шалтгаан тохиолдвол орон нутгийн хурлуудын тогтоолыг хүчингүй болгох.
Хорин дөрөвдүгээр зүйл
Бага Хурлын Тэргүүлэгчид нь өөрийн бүх ажил явууллагын тухай тайлан илтгэлийг Бага Хуралд гаргана.
Хорин тавдугаар зүйл
Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга нь Бага Хурал дээр даргалах ба түүний дотоод журмыг эрхлэх.
Хорин зургадугаар зүйл
Бага Хурлын гишүүдийг Бага Хурлын буюу мөн Бага Хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр хуулийн хариуцлагад татах буюу баривчлан авч үл болно.
ТАВДУГААР БҮЛЭГ - БҮгд Найрамдах Монгол Ард УлсынСАЙД НАРЫН ЗӨВЛӨЛ
[edit]Хорин долдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн гүйцэтгэх ба захирах дээд газар нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл болно.
Хорин наймдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл нь өөрийн ажил явууллагад Улсын Их Хурал ба Бага Хурлын өмнө хариуцлагыг хүлээх бөгөөд харин хурлуудын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчдийн өмнө хариуцна.
Хорин есдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл бол дагаж шийтгүүлэн байгаа хуулиудыг баримталж, тэдгээрийг биелүүлэн гүйцэтгэхийн тулд тогтоол, тушаалуудыг гаргах ба эдгээрийн гүйцэтгэлийг шалгана.
Гучдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан тогтоол, тушаалуудыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх дэвсгэр дотор заавал дагаж гүйцэтгүүлбэл болно.
Гучин нэгдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл нь:
1.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын яам ба шууд харьяалагдах бусад байгууллагуудын ажил хэргийг нэгтгэх ба эрхлэн жолоодно;
2.Ардын аж ахуйн төлөвлөгөө ба улсын ба орон нутгийн орлого; зарлагын төсвийг биелүүлэх хийгээд албан татвар, зээллэгийн явдлыг биелүүлэх тухай арга хэмжээнүүдийг гүйцэтгэнэ;
3.Гадаад улстай харилцах явдлын ерөнхий удирдлагыг өгч гүйцэтгэнэ;
4.Батлан хамгаалах ба тус улсын зэвсэгт хүчний байгуулалтад ерөнхий удирдлагыг өгч гүйцэтгэх ба цэргийн жинхэнэ албанд татагдах хүмүүсийн жил жилийн тоог тогтоох;
5.Нийгмийн хэв ёсыг хангах ба улсын ашиг тус хийгээд ард иргэний хувийн ба хөрөнгө хогшил, эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авч гүйцэтгэнэ;
6.Аймгуудын ба Улаанбаатар хотын захиргаа хийгээд бусад орон нутгийн хөдөлмөрчин ардуудын хурлууд болон тэдгээрийн тэргүүлэгчдийг шууд удирдан жолоодно;
7.Сайд нарын Зөвлөлд шууд харьяалагдсан газрууд ба яамд хийгээд орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын тушаал заавар, тогтоол шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох;
8.Хэрэг тохиолдвол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дэргэд соёл, боловсрол, аж ахуйн ажил явууллагыг эрхлэх төв газруудыг байгуулна;
9.Улсын засаг захиргаа ба албан газруудад хэрэглэх сүлд бүхий тамга, тэмдэг хийлгэх зөвшөөрлийг олгож, түүний хэв маягийг батална.
Гучин хоёрдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийг Бага Хурлаас байгуулах бөгөөд үүнд:
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд;
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч нар;
Төлөвлөгөө ба тоо бүртгэл, хянан шалгах газрын дарга;
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын яамны сайдууд орно.
Гучин гуравдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор дор дурдсан яамдууд ажиллана.
1.Цэргийн яам;
2.Гадаад яам;
3.Мал ба газар тариалангийн яам;
4.Аж үйлдвэр ба барилгын яам;
5.Зам тээврийн яам;
6.Худалдааны яам;
7.Сангийн яам;
8.Дотоод яам;
9.Гэгээрүүлэх яам;
10.Эрүүлийг хамгаалах яам;
11.Шүүх яам.
Гучин дөрөвдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлд шууд захирагдах газрууд нь:
1.Төлөвлөгөө ба тоо бүртгэл, хянан шалгах газар;
2.Харилцаа холбооны ерөнхий хороо;
3.Уран сайхны хүрээлэн;
4.Шинжлэх ухааны хүрээлэн;
5.Улсын хэвлэлийн төв газар;
Гучин тавдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын яамдын сайдууд ба улсын төв байгууллагын удирдагчид нь өөрт оногдсон улсын албан байгууллагуудын салаа мөчрийг удирдах бөгөөд тухайн эрхэлсэн хэргийн чанар байдал ба ажил явууллага дээр Сайд нарын Зөвлөлийн өмнө дүүрэн хариуцлагыг хүлээнэ.
Гучин зургадугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын яамдын сайдууд ба улсын төвийн байгууллагын удирдагчид нь өөр өөрийн эрхлэх хэмжээний дотор тушаал, зааврыг гаргах бөгөөд мөн түүний гүйцэтгэлийг шалган үзнэ.
Тушаал, зааврууд нь дагаж шийтгүүлэн байгаа хуулийг биелүүлэх ба мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоол, тушаалыг биелүүлэх үндсэн дээр гарна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ - УЛСЫН ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ЭРХИЙГ БАРИХ БАЙГУУЛЛАГУУД НЬ
[edit]Гучин долдугаар зүйл
Аймгууд ба Улаанбаатар хот хийгээд сум, баг, хороо, хорины эрхийг барих дээд байгууллагууд нь хөдөлмөрчин ардын хурлууд болно.
Гучин наймдугаар зүйл
Аймаг, хот, сум, хорооны хурлуудын тус тусын доод хурлуудаас сонгогдсон төлөөлөгчдөөр байгуулагдана. Үүнд: Улаанбаатар хотод бол 200 хүн ам тутмаас нэг төлөөлөгч, аймгуудад бол 400 хүн ам тутмаас нэг төлөөлөгч, сум, хороодод бол 50 хүн ам тутмаас нэг төлөөлөгчийг тус тус сонгоно. Сумууд ба хорьдын хурлууд нь баг, хорины бүх сонгуулийн эрх бүхий хүмүүсээр байгуулагдана.
Гучин есдүгээр зүйл
Аймгууд ба Улаанбаатар хотын хөдөлмөрчин ардын тогтмол их хурлууд нь 3 жилд нэг удаа хуралдана. Сум, хороо, баг, хорины хөдөлмөрчдийн тайлан илтгэлийн сонгуулийн тогтмол их хурлууд нь жилд 1 удаа хуралдана. Тогтмол бус хурлуудыг аймаг, хот, сум, хороо, баг, хорьдын бүх сонгуулийн эрхтэй хүмүүсийн хагас хувиас доош бус буюу мөн хурлаар сонгогдсон засаг захиргааны байгууллагын гуравны хоёр хувиас доошгүй нь шаардах буюу мөн түүнчлэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даалгавраар зарлан хуралдуулна.
Дөчдүгээр зүйл
Аймгууд, Улаанбаатар хот, сум, хороо, хорин, багуудын хурлууд нь өөрийн харьяа засаг захиргааны байгууллагуудын тайлан илтгэлийг сонсох, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг сонгох, мөн өөрийн дээд байгууллагын хуралд очих төлөөлөгчдийг сонгоно.
Дөчин нэгдүгээр зүйл
Аймгууд болон Улаанбаатар хотын хурлуудын завсар цагт аймгууд ба Улаанбаатарт засаг захиргааны эрх барих дээд байгууллага нь аймгууд ба Улаанбаатар хотын хөдөлмөрчин ардын их хурлуудаас 3 жилийн хугацаагаар 1000 хүн тутмаас нэг гишүүнээр сонгогдсон бага хурлууд болно.
Дөчин хоёрдугаар зүйл
Аймгууд ба Улаанбаатар хотын бага хурлууд нь жилд хоёр удаа хуралдана.
Дөчин гуравдугаар зүйл
Өдөр тутмын тогтмол ажлыг явуулахын тулд аймгууд ба Улаанбаатар хотын бага хурлууд нь өөрийн гишүүдийн дотроос 7-13 хүртэл хүмүүсээр тэргүүлэгчдийг сонгох. Үүнд: дарга, орлогч дарга ба гишүүдээс тус тус бүрэлдүүлэн сонгоно.
Дөчин дөрөвдүгээр зүйл
Сум, хороо ба баг, хорьдын хөдөлмөрчин ардын хурлуудын гүйцэтгэх захирах байгууллагууд нь мөн хурлуудаар 3-13 хүртэл хүмүүсээр 1 жилийн хугацаагаар сонгогдсон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болох бөгөөд үүний бүрэлдэхүүн нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, захиргааны гишүүд болно.
Захиргааны дарга нар нь бүхий л ажил хэргүүдийг удирдах хийгээд захиргаадын хурлуудыг зарлан хуралдуулах ба мөнхүү хурлуудыг удирдан даргална.
Дөчин тавдугаар зүйл
Аймгууд ба Улаанбаатар хотын бага хурлууд хийгээд тэдгээрийн тэргүүлэгчид /аймаг, хотын захиргаад/, сум, хороодын захиргаад нь:
1.Өөрийн нутаг дэвсгэр дээр соёл, боловсрол, улс төр, аж ахуйн байгуулалтыг удирдах;
2.Орон нутгийн төсөв тогтоох;
3.Өөрийн харьяа засаг захиргааны байгууллагуудын ажил хэргийг удирдах;
4.Улсын ёс журмыг хамгаалж хуулийг сахин, ард иргэний эрхийг хамгаалах явдлыг хангах;
5.Засаг захиргааны эрх барих доод байгууллагуудын тогтоол ба тушаалууд нь хэрэв Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад харштай байвал хүчингүй болгоно.
Дөчин зургадугаар зүйл
Аймгууд, Улаанбаатар хотын бага хурлууд ба тэдгээрийн тэргүүлэгчид, сум, хороо, баг, хорьдын захиргаад нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээний дотор шийдвэр, тушаал гаргана.
Дөчин долдугаар зүйл
Аймгууд, Улаанбаатар хотын бага хурлуудын тэргүүлэгчид хийгээд сум, хороо, баг, хорьдын захиргаад нь өөрийн сонгогдсон хурал ба мөнхүү засаг захиргааны дээд байгууллагын өмнө шууд тайлангаа гаргаж хариуцна.
Дөчин наймдугаар зүйл
Аймгууд ба Улаанбаатар хотын бага хурлын тэргүүлэгчид нь хэлтсүүдтэй байх. Үүнд:
1.Мал аж ахуй, газар тариалангийн хэлтэс;
2.Санхүүгийн хэлтэс;
3.Эрүүлийг хамгаалах хэлтэс;
4.Ардын гэгээрлийн хэлтэс;
5.Цэргийн хэлтэс болно.
ДОЛДУГААР БҮЛЭГ - ШҮҮХ БА ПРОКУРОРЫН ГАЗАР
[edit]Дөчин есдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсад шүүх таслах хэргийг Улсын дээд шүүх таслах газар, аймаг, Улаанбаатар хотын хотын шүүх таслах газар, аймгийн шүүх анги, нутгуудад ардын шүүх таслах газраас гүйцэтгэнэ.
Тавьдугаар зүйл
Аливаа шүүх таслах газруудаас хэргийг таслахдаа хэрэв хуульд зориуд заасан хэрэг биш бол байнга суух шүүн таслагчаас ардын төлөөлөгчийг оролцуулан гүйцэтгэж байх.
Тавин нэгдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх таслах газар бол шүүх таслах байгууллагуудын дээд байгууллага болно. Дээд шүүх таслах газар бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүхийлэн шүүх таслах газрын шүүх таслах хэрэг ажлыг байцаан хянана. Дээд шүүх таслах газар нь улсын прокурорын хянан таслуулахаар шилжүүлсэн ихээхэн чухал хэргүүдийг хянан шийдэх бөгөөд мөн ч шүүхийн доод байгууллагуудаар таслагдсан хэргийг гомдол ба эсэргүүцлийг баримталж өөрчлөх ба байцаан хянах журмаар тасална.
Тавин хоёрдугаар зүйл
Дээд шүүх ба тусгай шүүх таслах газруудын дарга, гишүүдийг Улсын Бага Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
Тавин гуравдугаар зүйл
Хот, аймаг, анги, нутгийн ардын шүүх таслах газруудыг хот ба аймгийн бага хурлуудаар гурван жилийн хугацаагаар сонгоно.
Тавин дөрөвдүгээр зүйл
Хэргийг таслахдаа монгол хэл дээр буюу эсвэл үндэсний хэл дээр энэхүү хэлийг үл мэдэх хүмүүст уг хэргийн материалыг хэлмэрчээр дамжуулан бүрэн таниулж таслах явдлыг хангах бөгөөд мөн шүүх таслах хурал дээр үндсэн хэл дээр үг хэлэх эрхтэй байна.
Тавин тавдугаар зүйл
Шүүх таслах газар бүхэнд хэргийг таслахдаа илээр явуулах бөгөөд хэрэгтэн хүнд өмгөөлөх эрхийг эдлүүлнэ.
Хуулиар тусгайлан үзсэн хэрэг тохиолдох ахул шүүх таслах хурлыг далд явуулж болно.
Тавин зургадугаар зүйл
Шүүгч нь аливаа хэрэг таслахдаа бусдад хамаарагдахгүй, гагцхүү хуульд захирагдана.
Тавин долдугаар зүйл
Бүх яамд ба төв орон нутгийн албан байгууллагууд хийгээд тэдгээрийн харьяат газрууд, мөн албан тушаалын хүмүүс ба ард нийтээс хууль цаазыг нарийнаар биелүүлж байгаа явдлыг байцаан хянах туйлын үүргийг улсын прокурор /хууль сахигч/ хүлээнэ.
Тавин наймдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын прокурорыг Улсын Бага Хурлаас таван жилийн хугацаагаар томилно.
Тавин есдүгээр зүйл
Хот, аймаг, сум, багийн хэмжээн дээр прокурорын байцаан хянах явдлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын прокуророос дөрвөн жилийн хугацаагаар томилсон хот, аймгийн прокуророос биелүүлнэ.
Жардугаар зүйл
Орон нутаг дахь прокурорууд өөрийн ажлыг орон нутгийн ямар ч байгууллагад захирагдахгүй явуулах бөгөөд гагцхүү улсын прокурорт захирагдана.
НАЙМДУГААР БҮЛЭГ - БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ОРЛОГО, ЗАРЛАГА
[edit]Жаран нэгдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх санхүүгийн бодлого нь өргөн олон хөдөлмөрчин ардын аж амьдралын байдлыг сайжруулах, мөлжигч этгээдийг шийдвэртэйгээр хязгаарлах ба шахан зайлуулах хийгээд мөн үүний хамтад хөдөлмөрчин олон түмний эрх чөлөөг батжуулан бэхжүүлэх ба тус улсын, улсын батлан хамгаалах чадал хүчнийг бүхий л аргаар бэхжүүлэх явдалд чиглэгдэнэ.
Жаран хоёрдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын орлого, зарлагыг бүх улсын орлого, зарлагын төсөвт нэгтгэвэл зохино.
Жаран гуравдугаар зүйл
Улсын орлого, зарлагын төсвийн Сангийн яамнаас эрхлэн зохиож, Сайд нарын Зөвлөл хянан үзнэ. Сайд нарын Зөвлөлөөс зөвшөөрөгдсөн орлого, зарлагын төсвийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хуралд оруулан батлуулна.
Жаран дөрөвдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурал нь орлого, зарлагын төсвийн комиссыг сонгон байгуулах бөгөөд тэрхүү комисс нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын орлого, зарлагын төсвийн тухай өөрийн санал, шийдвэрийг Улсын Бага Хуралд илтгэнэ.
Жаран тавдугаар зүйл
Улсын орлого, зарлагын төсөвт үл орсон буюу эсвэл Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид буюу Сайд нарын Зөвлөлийн тусгай тогтоолгүйгээр улсын мөнгөн хөрөнгийг ямар нэгэн зүйлд зарцуулж үл болно.
Улсын орлого, зарлагын төсөвт багтаан заасан мөнгөн хөрөнгийг зарцуулахдаа түүнийг шууд зориулсан зүйлд тогтоосон төсвийн хэмжээн дотор багтаан зарцуулна.
Жаран зургадугаар зүйл
Улсын Бага Хурал нь улсын ба орон нутгийн улсын орлого, зарлагын төсвийн хоорондох орлогын хуваарийг гаргана.
Жаран долдугаар зүйл
Албан татварын хуулийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс тогтоон явуулах бөгөөд дараагаар нь Улсын Бага Хуралд оруулан батлуулна. Бусад ямар нэгэн байгууллагууд нь аливаа нэгэн албан татваруудыг тогтоон явуулах эрхгүй болно.
Жаран наймдугаар зүйл
Сумдын орлого ба зарлагын төсвийг аймгийн бага хуралд буюу түүний тэргүүлэгчдээс мөн хороодын төсвийг Улаанбаатар хотын бага хурлаас буюу түүний тэргүүлэгчдээс, аймгуудын ба Улаанбаатар хотын төсвийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс тус тус батална.
Жаран есдүгээр зүйл
Улсын орлого, зарлагын төсвийн гүйцэтгэлийн тухай тайланг Сайд нарын Зөвлөлөөс хянан үзсэний дараа хурлаас батална.
ЕсдҮгээр бҮлэг - БҮгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн журам
[edit]Далдугаар зүйл
Засаг захиргааны бүхийлэн байгууллагуудын хурал дээр ил сонгуулиар гүйцэтгэнэ. Хурлын төлөөлөгч нэг бүр нь засаг захиргааны гүйцэтгэх байгууллагад орох гишүүд ба харьяа дээд байгууллагын хурлын төлөөлөгчид хэнийг сонгох өөрийн саналыг оруулах эрхтэй болно. Тийнхүү сонгуулахаар оруулсан хүмүүс тус бүрийг хурал дээр гар өргөж батлахын өмнө заавал хэлэлцвэл зохино. Хуралд суугчид нэг бүр тийнхүү сонгохоор оруулсан хүнийг сонгох эсэх тухай чөлөөтэйгөөр саналаа гаргах эрхээр хангагдана. Сонгохоор төлөвлөн оруулсан хүмүүсээс олонхийн саналыг авсан нь сонгогдсонд тооцогдоно.
Далан нэгдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат 18 насанд хүрсэн бүх ард иргэд эрэгтэй, эмэгтэй, шашин шүтлэг, яс үндэс, эрдэм чадвар, нүүдлийн буюу суурьшлын байдал, хөрөнгийн байдлыг ялгаварлахгүй, гагцхүү ашиг олж хураах зорилгоор хөлсний хүчийг ашиглагчид ба мөнгө хүүлэгчид урьдын хутагт хувилгаад, дээд лам нар, жинхэнэ засаг ба засаг бус хан, ван, бэйл, бэйс, гүн түүнчлэн албад хамжлагатай байсан бөгөөд тэрхүү хамжлагаа хатуу чангаар дарлан захирч явсан тайж нар, хошуу, шавь захирч байсан түшмэд, нөлөө бүхий бөө удган, цагаан цэрэгт ба хувьсгалын эсэргүү бослогод идэвхтэйгээр оролцогсод ухаан мэдрэл эвдрэгсэд хийгээд шүүх таслах газрын тогтоолоор сонгуулийн эрхээ хасагдаж шийтгүүлсэн хүмүүсээс бусад нь сонгуульд оролцох, сонгогдох эрхтэй болно.
Далан хоёрдугаар зүйл
Бүхийлэн сонгогчид нь сонгуулийг явуулахад нэгэн адил тэгш эрхтэй бөгөөд нэгэн сонгогч нь нэгэн хүний эрх саналтай болно. Цэргийн албан хаагчид нь бүх ард иргэнтэй нэгэн адил сонгуулийн эрхтэй болно.
Далан гуравдугаар зүйл
Эмэгтэйчүүд нь эрэгтэй хүнтэй нэг адил сонгох ба сонгогдох бүрэн эрхтэй байна.
Далан дөрөвдүгээр зүйл
Сонгуулийг явуулахын тулд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс баталж гаргасан заавар, дүрмийн ёсоор ажиллах төвийн ба орон нутгийн сонгуулийн комисс байгуулагдана.
АРАВДУГААР БҮЛЭГ - АРД ИРГЭНИЙ ҮНДСЭН ЭРХ БА ҮҮРГҮҮД
[edit]Далан тавдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль бол ард түмнээс байлдан олсон мал аж ахуйг туйлд нь хүртэл хөгжүүлэх зорилтоор бэлчээрийг үнэ төлбөргүйгээр ашиглах, түүнчлэн ард иргэдээс өөрийн эрдэм чадал ба ажил хөдөлмөрийг улсын бүхийлэн төрлийн аж ахуй, соёл, боловсролын байгуулалтад оролцуулах эрхүүдийг бататгана.
Далан зургадугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэд амрах эрхтэй болно. Энэхүү эрх нь ажилчин ба албан хаагчдын өдрийн ажлын хэмжээг найман цагаар хязгаарласан ба ажилчин албан хаагчдад жил бүр амралтын чөлөө олгохдоо цалин хөлсийг хэвээр олгон, бас хөдөлмөрчин ардуудыг амруулах, эмчлэн сувилах орон газрууд ба театр клубийг өргөн олноор байгуулах явдлаар хангагдана.
Далан долдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэд нь сурах эрхтэй болно. Энэхүү эрх нь үнэ төлбөргүйгээр сурах олон сургууль, техникумуудыг өргөтгөн хөгжүүлэх хийгээд сургуулиудад өөр өөрийн үндэсний хэл дээр сургах явдлаар хангагдана.
Далан наймдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын биеийн хүчнийг үнэлэх ард иргэн нь нас хөгшрөх цагт мөн түүнчлэн өвчин хүрэх буюу хөдөлмөр хийх чадвараа гээгдүүлэх ахул эдийн тусламж олох эрх эдэлнэ.
Энэхүү эрх нь нийгмийг аюулаас хамгаалах журмаар улсын бүх хөлслөн авагчдын зардлаар хангагдах ба хөдөлмөрчин ард түмэнд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүйгээр үзүүлэх хийгээд рашаан усыг дэлгэрүүлэх зэргээр хангагдах болно.
Далан есдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх ард иргэд нь яс үндсийг улсын засаг захиргаа, аж ахуй, соёл, боловсрол хийгээд улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт тэгш эрх эдэлнэ. Ард иргэдийн яс үндсийг ялгаварлаж, тэдгээрийн эрхийг ямар нэгэн аргаар шууд буюу далимдуулан хязгаарлах явдал, мөн түүнчлэн үндэстний дээрэнгүй байдал буюу дургүйцэл ба хялайн үзэл байдлыг ямар нэгэн аргаар нэвтрүүлэх явдлыг хуулиар залхаана.
Наядугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор эмэгтэйчүүд нь аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэй хүний нэгэн адил тэгш эрхийг эдэлнэ. Эдгээр эрхийг биелүүлэх бололцоо нь эмэгтэйчүүдэд эрэгтэй хүний нэгэн адил ажил хөдөлмөрийн бололцоог олгох, амрах ба аюулаас хамгаалуулах, эрдэм сурах бөгөөд эх нялхсын эрх ашгийг улсаас батлан хамгаалах ба бие жирэмсэн эмэгтэйчүүдэд зохих чөлөөг олгох, мөн энэ завсар хөлс хэрэглэлийг бүрэн дүүрэн хэвээр олгох явдлаар хангагдана. Эмэгтэйчүүдийг богтлон өгөх, насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг эхнэр болгон өгөх буюу авах, олон эхнэртэй байх явдал, сургуульд орох, түүнчлэн аж ахуй, улсын ба соёл боловсрол, улс төр, олон нийтийн ажил дор оролцох явдалд саадыг учруулах зэргээр ямар нэгэн маягаар эмэгтэйчүүдийг боолын байдлаас ангижруулан гаргах ба тэгш эрхтэй болгох явдалд саадыг учруулбал хуулиар цээрлүүлэн шийтгэнэ.
Наян нэгдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор шашин шүтлэгийг улс ба сургуулиас тусгаарласан болно. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэн нь шашин шүтэх ба шашны эсрэг суртал нэвтрүүлэх эрхтэй болно.
Наян хоёрдугаар зүйл
Хөдөлмөрчин ард түмний ашиг тусад нийлүүлж, тэдгээрийн зохион байгуулалттай бөгөөд өөрсдийн ажиллагааг хөгжүүлэх улс төрийн хэрэгт идэвхтэйгээр оролцохыг өрнүүлэхийн тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэдэд нийгмийн байгууллагад нэгдэх эрхийг хангах, үүнд: үйлдвэрчний эвлэл, хоршоолсон байгууллага, залуучуудын ба биеийн тамир, улс орныг батлан хамгаалах байгууллага, соёл, боловсролын ба техникийн хийгээд шинжлэх ухааны байгууллагуудад эвлэлдэнэ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хөдөлмөрчин /малчин, ажилчин, оюутан/ ардын дотроос аль шилдэг идэвхтэй бөгөөд учраа мэдэгсэд нь тус улсыг бэхжүүлэх ба хөрөнгөтний бус замаар хөгжүүлэхийн төлөө тэмцэлд хөдөлмөрчин ардын тэргүүнд явах хэсэг бөгөөд нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намд эвлэлдэн нэгдэнэ.
Наян гуравдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэн хэн бүхэн засгийн байгууллагууд буюу эрх тушаал бүхий хүмүүсээс хууль бус ажил явууллагааг явуулбал тухайд гомдол мэдүүлгийг ам буюу бичгээр улсын зохих засаг захиргааны байгууллагууд хийгээд дээд эрхийг барих газар хүртэл чөлөөтэйгөөр өгөх эрхтэй болно.
Улсын бүх засаг захиргааны байгууллагууд ба эрх тушаал бүхий хүмүүсээс өргөдөл гомдлыг хянан үзэж, уг гомдол өргөдөл гаргагсдад зохих хариу шийдвэрийг заавал өгөх үүрэгтэй болно.
Наян дөрөвдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэн хэн бүхэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дотор өөрийн биеэр чөлөөтэйгөөр шилжин явах ба оршин суух газраа шилэн сонгох эрхтэй.
Наян тавдугаар зүйл
Хөдөлмөрчин ард түмний ашиг тусад нийлүүлэн мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын улсын байгуулалтыг бататган бэхжүүлэхийн төлөө, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэдэд хуулиар батлан олгох эрх нь:
1.Чөлөөтэйгөөр үг хэлэх;
2.Чөлөөтэйгөөр хэвлэн нийтлэх;
3.Хурал ба индрийн хурлыг чөлөөтэйгөөр явуулах;
4.Гудамжаар жагсах явах нь тус тус чөлөөтэй болно.
Наян зургадугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэдийн биед халдаж үл болох явдлыг хангана.
Шүүх таслах газрын тогтоолгүйгээр буюу хууль хамгаалагч прокурорын зөвшөөрөлгүйгээр хэн бүхнийг баривчлан хорьж үл болно.
Наян долдугаар зүйл
Ард иргэний орон сууцанд халдаж үл болохыг ба өгөлцөх авалцах захидлын нууцыг хуулиар хамгаална.
Наян наймдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэрэв ямар нэгэн гадаад улсын харьяат нар хөдөлмөрчин ард түмний ашиг тусыг хамгаалсан ба үндэстний эрх чөлөөний төлөө тэмцсэн хэрэгт оролцсоны учир хавчигдсан ахул тэдгээрт өөрийн улсад оршин суух эрхийг эдлүүлнэ.
Наян есдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэн хэн бүхэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг журамлан дагаж, хууль цаазуудыг биелүүлэн гүйцэтгэх бөгөөд ажлын сахилга батыг сахиж, тус орны аж ахуй ба соёл боловсрол, улс төрийг хөгжүүлэх явдалд бүхийлэн аргаар тусалж, нийгмийн үйлсэд үнэнчээр зүтгэвэл зохино.
Ердүгээр зүйл
Цэргийн албан хаах үүрэг бол хууль болно. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн албан хаах явдал бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэдийн хүндэт үүрэг мөн болно.
Ерэн нэгдүгээр зүйл
Эх орноо хамгаалах явдал бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэн бүхний гүйцэтгэх ариун үйлс мөн болно. Эх орноосоо урваж тангаргаа няцах, дайсны талд орох, улсын цэргийн сүр хүчинд хор хүргэх, гадаад улсын тусын тулд тагнуул хийх эдгээрийг хамгийн хүндэд хорт хэрэг хэмээн гэж үзэж хүндээр цээрлүүлэн шийтгэнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - СҮЛД ТЭМДЭГ, ТУГ, НИЙСЛЭЛ
[edit]Ерэн хоёрдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сүлд тэмдэг бол дугуй хэлбэртэй, дунд нь Монгол Улсын хангай, тал, говь нутаг дээр нарны зүг уурга бариад давхиж яваа морьтой ард байх ба дугуйн хөвөөгөөр өвс ногооны дээр хонь, үхэр, тэмээ, ямааны толгойг хоёр талд зурж, дугуйн дээд талыг дан алхан хээгээр хүрээлж, дунд нь таван хушуу тэмдэг байна. Өвс ногооны доод уулзарт улаан лент дээр “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээсэн бичиг байна.
Ерэн гуравдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уг туг төв дор улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэсэн үсэгтэй байна.
Ерэн дөрөвдүгээр зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төв нийслэл нь Улаанбаатар хот болно.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ - БҮгд Найрамдах Монгол Ард Улсын ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ
[edit]Ерэн тавдугаар зүйл
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх явдлыг Улсын Их Хурлаар гүйцэтгэх бөгөөд Их Хурлын тэргүүлэгчдийн гуравны хоёроос доош бус хувийн гар өргөж баталснаар өөрчилнө.
1940 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын VIII
Их Хурлаар батлагдав.
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |